15-20 минутанд 500-700 мянган төгрөг олох “бизнес”
Хүний амьдралд тохиолдох баяр жаргалтай мөчүүдийн нэг бол гэрлэлт. Тиймдээ амьдралд ганц тохиолдох гэрлэх ёслолын ажиллагаанд хүргэн бэрийн аав ээжүүд гар таталгүй хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө зарцуулна. Мэдээжийн хэрэг хүүгийн тал орон гэрээ, охины тал зүүн талын тавилга эд хогшило бэлдэх нь зүйн хэрэг. Харин энд талуудын хувьд төлөвлөгдөөгүй нэг зардал гарч ирнэ. Хэрэв хуримлагч талууд хүү, охиныхоо хуримын ажиллагааг ёслол төгөлдөр өрнүүлж, гэрлэх ёслолын өргөөнд орохоор болвол тодорхой зардал төлөх ёстой болно. Зардал нь дунджаар 500-700 мянган төгрөг, дээр нь хуримлагч хосууд эл өргөөний бөгжийг худалдан авах бол даруй 300-500 мянган төгрөг нэмэгдэнэ гэж байгаа. Мөнгийг нь төлсөн бол та 15-20 минутын үйлчилгээг хуримын ордноос авах эрхтэй болно.
Үүнд, гэрлэх ёслолын ордны шатаар өгсөх /угтаа энэ шат их чухал юм шиг байгаа юм/, гэрлэгч хосууд бөгж солилцох/, гэрлэлтийн баталгаанд гaрын үсэг зурах, ерөөлийн үг сонсох, бэрийн гал голомтоо асаах үйлдэл /үнэндээ гал асаах биш шүдэнз зурах үйлдэл гэж ойлговол зохилтой/, хуриманд оролцогч хүн бүр, 20 граммын аягатай сүү амсах, хорхой ааруулын хэлтэрхий идэх, шатан дээр дурсгалын зураг татуулах, тэгээд хөөгдөж гарах. Энд шат их чухал юм шиг байгаа юм. Хуримлагч хосуудын хоёр талын худ ургууд энэ шатан дээр хосуутай хамт зургаа авахуулна. Монгол ёс байна даа ядаж тавгийн ул боов, хонины ууц ч хуримын ордонд байхгүй.
Энэ бүх ажиллагааг очер дараалал багатай бол 20 орчим минутанд амжуулна, харин очер ихтэй бол 10 хүрэхгүй минутанд дуусгана. Дараагийн гэрлэгч хосууд хүрэлцэн ирж байгаа тул шатаа чөлөөлнө үү гэх эдний ажилтнуудын “соёлтойгоор” хөөх үгсийг хуримлагч хосуудын худ ургууд сонсоод мөнгөө төлчихсөн байж хэдэн зураг авхуулаад гаръя гэж уурсангүй хэлсэн ч тусыг эс олно. Зураг гэснээс хуримлагч хосын нөгөөх алдарт шатан дээр авахуулсан томоохон хэмжээтэй нэг хувь жаазтай зураг зардалд нь багтаж ирдгийг хэлэхээ мартсан байна.
Товчхондоо бол Хуримын ордныхон 10-20 минутанд 500-700 мянган төгрөг олно. Тэд SALE зарлана гэж байхгүй, импляци хэдэн хувьтай өсөх эсэх нь гэрлэх ёслолын ажиллагааны үнэд нөлөөлөхгүй. Хуримын ордонд орох мөнгө нь хэд болсон ч байсан хамаагүй, мөнгөтэй нь төлөөд орно биз гэсэн бодолтой байдаг бололтой юм билээ. Угаасаа улсдаа ганц, хамгийн том, монополь гэрлэх ёслолын ордон гэж байгаа юм чинь тэгэхээс өөр аргагүй биз. /Саянаас нээгдсэн Баянзүрх дүүргийн гэрлэх ёслолын ордонг эс тооцвол/
МОХ-ныхон их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдлээ гээд тэмцэл өрнүүлдэг юм билээ. Үүний нэгэн адил МЗХ гэрлэх ёслолын ордныхон ажиллагаа төлбөрөө үндэслэлгүй нэмлээ гээд асуудал өрнүүлмээр юм. Шинээр гэр бүл зохиож, хуримаа хийж байгаа бүх залуу хосууд энэ ордонд орох мөрөөдөлтэй байдаг ч төлбөр мөнгөнөөс нь тэр бүр заримынх нь хүсэл нь биелдэггүй нь нууц биш. Гэрлэх ёслолын ордныхон ядаж жилдээ 1-2 удаа ч юм уу амжиргааны доод түвшний хүмүүст зориулж үүд наалгаа нээсэн тохиолдол байдаг болов уу, ядарч зүдэрсэн хүмүүс, өнчир өрөөсөн хүүхдийн байгууллагад энэ байгууллагын зүгээс туслалцаа үзүүллээ гэж та сонссон уу, би лав сонсоогүй юм байна. Харин удирдлагийг энэ зун АТГ шалгахад манайхан ажилчдынхаа зардлаа л дөнгөн данган олж байна гээд шалгагдахаа больсон сураг дуулдсан.
Уржигдархан болж өнгөрсөн Намрын дунд сарын Шинийн 17-ний билигт сайн өдөр энэ ордноор 99 хос үйлчлүүлсэн гэнэ билээ. Тэгэхлээр энэ билигт сайн өдрийг 24 цаг гэж үргэлжилнэ гэж тооцоход нийт 1440 минут, энэ минутыг 99 хосод хуваахаар нэг хосд ойролцоогоор 14 минут оногдож байгаа юм. Тэгэхлээр 14 минутанд багтааж гэрлэх ёслолын ордонд орохоор 99 хос дунджаар 500 мянгөн төгрөгийг хос тус бүр төлсөн гэж тооцоход гэрлэх ёслолын ордныхон зөвхөн энэ өдөр л гэхэд 50 гаруй сая төгрөгний ашигтай ажиллажээ.
Ерөөсөө гэрлэх ёслолын “супер” ордон шинээр байгуулцгаая. Тэнд найрын ширээний ууц, идээ будаа, сархад ундаа элбэг дэлбэг, хөөгдөж туугдан, яарч сандраад байлгүй дор хаяж 1 цаг буюу 60 минут татуулан ёслол журмаа гүйцээж, зураг хөргөө татуулдаг байя. Хаяадаа “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлэг шиг энгийн малчин, гэр хорооллын, ядуу өрхийн хосуудыг ордондоо төлбөргүй урьж хуримын ёслолыг нь хийж өгдөг болъё. Гэрлэгсэдэд хандсан гэр бүлийн харилцааны тухай сургалт, зөвлөгөөг хуримын бус цагаар явуулья.
Ингэвэл ядаж одоогийн монополь гэрлэх ёслолын ордон ч гэсэн үнээ хямдруулж, цагаа сунгаж, үйлчилгээгээ сайжруулах байлгүй дээ.
Ц.Мөнхбаатар
URL: