Буруу сууж, зогссоноос болж нуруу муруйлт өвчтэй болдог
“Төмөрбаатар оточ” эмнэлгийн эрхлэгч УАУ-ы их эмч В.Төмөрбаатар
-Манай залуучууд хэтэрхий загвар хөөж гангалаад эрүүл мэндээ алдаад байх шигээ. Наад зах нь өвлийн улиралд малгай өмсөхөө больжээ. Хэт их даарснаас болоод ямар өвчтэй болох вэ?
-Улс үндэстэн болгон өөрийн гэсэн ёс заншилтай байдаг. Өөрийн гэсэн хооллох заншил, өөрийн гэсэн хувцаслах ёс заншилтай. Тийм ч учраас хувцаслалт нь харилцан адилгүй байдаг. Орос хүмүүс гэхэд өвлийн улиралд том зузаан үстэй малгай өмсчихөөд доогуураа нимгэн, эмэгтэйчүүд нь туфль, шилэн трикотой явж байдаг. Хятад хүмүүс болохоор доогуураа зузаалаад дээгүүрээ болохоор нимгэн явж байх жишээтэй.
Монгол хүн бол дээрээсээ лоовуузтай, доогуураа монгол гутлаа өмсөж хоёр талаасаа жигд дулаан явдаг байсан. Хотжих процесс, хэт гангарахаас шалтгаалаад хүмүүсийн хувцаслалт алдагдсан. Өвлийн улиралд малгай өмсдөг хүн маш ховор болжээ. Гоё ганганаа бодоод дулаан гутал өмсөхгүй пүүз, кет, өсгийтэй гуталтай л явдаг болсон. Үүнээс болоод янз бүрийн өвчлөл маш их гарч байна.
Хүн доороосоо даарахад хамгийн түрүүнд хоолой үрэвсэж, өвддөг. Учир нь хүний доод биенд хүйтэн үүсэхэд дээд биенд халуун буюу үрэвсэл үүсдэг. Хүн дээрээсээ даарахад дээд биед хүйтэн үүсч доод биенд халуун үүсч үрэвсдэг. Тэр нь эмэгтэй хүүхдэд бол үтрээ, эрэгтэй хүүхдэд түрүү булчирхай үрэвсдэг. Энэ хоёр нь их чимээгүй эрхтэн учир бараг өвдөлт мэдрэгддэггүй. Шинж тэмдэггүй архагшаад л яваад байдаг.
Хүндрэхээрээ өвчин нь илэрч, шинж тэмдэг нь илэрдэг. Даарснаас болоод эмэгтэй хүүхдэд умайн хүзүүний улайлттай, 18-аас дээш насны эрэгтэй хүүхдүүд түрүү булчирхайн томролоор оношлогдох болсон. Энэ нь зөвхөн зөв хувцаслаагүйгээс шалтгаалж үүсч байгаа өвчин. Байнга толгой нүцгэн яваад байвал тархины судас нарийсч толгой байнга өвддөг болох, тогтоох чадвар муу болох, хараа муудах зэрэг олон өвчнийг үүсгэдэг. Хүн эрүүл амьдрахын тулд хамгийн түрүүнд байгальдаа зохицон амьдрах хэрэгтэй. Үүний тулд монголоороо зөв хувцаслах, монголоороо хооллох хэрэгтэй болно.
-Хөдөлгөөний дутагдал өвчний шалтгаан болох нь ихэсчээ?
-Манай Монголчууд «Хүн хөшиж л үхдэг, хөдлөж үхдэггүй» гэж ярьдаг. Хөдөлгөөн гэдэг зүйл хүнд байнгын хэрэгцээтэй байдаг зүйл юм. Хүн яагаад өвчин тусч байна вэ? гэхээр тухайн хүний хийн гүйх нүх сүвүүд нь бөглөрснөөс болоод тухайн хэсэг газар өвчин үүсдэг. Хий гэдэг зүйл бол хүний биеийг хөдөлгөж байдаг, амьсгал авахуулж, гаргаж байдаг гол үйлдлийг хийлгэж байдаг зүйл юм. Амьсгал авна гэдэг нь хийгээ зөв удирдана гэсэн үг.
Дасгал хийдэггүй хүмүүс жаахан газар л явахад амьсгааддаг. Харин дасгал хийдэг хүн өндөр ууланд гарсан ч амьсгааддаггүй. Байнгын дасгал хийдэг хүмүүсийн хийн гүйдэл нь чөлөөтэй гүйдэг тул эрүүл байдаг. Хөдөлгөөнгүй болох тусам тухайн хүний бадгана арвидаж байнга өвддөг. Тэгэхээр хүн зөв амьдрахын тулд зөв амьсгалах хэрэгтэй, амьсгалдаа тохирсон хөдөлгөөн хийж сурах юм бол хүн эрүүл байж чаддаг.
-Та сая зөв амьсгалж сурах хэрэгтэй гэж ярилаа. Хэрхэн зөв амьсгалах вэ?
-Амьсгал авахад тухайн хүний цусанд орох хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж байдаг. Хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэхэд цусны гүйдэл сайжирдаг. Хүн зөв амьсгалж байж стрессээс ангижирдаг. Хүнд амьсгалын гурван хэлбэр байдаг.
1.Хэвлийн амьсгал
2.Цээжний амьсгал
3.Холимог амьсгал гэж байдаг. Эмэгтэй хүн болоод хүүхэд ихэвчлэн хэвлийн амьсгалтай байдаг.
Эрэгтэй хүн цээжний амьсгалтай. Энэ дундаас хамгийн төгс нь хэвлийн амьсгал юм. Хүн хэвлийн амьсгалаар амьсгалж сурвал уушигаа гүйцэд ажиллагаанд оруулж байдаг. Цээжний амьсгалтай хүний уушигны гуравны нэг нь л амьсгалд оролцдог. Гуравны хоёр нь хоосон буюу ажиллагаанд оролцдоггүй. Үүнээс болоод уушганд тоос шороо, агаарын бохирдол, утаа зэрэг хорт бодисууд тунадаг.
Үүнээс болоод хүн байнга ханиад хүрч байдаг. Хэвлийн амьсгалаар зөв амьсгалж байгаа тохиолдолд тухайн хүний уушиг 90 хувь хүртэл гүйцэд ажиллаж, эрүүлжиж байдаг. Тэгэхээр хүн бүр хэвлийн амьсгалаар амьсгалж сурах хэрэгтэй. Амьсгалаад сурчихлаа гэхэд түүнийхээ дагуу хөдөлгөөн хийж, хөдөлгөөндөө зохицуулж амьсгал авч, гаргаж байх ёстой. Хүний бие суниах, сунгах хөдөлгөөний үед амьсгал авч байдаг.
Тонгойх, биеийг мушгих үйлдэл хийж байх үедээ хүн амьсгал гаргадаг. Үүнтэйгээ уялдуулж дасгал хийж сурвал тэр нь иог юм. Амьсгал хөдөлгөөн хоёрын зохицолыг иог гэдэг. Сэтгэлээ амгалан болговол бясалгал болно. Амьсгал, хөдөлгөөн, сэтгэл гурвын нэгдлийг бясалгал гэдэг. Хүн бүр эрүүл, урт удаан амьдарья гэж бодвол иог гэдэг зүйлээр хичээллэж сурах хэрэгтэй. Бид нар өвчнийг үнэгүй аваад эдгээхийн тулд маш их мөнгө зарцуулж байна. Тэгвэл өвчин тусахаасаа сэргийлээд иогоор хичээллээд зөв хооллосны үндсэн дээр бага мөнгөөр эрүүл мэндээ худалдаж авч, олон төрлийн өвчнөөс хамгаалж чадна.
-Хөдөлгөөний дутагдал үё мөчний өвчнийг үүсгэдэг гэж ойлгож болох уу?
-Болно. Хөдөлгөөний дутагдлаас болоод үе мөчний өвчин үүсдэг. Хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн зайлшгүй хийх ёстой. Наад зах нь манай хүүхэд залуучуудын суулт нь буруу болчихжээ. Урьд нь тохойгоо ширээн дээр тавиад цэх суу гэж сургадаг байсан бол одоо компьютерийн өмнө бөгтийж суудаг болсон. Мөн залуучууд зогсохдоо загвардаж буруу зогсдог. Нэг хөл дээрээ ачааллаа аваад нэг хөлөө хагас нугалж зогсдог.
Ингэж нугалж зогссоноос болоод хүний аарцаг яс гажиж далий болж эхэлдэг. Зүүн хөл дээрээ удаан зогс гэхээр чаддаг хүн байдаггүй. Аарцаг нуруу далийснаас болоод нурууны муруйлт гэдэг өвчин ихэссэн. Тэгэхээр хүн суух, зогсохоо хүртэл анхаарч байх ёстой. Зөв сууж, зөв зогсож сурах хэрэгтэй. Нуруу нь өвдсөн хүнийг мэдэхэд амархан байдаг.
Дээш нь харуулж хэвтүүлээд өвдөг нугалахгүйгээр хөлөө 30 градус өргө гэхээр өргөж чаддаггүй. Зогсоож байгаад газар гараа хүргэ гэхэд хүргэж чадахгүй байвал тэр хүнийг нурууны өвчтэй болж байна гэж үзнэ. Аажмаар энэ хүний нуруу нь сууж, мэдрэлийн судлын өвчин тусна гэж үздэг. Ихэнх нурууны өвчтэй хүмүүст ийм зүйл ажиглагддаг.
-Хөдөлгөөний дутагдлаас гарахын тулд иогоор хичээллэх хэрэгтэй гэлээ. Ер нь хүн иогоор зөв хичээллэж, иогийг бүрэн эзэмшхэд хэдий хэр хугацаа шаардагддаг вэ?
-Хүмүүс иогийг маш хэцүү сунгалтын дасгал, их өвдөнө гэж боддог. Иог гэдэг нь амьсгал, хөдөлгөөн хоёрыг зохицуулж хийж байгаа учраас тухайн хүн өөртөө энергийг цуглуулж байдаг. Эхэндээ хийж чадахгүй. Аажмаар тэр хүн дасч, өөрийнхөө тархинд би энэ хөдөлгөөнийг хийж чадна гэсэн бодлыг суулгаж өгөөд тэр нь амьсгалтайгаа уялдаад ирвэл хүн аяндаа уян хатан болдог.
Тэрнээс биш циркчдыг сургаж байгаа юм шиг хүчээр сунгана гэж байхгүй. Сураад өөрийнхөө амьдралд хэвшүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш нэг cap иогоор хичээллээд болно гээд хаячихвал худлаа болно. Хүн иогийг гэртээ хийнэ гэж байдаггүй. Кино үзэхэд 2 цаг гаргадаг хэрнээ дасгал хийхэд 1 цаг гаргаж чаддаггүй. Тэгэхээр заавал иогийн клубт явах хэрэгтэй болдог.
Иогоор хичээллэхэд айгаад байх зүйл огт байхгүй. Амьдралдаа хэвшүүлж, дадлагажихын тулд дор хаяж 1 жил сурах хэрэгтэй. Доод тал нь жил явж байж амьдралд хэвшил болдог. Хэвшил болохоор тухайн хүн дасгалаа хийхгүй бол бие организм түүнийгээ нэхээд эхэлдэг. Ингээд нэхдэг болохоор тухайн хүн эрүүл байна гэсэн үг.
-Хөдөлгөөнөөр ямар ч өвчнийг анагаах боломжтой юу?
-Өвчтэй хүн бүр заавал хөдөлгөөн хийх ёстой. Өөрийнхөө өвчинд зохицсон, өвчнөө эдгэрүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнийг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч түүнийхээ дагуу хийх хэрэгтэй. Энэ ярилцлагыг уншсан хүн бүр ядахнаа хөлөө 90 градус өргөдөг болох юм бол нурууны өвчнөөс хамгаалагдана гэдгийг ойлгож, хэвшүүлэх байх.
-Нурууны шохойжилт өвчин маш их болжээ. Нурууны өвчнийг хөдөлгөөн заслаар бүрэн эмчлэх боломжтой юу?
-Нурууны өвчний хамгийн гол эмчилгээ бол хөдөлгөөн юм. Тэр хүн өөрийнхөө хөдөлгөөнийг хэвийн болгох хэрэгтэй. Яагаад нуруу шохойжиж, өвдөж байна вэ гэвэл мэдрэлийн цагаан судалд өөрчлөлт орчихсон болохоор тухайн хүн өвчин мэдэрч байгаа юм. Хийн гүйх нүх сүв нь нэг газраа хаагдчихсан байна гэсэн үг. Түүнийг нь гүйцэд нээж өгөхийн тулд дасгал, хөдөлгөөн, амьсгал гуравыг зайлшгүй хийх хэрэгтэй. Хөдөлгөөн хийхгүйгээр нурууны өвчин эдгэнэ гэж байхгүй.
-Эмэнд их ач холбогдол өгдөг. Үе мөчний эм уучихаад л яваад байдаг?
-Эм уугаад түр зуур тэр өвчнийг дарж болно. Эмний үйлчилгээ гарахаар дахиад л өвдөнө шүү дээ. Зөвхөн эмэнд л найдаад байдаг. Тийм ч сайн эм, тариа хийлгэсэн гээд байдаг. Гэтэл цаад шалтгаан нь засагдаагүй, мэдрэлийн цусан судаснуудын гүйдэл хэвийн болоогүй болохоор дахиад л өвддөг. Дахиад л эм хэрэглэх хэрэгтэй болдог. Тэгэхээр үнэтэй эм тарианд мөнгө зарахгүйгээр хямдхан эрүүлжих боломжтой.
-Манайхан уламжлалт эмнэлэг гэхээр «бариач» гэж ойлгодог. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний онцлогыг дурьдахгүй юу?
-Монголчуудын дунд уламжлалт эмнэлэг гэхээр бариач гэдэг утгаар ойлгодог. Тэгэхээр уламжлалт анагаах ухаан гэдэг нь 2000-2500 жилийн турш хөгжсөн. Энэ хугацаанд улам сайжирч ирсэн. Уламжлалт эмч гэдэг нь тухайн хүний өвчнийг эмчлэхдээ бүр цаад суурыг нь эмчилдэг. Юунаас болоод энэ өвчин үүссэн бэ? Түүнийг нь илрүүлж эмчилдэг. Суурыг нь эмчлэхийн далимд хүн өвдлөө гэхээр хамгийн түрүүнд ходоодыг нь эмчилдэг.
Тэгээд тухайн эрхтэн рүүгээ дамжуулж эмчлэх шаардлага гардаг. Мөн тухайн өвчин нь өөр эрхтэнд нь нөлөөлж болох тул түүнээс нь урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор эмчилгээ явагддаг. Тэгэхээр цогц эмчилгээ хийж өгдөг гэсэн үг юм. Европын эмнэлэгт зүрхээ эмчлүүлж байгаа хүн нуруу өвдөөд байна гэвэл дараа нь мэдрэлийн эмчид үзүүлээрэй гээд орхидог. Бөөрөө эмчлүүлж байгаа хүн зүрх өвдлөө гэвэл зүрхний эмчид үзүүлээрэй гэдэг.
Тэгвэл уламжлалт эмнэлэг цогцоор нь эмчилж өгдөг. Хамгийн гол нь манайх эмчлэхийн хажуугаар эрүүл амьдрах аргыг нь зааж өгдөг. Уламжлалт анагаах ухаан буддын шашин хоёр байнга хоршиж явдаг. Уламжлалт анагаах ухааны эмч буддын шашныг ойлгохгүйгээр урагшаа явахгүй. Яагаад гэвэл онол нь нэг учир.
-Ингээд сүүлийн асуултын танд үлдээе?
-Эрүүл амьдарна гэдэг нь доголонгын газар доголон, сохорын газар сохор гэдэгтэй адилхан. Энэ нь юу гэж байгаа вэ гэвэл хүн монгол нутагт амьдарч байгаа бол монгол ёс заншлаа дагах хэрэгтэй. Хэдэн мянган жилийн турш ёс заншлаараа амьдраад ирсэн шүү дээ. Монгол хүн монголдоо л амьдарч байгаа бол ёс заншлаа дагах ёстой. Өвөлдөө махаа идээд, хавартаа борцоо идээд, зундаа сүү цагаан идээгээ идээд, намартаа айраг тарагаа хэрэглээд явбал хүн эрүүл байж болно.
-1985 оноос хойш монгол ёс заншил халагдсан. 1990 оноос хойш монгол ёс заншил бүр байхгүй болсон. Үүнээс шалтгаалаад өвчин маш их дэлгэрсэн. Яагаад элэг, цөсний өвчин дэлгэрээд байна вэ. Хүний ходоодны галын илч гэдэг зүйлтэй холбоотой байдаг. Өвлийн улиралд хүний ходоодны галын илч бадарч байдаг. Юу ч идсэн шингээх боломжтой. Энэ үедээ хүн мах идэх хэрэгтэй.
Зун болохоор эсрэгээрээ ходоодны галын илч хамгийн бага хэмжээнд хүрдэг. Хүнд хоол идэх юм бол шингээхгүй. Тэгэхээр манайхан зун болохоор амралт, баяр наадам гээд эсрэгээрээ махан хоолыг хэтрүүлсэн хэмжээгээр хэрэглэдэг. Зуны халуунд битүү саванд махан хоол хийгээд таглаад тавчихлаа гэж бодоё. Гурав хоноод тагыг нь аваад үзэхэд ямар байх вэ. Яг тэрэнтэй адилхан хүний зун идсэн хоол нь бие дотор ороод илчирж ялзараад эхэлчихдэг.
Тэгвэл бид нар тийм л зүйл хэрэглэж байна. Тэр нь хамгийн гол нь элгэнд очдог. Бохирдсон илжирчихсэн зүйл элгийг өвчлүүлдэг. Үүнээс л болоод элэг, цөсний өвчин ихэсч байна. Элэгний В,С вирүсгүй хүн бараг байхгүй болжээ. Тэгэхээр монгол ёс заншлаараа, өвөг дээдсийнхээ адилаар өвөл дулаан хувцаслаж, улирлын дагуу хооллох юм бол өвчлөхгүй байж чадна.
Эх сурвалж:”Эрүүл Мэндийн Жор”
URL: