Боловсролын яамны боловсрол
Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Монголын хүүхэд, залуучуудын оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэх номын жагсаалт ” саяхан гаргажээ. Би боловсролын яамны боловсрол найгүй гэдгийг мэдэх боловч ийм мангуу болсон гэж арай ч бодоогүй явсан юм. Энэ тухай өгүүлэх гэсэн юм.
Иймэрхүү төрлийн жагсаалт ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг нь жам ёс. Гэвч би энэ тухай ярих гээгүй. Харин XXI зуунд энэ дэлхий дээр огт байж болшгүй зүйлийг Монголын боловсролын яам хийж байгааг ярих гэсэн юм. Энэ юу хэмээвээс энэ дэлхийн бүх боловсролын байгууллага оккульт, изотерик, психотроник зэрэг хуурамч шинжлэх ухааны бүтээлийг залуу үед огт хавьтуулдаггүй зарчимтай. Гэтэл Монголын боловсролын яам хүүхэд залуу үеийн заавал унших номын жагсаалтад “ийм юм” оруулж Гиннесийн номонд орж байна. Энэ чинь хаанахын ёс юм ?! Та нар юу дэлгэрүүлж хэнийг хордуулж, хэнийг хорлож байгаа юм ?!
Ухаандаа Э.Мулдашевын “Хүн мичнээс үүсээгүй” цуврал байна. Энэ бол сонирхолтой хэдий ч изотерик чиглэлийн ном. Гэхдээ батлагддаггүй, ихээхэн эргэлзээ, маргаан төрүүлдэг болохоор нь аль ч улс хүүхдүүддээ зориудаар судлуулдаггүй. Манай яамны тэнэг түшмэдүүдэд хачин сонин санагдсан байж болох. Гэхдээ энэ нь монголын залуу үеийг хүмүүжүүлэх ном болж яагаад ч болохгүй. Нэртэйгээр нь дунд сургуулийн хичээлээс анатоми, биологийн хичээлийг хасчих л даа. Хувьслын онолыг энэ дэлхийн бүх дунд сургуульд одоо болтол үзэж байгаа ш дээ. Тэнэг тэнэг гэхэд арай дэндэж байна аа.
Энэ мэтээр Масару Эмото “Хариулт нь усанд буй”, “Усны гайхамшигт хүч чадал”, “Тантрын дуудлага”, Райчиндорждагва “Мила Богдын намтар”, “Зэн буддизмийн үндэс”, Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна”, Док.Мухаммэд Бозпаг “Сэтгэ амжилтанд хүр”, “Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/, Пауло Кольео “Алхимич” (тууж), Руперт Шельдрейд “Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт”, Друнвало Мелхиседик “Амьдралын цэцэгийн эртний нууц” 1, 2, “Зүрхэн дотроо амьдрахуй”, Парамахамса Йогананда “Йогчийн намтар” УБ 2011, Фердинанд Оссендовски “Хүн, араатан, бурхад” зэрэг дандаа изотерик, оккульт, шинжлэх ухаантай огт хавьтахгүй номууд оруулжээ.
Энэ номуудыг уншсан залуу хүн мэдлэг мэдээлэлтэй нөхөрлөсөн, шинжлэх ухааныг хүндэтгэдэг орчин үеийн хүн болж яагаад ч чадахгүй. Харин лам, бөө, мэргэч төлөгч, изотерик, оккультист болж болох юм. Ийм балай ажлыг Монголын боловсролын яам ухаантай “юм” нь хийж байна.
Тархи толгой нь яаж ялзрахаараа ийм балай өвчтэй болдгийг би бодоод бодоод олж чадахгүй байна. Энд баахан шашны ном оруулчихаж. Төр шашин хоёр тусдаа, сүм хийд сургууль хоёр тусдаа зарчим байгаа ш дээ. Орууллаа орууллаа гэхэд Бурхан багшийн сургааль биш, Зэн буддизмын үндэс оруулдаг нь яаж байгаа юм ?! Йог оруулдаг нь яаж байгаа юм ?! Бас чадахгүй, мэдэхгүй хэвтэж шинжлэх ухаан оруулахчаа болж, сонголтыг даанч нэг хийж чадсангүй.
Шинжлэх ухаан гадарладаг хүн энэ яаманд чинь ганц ч алга гэсэн баттай дүгнэлт хийгээд сууж байна. Би Монголын боловсрол яагаад өөдөлдөггүйн учрыг эндээс оллоо. Яагаад гэвэл яаманд нь ийм усан тэнэгүүд байгаа болохоор яаж Монголын боловсрол олигтой байх юм. Миний ойлгосноор хамгийн эхлээд яамны аппаратаа анхан шатны боловсролтой болгох хэрэгтэй байна.
Ингээд дараах шаардлага тавьж байна.
1. Энэ жагсаалтыг гаргасан түшмэлүүдийг ажлаас нь халах.
2. Ийм жагсаалт гаргасан хэлтсийг татан буулгах.
3. Яамны зүгээс ард түмнээс уучлалт гуйж Твиттерийн сүлжээгээр ийм жагсаалт гаргаж буй залуусаас туслалцаа авч, тэдний саналын дагуу жагсаалтыг шинэчлэн гаргах зэрэг болно. Өөрөө тэнэг бол ухаантай улсуудаас зөвлөгөө авах нь зүйд нийцнэ.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 7.
URL: