МАХН магнаг болох цагаар…

МАХН-ын загалмайлсан эцэг нь “эзгүй” байх хоорондуур парламентад авсан суудлыг нь ашиглан албан тушаалын захаас зуурах гэсэн хүсэлтнүүд тус намыг эзэгнэж эхэллээ. Саяхан МАН-аас 200 гаруй хүн гарч МАХН-д орлоо гэх сүржин мэдээлэл явав. Харин хэн ямар сонголт хийгээд оччихов гээд хартал үнэн хэрэгтээ овойж оцойгоод байх улстөрч огтоос байсангүй. З.Батбаяр Усны газартаа жинхэнэ дарга болчих санаатай очсон бол П.Хангал нь аль нэг яаманд төрийн нарийн бичиг болно гэсэн тохироогоор хөлгийн жолоо залсан юм байх.

Гэвч олон нийтэд зарлагдаад өөрийн болгоод авчихсаныхаа дараа МАХН-ынхан буюу Н.Удвал, Э.Батшугар тэргүүтэй уруу татагчид луу унжих тактикт шилжээд байгаа гэнэ. Өдөр болгон шахуу хуралдаж байгаа тус намын төв байрны коридорт З.Батбаяр, П.Хангал хоёр амласан албан тушаалаа өгөөч хэмээн хошуу цорвойн суугаа бол уг намыг үүсэн байгуулагдахаас өнөөг хүрсэн тэндээ л лидерт тооцогдох тэмцэгчид хойноос ирээд хот манайх гэгчээр батлахынх нь тамга хатаагүй байхад эд нар албан тушаалд очно гэж юу байх вэ гэсэн байдлаар ад үзэж байгаа ажээ.

Бүр улаан цайм дарга нартаа энэ тухайгаа хэлээд авсан ч сураг дуулдав. Үнэндээ үүсэн байгуулагдаад нэг жил болоход халуунд халж, хүйтэнд хөрөн хамаг нервээ баран жагсаал цуглаан хийсэн хууччуул нь албан тушаалын амттай бялуу хуваалтаас чадах чинээгээрээ хүртэхээр хүлээн байсан. Чухам ийм үед олз хайсан нөхөд олноороо ороод ирэхэд бухимдацгаах нь аргагүй ч биз. Иймээс МАХН-ын өнөөгийн удирдлагад байгаа хэдэн нөхдийг хууччуул нь амар тайван суух аргагүй байдалд хүргээд байгаа гэнэ.

Яг эл байдал МАХН-д хүйтэн салхи үлээлгэж хэн нэг нь эвгүйхэн алхам хийвэл бут үсрэн задарч мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Анхнаасаа ч МАХН гэх брэнд нэрийн дор иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн учраас нэгдсэн нэг үзэл баримтлал, нэг чиг зорилго, нийтлэг эрх ашиг гээд байх зүйл МАХН-д тогтож бий болоогүй гэж хэлэхэд болно.

Жишээ дурдахад, сонгуулийн дараа өмгөөлөгч О.Баасанхүү рүү МАХН-ын Н.Удвал, З.Баянсэлэнгэ тэргүүтэй эмэгтэйчүүд “Чи муу өмгөөлсөн учраас манай Н.Энхбаяр дарга шоронд орчихлоо. Чи сайн байсан бол тэр хүн шоронд биш парламентад сууж байх байсан” гэж дайрч дарамталжээ. Үүнд нь ч О.Баасанхүү, гомдож, Н.Энхбаярын өмгөөлөгч солигдож, залуу хүнийхээ омголон зангаар ’’Ерөөсөө МAXH гэдэг нэрийг хууль зөрчин байж би л авч өгсөн. Ингэж байгаа бол би тэр парламентад нь орохгүй. Анхнаасаа намайг хүсээгүй байхад л намын жагсаалтад биччихсэн байсан” гэх зэргээр гомдоллож гүйсэн байдаг. Мөн парламентын гишүүн болж тангаргаа өргөх нөхцөл бололцоо нь бүрдчихээд байхад Н.Энхбаярын гуйлтаар Ц.Оюунбаатар Төрийн ордонд биш хотын гудамжинд тууж яваа нь Монголын улс төрд байгаагүй гаж үзэгдлээр тодроод байна. Тангараг өргөөд төрийн үйл хэрэгт оролцох хуулийн заалт байсаар байтал нэг хүний хүслээр энэ бүхэн гацаанд ороод байгааг гаж үзэгдэл гэхээс өөрөөр хэрхэн нэрлэх билээ.

Энэ мэтчилэн МАХН-ыг тойрсон хачин жигтэй үйл явдлууд байнга шахам гарч байдаг бол парламентад суудалтай болсных нь дараа албан тушаалаар наймаалцан элсэх гэсэн алдар нэргүй адын хүсэлтэнгүүдийн довтолгоо үндсэн гишүүдийнх нь амар заяаг үзүүлэхээ больжээ. Сонгуулийн үеэр энэ намын эсрэг ажиллаж байсан мөртлөө өчүүхэн суудлын төлөө амь тавин гүйгээд ирж байгаа хөхөө нарыг хөөх саналыг ч Н.Дашзэвэг тэргүүтэй томчууд нь цухалзуулаад авсан байна.

Үнэхээр ч албан тушаалын төлөө алдар нэр байр суурь, үзэл баримтлал, чиг хандлагаа гээн үхэн хатаж байгаа хүмүүс МАХН-ыг донсолгож байгаад аль ч үгүй болохын цагт үнэнч үлдэн шанг нь татах уу гэдэг бүрхэг. З.Батбаяр, П.Хангал нар МАХН-д очсон нь ийнхүү дотоод дайны галыг улам бүр өрдөөд байна. Иймээс өөр өөрийн толгойгоор, өөр өөр шийдвэр гаргаад сурчихсан тэмцэгчдийн нэгдэл МАХН-ын албан тушаалын хэлтэрхий хүлээж суусан хэсэг нь “болохгүй бол тэмцэнэ” гэсэн дадал болсон дайралтаараа дарга нараа галдаад эхэлсэн байна МАХН парламентад хэдэн суудал авч магнаг болох цагаар ийнхүү манай танайдаа хүрсэн бужигнаанаар ганхаж эхэллээ.

М.Мөнхчимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих