Хуурамч архины улмаас Чехэд онц байдал зарлав
Чехийн эрх баригчид 20 градусаас дээш хатуулагтай архи худалдаалахыг орон даяар хориглосон шийдвэр өнгөрсөн баасан гаригт гаргасан билээ. Ийм хатуу арга хэмжээ авах болсон шалтгаан нь, метанол агуулсан хуурамч архи ууж хордох улмаар нас барах тохиолдол удаа дараалан гарсан явдал байлаа. Цагдаагийнхан хуурам архины гарал үүслийг одоо болтол тогтоож чадаагүй байгаа бөгөөд худалдаанд тавсан хориг цаашид хэдэн сар ч үргэлжилж магадгүй байна.
Хамгийн түрүүнд есдүгээр сарын зургаанд Чехийн зүүн хойд нутагт хоёр хүн хордож нас барсан юм. Улмаар мөн л энэ нутагт хордлого дараалан гарчээ. Долоо хоногийн дараа буюу 12-ны өдөр гэхэд нийтдээ 16 хүн нас барж мөн зэргэлдээ Польш, Словакт гурван хүн амиа алдав. Эмнэлэгт 29 хүн хүргэгдсэний заримынх нь биеийн байдал туйлын хүнд байсан тул зориудаар комд оруулж амийг нь аварчээ. Мөн хараагүй болсон хүмүүс ч бий аж.
Нийслэл Прагад анхны хордлого 14-ний өдөр илрэв. 17-ны өдөр гэхэд амиа алдсан хүний тоо 21 болов. (Польшид дөрвөн хүн нас баржээ) Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хүнд байдалтай 40 шахам хүн байгаа аж. Чехийн эмч нар үйл явдал ингэж хурдан өрнөхөд бэлтгэл хангалтгүй байсан тул Норвегийн эмч нарт хандаж, метанолын хордлого тайлдаг “Фомепизол” хэмээх эм яаралтай ирүүлэхийг хүсчээ. Гадаадын иргэд хордсон буюу нас барсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хохирсон хүмүүс бүгд Чехийн иргэд бололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Чех улс нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд Молдавын дараа хоёрдугаарт ордог ажээ.
Эрх баригчид анхны арга хэмжээгээ 12-нд авч, онц байдал зарласнаар 30 градусаас дээш хатуулагтай архийг зах болон гудамжинд зарахыг хориглосон юм. Улмаар хоёр өдрийн дараа энэ арга хэмжээгээ чангатгаж, худалахыг хориглсон архины хатуулгийн хэмжээг 20 болгон, хоригийг тодорхойгүй хугацаагаар сунгажээ. Ингэхдээ жижиглэнгийн бүх төрлийн худалдаа, бар, рестораныг хамааруулсан байна. Хоригийг зөрчсөн этгээдэд гурван сая крон буюу ойролцоогоор 160 мянган долларын торгууль ноогдуулахаар болжээ. 16-ны ням гаригт Полш улс Чехээс импортлосон архийг худалдахыг нэг сарын хугацаагаар хориглов. Харин шар айраг болон дарс борлуулахыг хорьсонгүй.
Хориг зарлагдсанаар Чехийн эдийн засагт учрах хохирлыг эдийн засагчид хэдийнэ тооцоолон гаргажээ. Татварын орлого буурснаар төсвийн алдагдлыг нөхөхөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ доголдоно хэмээн Сангийн яам мэдээлжээ. 2011 онд архины акцизнаас төсөвт 375 сая доллар орж байсан бол хориг зарлагдсанаар сар тутам 40 шахам сая долларын алдагдал хүлээнэ гэсэн тооцоо гарсан байна. Тэгээд ч хориг хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд наад зах нь л хэдэн сар болох нь тодорхой байна. Нөхцөл байдал согтууруулах ундааны зах зээл төдийгүй жуулчлалын салбарт ч хүндээр тусч байгаа аж.
Дотоод хэргийн зэрэг хэд хэдэн яам, гааль, цагдаагийн газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг болсон явдлын учрыг олохоор ажиллаж байна. Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор метилийн спиртийг дотоодын үйлдвэрийн цагаан архи, чихрийн манжингаар хийдэг туземак хэмээх нэгэн зүйл ром архи болгон үйлдвэрлэсэн байжээ. 15-ны өдөр Словакт найман хүн Чехээс орж ирсэн архинд хордсон бөгөөд уг архи нь гэрийн нөхцөлд уламжлалт аргаар үйлдэрлэсэн байсан тул хордлогын хэмжээ харьцангуй бага байжээ.
Чех даяар хуурамч архи хаанаас хэрхэн тарсаныг тогтоохын тулд цагдаагийнхан архи зардаг бүх газрыг шалгасан байна. 17-ны өдөр гэхэд цагдаагийн ажилтнууд 20 мянган газарт шалгалт явуулсан бөгөөд гэмт этгээдүүдийн мөрөөр орсон хэмээн ойлгуулж байгаа боловч тодорхой нэр ус зарлахгүй л байна. Метанолтой архи үйлдвэрлэсэн хэргээр 22 хүнийг баривчилсан, мөн 30 сэжигтнийг байцааж байгаа нь харин тодорхой болжээ.
Чехийн согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчдын холбоо хуурамч архийг машины шил угаагч шингэнээр Польшид үйлдвэрлэсэн гэж үзсэн боловч Польшийн цагдаагийн газар үүнийг энгийн цуу яриа гэж дүгнэснээ мэдэгдсэн билээ.
Харин Чехийн албаны хүмүүс хортой архийг дотоодод үйлдвэрлэсэн гэдгийг үгүйсгэхгүй байна. Чехийн спиртийн хар захынхан тус улсын архины зах зээлийн 10-25 хувийг хангадаг гэж үздэг. Сонирхолтой нь, хордлого дэгдэхээс хэдхэн өдрийн өмнө Чехийн парламент архины хууль бус наймаатай хэрхэн тэмцэх талаар хэлэлцэж эхэлсэн юм. Одоогоор энэ зах зээлийн оролцогчдын үйл ажиллагаанд хатуу хязгаарлалт тогтоох, архи хуурамчаар үйлдвэрлэх үйлдлийг хөнгөн гэмт хэргээс хүнд гэмт хэрггийн ангилалд оруулах санал яригдаж байна.
Чехийн хэвлэл бичсэнээр, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулдаг шийтгэл угаас хүнд бөгөөд өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлын буруутнуудад дээд тал нь арван жилийн ял оноох боломжтой юм. Тусгаар тогтносон Чех улсын түүхэнд хүмүүс ингэж нэг дор олноор үрэгдсэн явдал 1997 оноос хойш тохиолдоогүй билээ. Тэгэхэд гарсан үерт 50 гаруй хүн амиа алдсан юм.
Б.АМГАЛАН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
URL: