Манай экосистемийн 60 хувь нь доройтжээ

Олон улсын цаг агаарын өөрчлөлтийг судлах мэргэжлийн холбооны өнгөрсөн онд гаргасан тайлангаар Экосистемийн Мянганы үнэлгээгээр хүн төрөлхтний амьдралыг тэтгэдэг 24 экосистемийн 60 хувь нь доройтоод буйг тус судалгаанд дурджээ. Хүн төрөлхтөн байгаль  экологийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахдаа манай гаригт аюулгүй байх хэмжээнээс 23 хувиар хэтрүүлээд байгаа ба байгаль орчныг сүйтгэж байгаа нь улам нэмэгдсээр байгаа аж. НҮБ-ын Дэлхийн байгаль орчны байдал (GEO-4) хэмээх байгаль орчны хөтөлбөрийн шинжээчдийн үзэж  байгаагаар манай гаригт учраад байгаа гол гурван аюул болох цаг агаарын өөрчлөлт, амьтны төрөл зүйлс устаж үгүй болж байгаа, дэлхийн хүн амын өсөлтийг дагаад хоол хүнсээр хангах боломжгүй байгаа зэрэг асуудал өнөөг хүртэл шийдлээ олж чадалгүй хүн төрөлхтнийг мөхөж устах аюулд оруулаад байна гэжээ. Бид манай гаригийг мөхөл рүү улам түлхэж, байгаль экологид аюул учруулж үйл ажиллагаагаа зогсоохын тулд дэлхий нийтээр улс орны Засгийн газрууд дараах долоон зүйлд анхаарах ёстой гэж үзжээ. Үүнд:

1. Дэлхий дээрх тогтвортой байдлын тухай нэгтгэсэн сургалтыг албан ёсны, албан бус сургалтын хэлбэрээр нэвтрүүлэх
Засгийн газрууд, бүх шатны засаг захиргааныхан боловсролын бодлого боловсруулах, багш бэлтгэх, материаллаг бааз бүтээх, сургалтын хөтөлбөр гаргах зэргээр албан журмын энэ сургалтыг бүхлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай аж. Энэхүү сургалтаар хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд тогтвортой хөгжлийн асуудал нь хүн бүрт хамаатай болохыг ойлгуулж цаг агаарын өөрчлөлт, байгаль орчин болон нийгэмд учирч буй хямралын талаар нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг зааж сургах юм. Мэдээлэл сайтай ард түмэн өөрийн Засгийн газарт өнөөгийн байдлыг өөрчлөн сайжруулахад зөвшөөрч дэмжих болно.

2. Бодит хөгжил дэвшлийн үзүүлэлт /Genuine Progress Indicator (GPI)/-ээр хэмждэг болох

Улс орны хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүн /GDP/-ээр тооцдогийг болиулж, Бодит хөгжил дэвшлийн үзүүлэлт /Genuine Progress Indicator (GPI)/-ээр хэмждэг болох. Бодит хөгжил дэвшлийн үзүүлэлт нь эрүүл ахуйн үйлчилгээ, аюулгүйн байдал, цэвэр орчны зэрэг үзүүлэлтээс гадна тав тухтай чинээлэг амьдралын шинж тэмдэг болсон дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний хөгжил дэвшлийг бүхэлд нь дүгнэдэг эдийн засгийн бусад хэмжүүрийг нэг дор агуулах юм. Засгийн газраас жил бүрийн тайлангаараа өөрийн улс орны жинхэнэ хөгжил дэвшлийг бодит байдлаар дүгнэж байх нь мөнгөнөөс давуу үнэлэмж байдгийг хуульчлах юм. Ийнхүү өөрийн улс орны хувьд агаарын бохирдол, байгаль экологийн цэвэр ариун байдлыг тогтоон гаргаж байх нь ард түмнийг цаг агаарын өөрчлөлтийг зогсоох тал дээр шаргуу ажиллах шаардлагатай байгааг ойлгуулах юм.

3. Байгаль экологийг хамгаалахын тулд татварын тогтолцоог өөрчлөх

Өнөөгийн хэрэгжиж байгаа татварын олон систем утга учир муутай юм. Бид “сайн” хүмүүст татвар ноогдуулж, “муу” улсыг татвараас хөнгөлдөг. Ингэхийн оронд бид агаарын бохирдол, нүүрсний ялгарал, хэмнэлтгүй зардал зэрэг зүйлд татвар ноогдуулж, ажлын байр шинээр бий болгох, дахин сэргээх эрчим хүч хэрэглэх, хөрөнгийн нөөцийг боловсронгуй болгох, ухаалаг хэрэглээ нэвтрүүлэх, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах зэрэгт хөнгөлөлт үзүүлж байх учиртай. Орлогын хэмжээг үл харгалзан татварын ачааллыг бид бүхний хүсэхгүй байгаа зүйлүүдээс бидний амьдралд шаардлагатай зүйлүүд рүү шилжүүлэх нь нийт хүмүүсийн дунд ажил амьдралд хандах байдалд ихээхэн өөрчлөлт оруулах анхны алхам байх болно.

4. Муу үр дүн авчрах зүйлд мөнгөн тусламж үзүүлэхийг зогсоох

Өнөөдөр цөмийн энерги болон чулуужсан шатахууны үйлдвэрлэлд “буруу” хөрөнгө оруулалт хийж байгаагаас улбаалан шинэ эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө мөнгө оруулах нь учир дутагдалтай байна. Хөгжингүй орнуудад чулуужсан шатахууны үйлдвэрлэлд жилд 200 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулж байна. АНУ-д 2005 онд зөвхөн чулуужсан шатахууны үйлдвэрүүдэд 29-46 тэрбум ам.долларын хөрөнгө мөнгө оруулсан байна. Энэ мөнгө нь эргээд байгаль орчинд хор уршиг тарих тул “буруу” хөрөнгө оруулалт юм. Иргэд үүний төлөө давхар мөнгө төлж хохирдог. Эхлээд мөнгөн тусламж авсаны төлөө татвар төлнө, дараа нь байгаль орчныг сэргээх болон эрүүл мэндийн үйлчилгээнд гарах зардлыг шууд ба шууд бус хэлбэрээр үүрэх болдог. Байгаль орчныг хамгаалахад зориулагдсан татварын шилжүүлэлт хийхэд мөнгөн тусламжийг чулуужсан түлш ба цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд бус байгаль орчинд ээлтэй цэвэр технологи боловсруулахад олгох нь зүйтэй юм.

5. Нүүрсний ялгаралд хэмжээ хязгаар тогтоож, татвар оноолгох

Нүүрсний үнийг өндөрт барих нь цаг  агаарын өөрчлөлтийг мэдэгдэхүйц бууруулахад бүх салбарт үр дүнгээ өгнө. Нүүрсний үнийн нэг tCO2-eq-д ноогдох хэмжээг 20-50 ам.долларын хэмжээнд хэдэн арван жилийн туршид барих буюу  түүнээс илүү болгож өсгөвөл 2050 он гэхэд хүлэмжийн хийн багаа ялгаралтай эрчим хүчний үйлдвэрийн салбарыг бий болгож эцсийн шатны хэрэглэгчдийн салбарт агаарын бохирдлыг маш их хэмжээгээр бууруулж эдийн засгийн хувьд ашигтай байх болно. Иймд аливаа компаний агаарт цацагдах нүүрсний ялгарлын хэмжээнд хязгаар тогтоох эсвэл нүүрсний гэх татварыг оногдуулах ёстой. Цаашилбал, засгийн газрууд нүүрс шатаадаг шинэ үйлдвэрүүд болон oils sands expansion тухайд нүүрсний ялгарлыг гадагш цацагдахаас урьдчилан сэргийлж хадгалдаг технологи ашигладаг гэдгээ нотлох хүртэл үйл ажиллагаанд нь хориг тавьдаг байх ёстой юм.

6. Бусдад үлгэр дууриалал болох.

Өргөн олон нийтээс эхлээд төрийн байгууллагууд байгаль экологид ээлтэй “ногоон” бүтээгдэхүүнийг “ногоон” ханган нийлүүлэгчдээс нэхэж шаардаж байх ёстой юм. Засгийн газар, төрийн байгууллагууд эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх тухай стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн, цахилгаан буюу усны эрчим хүчээр явдаг найдвартай болон хүчтэй аккумулятор бүхий сайжруулсан унаа хөсөг, байгаль экологид хоргүй цэвэрлэгээний бодис, Ой модны удирдах зөвлөл /Forest Stewardship Council/-өөс олгосон гэрчилгээтэй, 100 хувь хоёрдахь түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бичгийн цаас болон байгаль орчинд хор хөнөөлгүй бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг авч хэрэглэж дадсанаар ард олондоо үлгэр жишээ болж тэднийг араасаа дагуулах ёстой. Төрийн байгууллагуудын албан байрны барилга байшин бүгд LEED (Leadership in Energy and Environmental Design) хэмээх Эрчим хүч, Байгаль орчинд ээлтэй Зураг төслөөр Манлайлагч байгууллагаас тогтоосон норм стандартын дагуу буюу түүнээс илүү хэмжээнд баригдсан байх ёстой. Ингэснээр засгийн газар нь байшин барилгынхаа индексжүүлэлтийг өөрчлөх, орон сууцны байр, худалдаа, үйлдвэрийн зориулалттай байшин барилгыг дээрх стандартыг дагуу барихыг шаардах эрхтэй болж байгаа  юм.

7. Ядуурлыг бууруулахад  бодлогоо чиглүүлэх нь

Тогтвортой хөгжлийн бэрхшээлтэй асуудлуудын ихэнхи нь хөгжингүй болоод хөгжиж
буй орнуудын хүн ардын ядуу давхрагын хүмүүс өөрсдийн амьдралаа залгуулж, сайжруулахын төлөө хийж буй үйл ажиллагаанаас хамааран үүсдэг тул дэлхийн бүх улс орны засгийн газрууд хүчээ нэгтгэн ядуучуудын амьдралыг дээшлүүлэхэд хүчин зүтгэвэл эцсийн дүндээ байгаль экологийг хамгаалахад тус нэмэр болох юм.

Тиймээс дэлхий дээр тогтвортой хөгжлийг тогтоохын тулд бүх улс нийгмийн шийдвэр гаргах түвшинд байгаль орчин, улс нийгэм, эдийн засгийн асуудлыг хамтад нь авч үзэх  зарчмыг хэвшүүлвэл байгаль орчны доройтлыг бууруулах алхам тавигдана гэдгийг эрдэмтэд сануулжээ. Тэгэхээр эх дэлхийн ирээдүй улс орон бүрийн ирээдүйгээ харсан зөв бодлогоос хамаарна гэсэн үг.

Б.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих