Ардчилсан төрд “адлагдсан” оюутнууд
Яамдынхаа тоог нэмэгдүүлж, данхайсан бүтэцтэй болсон Засгийн газар эдийн засгийн хүндрэлд өртөж, төсвийнхөн цалингаа, хүүхэд бүр 21 мянган төгрөгөө, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс олгох сая төгрөгийнхөө дутууг хүлээсээр бухын доодохыг харж үнэг турж үхсэний үлгэр давтагдах шинж рүү орчихсон яваа. Яг ийм үеэр Н.Алтанхуягийн Засгийн газар ирээдүй рүүгээ их буугаар буудсантай яг ижил шийдвэр гаргажээ.
БШУЯ энэ хичээлийн жилээс тодорхой шалгуурын дагуу аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэн БШУЯ-ны томилолттой оюутнуудад тэтгэлэг олгоно. Нэмэлт элсэлтээр элсэн оюутнуудад тэтгэлэг олдохгүй гэж мэдэгдсэн байх юм. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хууль”-ийн дагуу энэ оны нэгдүгээр сараас 140 мянга орчим оюутан урамшууллын тэтгэлэг авч, өөрчлөлтийг мэдэрсэн иргэд 20 жил хөсөр хаягдсан “ирээдүйгээ” төр сая нэг анхаарлаа хэмээн талархаж байсан билээ.
Тэтгэлэг оюутны сургалтын төлбөр дагасан ядуурлыг тодорхой хэмжээнд бууруулж, олон өрхийн нурууг тэнийлгэсэн ч энэ намар ардчилсан засаг шийдээ өөрчилж ирээдүйгээ ар, өврөөсөө гарсан хүүхэд гэж ангилж эхэллээ. Иргэн бүр сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөж, амьдрах ёстой гэж тунхагласан “Үндсэн хууль”-ийн заалт лоозон төдий болж, Засгийн газар олон мянган оюутны дундуур сэтгэлээр төсвийнхөө цоорхойг нэг мөсөн нөхөхөөр шийдсэн бололтой.
Э.Мягмардорж
URL: