Ноён ”ногоон”-ны ханш хямралыг өдөөх шалтгаан нь болох уу
Голлох валютуудтай харьцах ам.долларын ханш дэлхийн зах зээл дээр доошилсон үзүүлэлттэй байна. Европын Төв банкны шийдвэртэй холбоотойгоор ам.долларын эсрэг еврогийн ханш сүүлийн зургаан сарынхаа дээд төвшинд хүрсэн аж. Харин АНУ-д шинээр ажилтай болсон иргэдийн тоо таамаглаж байснаас багаар өссөнөөс шалтгаалан голлох 16 валюттай харьцах ам.долларын ханш суларсан гэнэ. Энэ байдлаас болж Америкийн Төв банкны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрийн ширээний ард суухад хүрчээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хойд хөршийн эдийн засагчид ам.долларын ханш буурна гэсэн мэдээлэл гаргасан байна. Тухайн оронд ам.долларын ханш 36.6 рубль буюу Монголбанкны зарласан ханшаар бодоход манай улсын 1670 төгрөгтэй тэнцэж байна гэсэн үг. Гэтэл манай иргэдийн сарын дундаж цалин 450 мянган төгрөг байгаа бол оросуудын сарын дундаж цалин 25.2 мянган рубль. Уг харьцуулалтыг манай мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэн бодвол орос иргэний сарын дундаж цалин 1.134 сая төгрөг болж байгаа юм. Тодруулбал, амьдралын чанарт суурилуулж бодоход хойд хөршид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манайхтай ойролцоо байвал амьжиргааны төвшин нь сайн байна гэж хялбархан ойлгож болно. Харин гурав дахин үнэтэй бол ойролцоо болно гэсэн үг.
Өчигдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 1.399.27, евро 1.834.16, юань 221.59, рубль 45.65 төгрөг байна. Харин ХААН банк ам.долларыг 1.394 төгрөгөөр авч 1.404, еврог 1.815.16 төгрөгөөр авч 1861.00, юанийг 220 төгрөгөөр авч 223.50 төгрөгөөр арилжиж байна. Энэ нь өнгөрсөн сарын эхэн үетэй харьцуулахад даруй 40 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Манай орны хувьд ам.долларын үнэ ийнхүү огцом өсөх нь тийм ч таатай үр нөлөө үзүүлдэггүй. Байдал ийм байсаар атал Монголбанк энэ өсөлтийг тийм ч ноцтой үзэгдэл биш хэмээн тайлбарлаж байгаа. Учир нь манай улс одоогоор гадаад валют, тэр дундаа ам.долларын нөөцтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, оны эхэнд 2449 сая байсан ам.доллар наймдугаар сарын сүүлийн байдлаар 2749 сая болж өсчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 133 сая ам.доллараар илүү гарсан үзүүлэлт аж. Харин эдийн засаг сэргэж байгаа нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлж, өсөлтөд нөлөөлсөн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Ам.долларын өсөлтийг түр зуурын үзэгдэл, цаашид ханшийг тогтвортой барих боломж Монголбанкинд хангалттай байгаа тухай ч эдийн засагч Л.Оюун нэгэн хэвлэлд онцолжээ. Манай улсын хувьд гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалтай. Цөөн үгээр бол ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортолдог орон. Ингэхдээ импортыг ихэнх тохиолдолд ам.доллараар хийдэг. Өмнөх жилүүдэд найм, есдүгээр сард эдийн засаг идэвхжиж, хаврын улиралд өмнөд хөршийн ганзагачид их хэмжээний юаньтай ирж, ноолуур ханшийн хэлбэлзэл үүсдэг зүй тогтол байв. Харин өнөө үед энэ байдал бүрэн үгүй болжээ. Өөрөөр хэлбэл, ганзагачид, ченжүүд валютын ханшид нөлөөлж чадахааргүй том эдийн засагтай болсон гэсэн үг.
ХАНШ ЯАГААД ӨСӨВ
Чухамдаа энэ асуулт анхаарал татах болоод цөөнгүй хоног өнгөрч байна. Ам.долларын ханш чангарсанд дотоодын эдийн засгийн идэвхжил нөлөөлсөн хэмээн үзэж буй эдийн засагчидтай зарим талаар санал нэгдэж болох ч өөр хүчин зүйлийн нөлөөлөл байж болохыг ч бас үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд ханшийн өсөлт бол түр зуурын үзэгдэл хэмээн тайвширч болохгүй юм.
Тэгээд ч Монголын эдийн засаг сонгуулиас хойш хүлээлтийн байдалтай байгаа. Үүн дээр Европын хямрал болоод өмнөд хөршийн эдийн засаг суларсантай холбон тайлбарлаж буй мэргэжилтэн ч цөөнгүй бий. Энэ бүхнийг дагаад гадаадаас ирэх хөрөнгө оруулалт, валютын урсгал татарсан. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид салбарын сайдын гэнэтийн мэдэгдэлд цочирдсон зэргээс шалтгаалсан ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Мөн уул уурхайн салбартай холбоотойгоор гадаад худалдааны алдагдал ихэсч, нүүрснээс олох орлого 70, зэсээс 30 хувиар буурлаа. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоодын зах зээлд валютын хомсдол үүсч байна. Өсөлтийн эл мөчлөгийг дотоодын зах зээлээс гарч буй валют орж ирж буйгаасаа давчихаад байгаа хэмээн ойлгоход ч буруудахгүй. Харин үнийн огцом өсөлтийг зохицуулахын тулд Монголбанк хангалттай интервенц хийж байгаа гэнэ.
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРАХ ИРГЭДЭД ЭЭЛГҮЙ
Ам.долларын ханш тийм ч яаран сулрахгүй нь бололтой. 2009 оны эдийн засгийн хямралын үед ам.долларын ханш түүхэндээ анх удаа 1700 төгрөгийг даван чангарч байв. Харин энэ удаад тэрхүү хар түүхийг давтахгүй байх л даа. Гэсэн хэдий ч хүлээлтийн байдалтай хэсэг хугацааг үдэж магад. Үнэндээ ам.долларын ханш өсөх нь сайн, муу хоёр талтай. Тиймээс эхлээд сайн мэдээнээс нь эхэлье. “Ногоон”-ы ханш чангарах үзэгдэл нь уул уурхайн компаниудад илүү ашигтай тусдаг тал бий. Энгийнээр тайлбарлавал 100 ам.долларын барааг тэд дотоодын ханшийн өсөлтөөс үл шалтгаалан 100 ам.доллараар л авна. Харин түүнийгээ оруулж ирээд үндэсний мөнгөн дэвсгэрт хөрвүүлбэл мэдээж ашигтай. Манай улсад валютаар төлбөр, тооцоо хийж болохгүй гэсэн хуультай. Үүнээс улбаалан улсын төсөвт төлөх татвар ч нэмэгддэг. Харин муу мэдээ нь гэвэл валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн хэлбэлзэл нь жирийн иргэдэд инфляци болон тархин дээр буудаг гэм манай зах зээлийн зүй тогтол хэмээн нэрлэхэд ч хэтрүүлсэн болохгүй. Тэгэхээр ам.долларын ханш хямралыг өдөөх өөр нэг шалтгаан болохыг ч бас үгүйсгэхгүй байна.
ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ТЭД ИНГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙНА
Оюутолгой болоод уул уурхайн том бүтээн байгуулалтууд цэгцэрч, үйл ажиллагаагаа явуулаад ирэхийн цагт ам.доллартай харьцах төгрөгийн ханш чангарах тухай төсөөллийг эдийн засагчид дуулгах болов. Тэдний үзэж буйгаар ойролцоогоор хоёр жилийн дараа гэхэд ам.долларын ханш гурван оронтой тоонд хүрнэ хэмээн тооцоолж байна. Аварга гэхэд ч багадмаар том ордууд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн цагт манай улс уруу чиглэсэн валютын урсгал тасрахгүй нь энгийн л логик. Гадныхан энэ л сэжмээр ирээдүйн мөнгөн тэмдэгтийн ханшийг төсөөлсөн байж ч болох юм.
Д.Булган
URL: