Т.Үйтүмэн: Хүүхдүүдийг гадаадын тэмцээнд тасралтгүй оролцуулсан цагт залгамж халаа цэцэг шиг л ургана

Тайванийн Тайпэй хотноо саяхан өндөрлөсөн “Сити Кап” боксын ОУТ-д манай зургаан тамирчин дасгалжуулагч М.Нармандах, багийн ахлагч Т.Үйтүмэн нарын хамт оролцоод иржээ. 13 улсын 60 гаруй ширэн бээлийтэн гap зөрүүлсэн энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн 51 кг-д М. Нандинцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Ананд нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Энэ тухай Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнтэй ярилцлаа.

-Рио-де-Жанейрогийн олимпийн цикль эхэлж, боксын ОУТ-үүд шил дараалан зохиогдож байна. Тайваньд хүч сорьсон өсвөр тамирчдынхаа тоглолтын талаар ямар бодолтой явна?

-Хоёр дахь удаагаа зохиогдсон ОУТ-д манайхаас эмэгтэй хоёр, эрэгтэй дөрвөн боксчин хүч сорьсон юм. Нэг зүйлийг онцлоход урьдны тэмцээнд Тайванийн боксын холбооноос Азийн шилдэг найман багийг л урин оролцуулж байсан юм билээ. Энэ удаа цар хүрээгээ өргөжүүлж, Казахстан, БНСУ болон манай улсыг нэмж өрсөлдүүлсэн.
Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад минь танилцсан нэгэн тайвань найз маань намайг клуб байгуулж байгаа тухай сонсоод хүүхдүүдээ оролцуулах урилга өгөхөд нь би ч дуртай хүлээж авсан юм. Манай клуб албан ёсны үйл ажиллагаагаа эхлээгүй учраас СТО-д Нармандах багштай тааралдаад хүүхдүүдийг нь дээрх тэмцээнд оролцуулах санал тавьсан. Тамирчдынх нь зардлыг даагаад ОУТ-д оролцуулья гэж байхад хэн дургүйцэх вэ? Би дасгалжуулагч нь биш учраас хүүхдүүдийн тоглолтод дүгнэлт хийхгүй. Ямартай ч энэ хүүхдүүд Монгол Улсын нэрийн өмнөөс цаашид олон тэмцээнд оролцох тамирчид. Тэр багшийн шавийг авч явна гэж онцолсон зүйл байгаагүй юм шүү.

-Тэгвэл бусад улсын тамирчдын талаар юу хэлэх вэ?

 

-Энэ тэмцээнээс дараагийн олимпийн залгамж халаа тамирчдын харагдлаа. Ялангуяа Филиппин, Японы хүчирхэг баг оролцсон юм. Арван жинд болсон тэмцээний тавд нь филиппин боксчид түрүүлсэн гээд бод доо. Сүүлийн үед Наран улсын тамирчид сайжирч байгаагийн бодит жишээг Лондоны олимп харуулж, 49 жилийн дараа алт, мөнгөн медаль авчирсан. Зуны XXX олимпийн дараа Европ болон Азид олон тэмцээн зохиогдсоноос монголчууд ганцхан Тайванийн ОУТ-д л оролцлоо. Цаашид боксчдыг олон тэмцээн хүлээж байна.

 
-2016 оны олимпийн залгамж халааг  бэлтгэхэд одооноос яаравчлах хэрэгтэй гэж та хэлэх гээд байна аа?

-Тийм ээ. Хүүхдүүдийг хилийн чанадын тэмцээнүүдэд тасралтгүй оролцуулаад байвал залгамж халаа цэцэг шиг ургаад л ирнэ.

-Ийм зорилгоор клуб байгуулсан юм уу? Үйл ажиллагаа нь яг хэзээ эхлэх вэ?

-Зохих журмын дагуу “Априкот” хэмээх клуб байгуулж (Өлгөж цохих гэсэн утгатай), тамга тэмдгээ авчихаад байгаа. Ажлаа эхлэх гэхээр заалны асуудал шийдэгддэггүй. Байшингийн подвальд заал байгуулж, хүүхдүүдээ бэлтгэл хийлгэж чадах боловч
Үүнийг хүсэхгүй  байна. Ажил дуустал давс хийвэл уустал гэсэн үг байдаг. Хөөцөлдөж, бодож төлөвлөж байгаа зүйл их бий.

-Та дасгалжуулагчаар нь ажиллах уу?

-Миний дасгалжуулагч болно гэж юу байх вэ? Энэ спортод сэтгэл зүрхээ зориулсан учраас холдож чадахгүй. Боксын хамт олонтойгоо хамжиж дэмжвэл болох байх. Эхлээгүй ажлын тухай яримааргүй байна.

 
-Ингэхэд олимпийн тэмцээнийг “Илүү илүү” хэмээн тайлбарлаж, сэтгэл хөдлөлөө нуудаггүй Үүеэ ах “Лондон- 2012”-ын үеэр яагаад ажлаа хийсэнгүй вэ?
-Энэ үеэр хамт тоглож байсан найзуудынхаа урилгаар гадагшаа явж, багагүй ажил амжууллаа. Олимпийн дундуур эх орондоо ирж, тамирчдынхаа тулааныг МОБХ-нд нэг үе хүчин зүтгэж явсан нөхөдтэйгөө хамт үзсэн. Боксчдынхоо гаргасан амжилтад сэтгэл өндөр яваа. Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар маань бүх хүчээ дайчилж тоглосны хүчинд мөнгө хүрэл медаль хүртсэн.

 
-Бээжингийн олимпоос манай ширэн бээлийтнүүд алт, мөнгөн медаль авчирсан нь амжилтын оргил үе. Энэ  өндөрлөгт хүрэхэд холбооны генсекээр ажиллаж байсан таны хувь нэмэр багагүй нөлөөлсөн гэж спортын сэтгүүлчийн хувьд боддог юм. Гэтэл та удалгүй ажлаа хулээлгэж өгсөн. Дээрх амжилтанд таны сэтгэл ханасан хэрэг үү ?

 

-Олимпийн боксын холбооны генсекээр ажилласан таван жил гаруйн хугацаанд хийж бүтээсэн ажилдаа сэтгэл хангалуун явдаг. Бээжингийн олимпод гаргасан гавьяаг Э.Бадар-Ууган, П.Сэрдамба бид хэд л байгуулсан мэтээр ойлговол дэндүү өрөөсгөл.

Бидэнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан багш дасгалжуулагч, шүүгч, манай холбооны удирдлагатай энэ бүхэн салшгүй холбоотой. Тэр үеийн боксын холбооны еренхийлөгч Цогбаатар зохион байгуулах өндөр чадвартай, мундаг хүн. Бидний ажиллаж байх үед тамирчид маань олимпоос алт мөнгө, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авчирсан. Аль ч спортын төрөлд ийм амжилт ховор байх. Д.Банди багшийнхаа хөдөлмөр зүтгэлийг ч хэлэхийг хүсч байна. Лондоны олимпод манай тамирчид сайн оролцсон. Дөрвүүлээ медальд хүрэхэд гайхах зүйлгүй байсан гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.

 

-Та миний асуултад дутуу хариулчихлаа. Ажлын амжилтдаа сэтгэл ханаад ажлаа хүлээлгэж өгсөн гэж үү?

 

-Би тэр ажилд хадагдсан биш. Тухайн үед намайг сольё гэсэн, мөн үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн хүмүүс аль аль нь байсан. Ажлаа өгөхгүй гээд тамга, тэмдгээ авч зугтах ухамсар надад байхгүй. Тиймээс шинээр баг байгуулах сонголтыг хүлээж авахаас татгалзаагүй юм. Мөн биднийг удирдаж байсан Цогбаатар ерөнхийлөгч ажлын шугамаар Бээжинд томилогдсон учраас шинэ хүмүүсийг ажиллуулья гэсэн бодол төрсөн юм. Одоо бодоход би олон хүний ажлыг нэгэн зэрэг хийж байсан юм билээ.

-Магадгүй генсекээр ажиллаж байхдаа тамирчин ахуй үеэсээ ч их ядарсан биз?

-Ажилдаа дуртай юм чинь яалаа гэж ядрах вэ? Боксын хамт олон маань нөмөр нөөлөгтэй. Холбооны генсект хөөцөлдөх ажил их, нарийн бичгийн дарга нарийхан байх ёстой гэсэн шог ярианы учрыг тэр үед ойлгосон. Жин нэлээн хассан шүү. Ширээний ард суугаад бичиг цаастай ноцолдож, гарын үсэг зурах ажил угаасаа надад тохирохгүй. Ингэж ажиллахыг хүсэх ч үгүй. Тиймээс заримдаа машинаа орхичихоод “хоёр саарал”-аараа гүйж ажлаа амжуулах үе ч олон тохиолдоно. Ямартай ч ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан он жилүүдэд харамсдаггүй, харин ч түүхэн амжилт гаргахад нь дэм болж, одоогийн ялалтын суурийг тавилцсандаа баярлаж явдаг.

Б.Өлзийтогтох
Эх сурвалж:”Таван Цагариг”


URL:

Сэтгэгдэл бичих