”Аман хуур” чинь кино шүү
Зуун айл, Дэнжийн мянгын айлуудыг газартай нь тэгшлээд оронд нь арваас дээш давхар орон бууц бүхий хороолол босгох шинэ ажлыг манайхан удахгүй эхэлнэ. Энэ хавраас газар шорооны бөөн ажил ундрах гээд сүр бадруулж байна. Улаанбаатарыг “томчууд” орвонгоор нь эргүүлж, Ногоон нуурын хөндийд “Аман хуур” киноны үйл явдал шиг л баахан бүтээн байгуулалт өрнүүлэх гэнэ. Их л гоё болох юм байх, гэр хороолол. Ирэх 2020 он гэхэд солонгосчуудын барьж дуусах метроны шугамын нэг салаа ч үүгээр дайрна. Ингээд жинхэнэ утгаараа хотын төв шиг болно. Ийм төсөөлөл нийгэмд бүрдсэн. Гэтэл саяхнаас санхүүжилт нь ч сайнгүй байгаа тухай ажил хариуцсан зарим хүн нь хошуугаа унжуулаад бувтнах болов. “Битгий тэнэгтээд бай, “Аман хуур” чинь кино” гэж зарим нь дарга нартаа загнуулсан сураг байна. Энэ ч яахав гэж бодоход 2030 онд энэ хавийг орон сууцжуулж дуусна гэсэн яриа гарах боллоо. Юун 20 жил мунгинах вэ. Ойролцоогоор 32-ын тойргийн хамгийн арын эгнээний гудамжинд дүнхийх орон сууцны туузыг даруй 20 жилийн дараа хайчлахаар тооцоолжээ.
Ерөнхий төлөвлөгөөндөө ингээд заачихсан болохоор наана нь ч дуусгаж болохгүй юм байх. Хорин жилийн турш хотын иргэд зунд нь шавар, шохойгоор амьсгалж, өвөлдөө угаараар утуулах ийм төлөвлөгөө аж. Хамгийн гол нь үзэж тарсаар уг хорооллыг арайхийн барьж дуусгах үед хотын хүн ам хэд болчихсон байх бол. Дараа нь өөр хороолол босгох ажил руу ханцуй шамлаад дайрах уу. Тэгвэл ойролцоогоор 2100 оны орчимд Улаанбаатар хот төрхөө олох юм байна л даа. Гэтэл саяхан болсон Хятадын коммунист намын ээлжит бүгд хурлаас тус улсын дарга нар 2015 он гэхэд 200 сая орон бууц барьж ашиглалтад оруулах амлалтыг ард түмэндээ өглөө. Үнэхээр үнэмшсэнгүй. Өсөн нэмэгдэж байгаа хүн амаа орон сууцжуулахад тэд ингэж анхаарав.
“Их гүрэн аргагүй шүү дээ” гэж манайхан өөрсдийгөө өмөөрөх биз. Хүн ам ихтэй болохоор шоргоолж шиг бужигнуулаад дуусгах нь л дээ, тэд. Ердөө дөрвөн жилийн дотор баахан тоосго өрж дуусгаад ийм тооны айлыг нүүлгээд оруулчихсан байх нь. Харин тэр үед манайхан ямархуу байдалтай байх бол оо. Таах юмгүй. УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн өмнөх жилийн бэлтгэл гээд дээр, дооргүй гүйлдэж байна. Магадгүй, 2030 оноос эхлэх дараагийн хорооллын зураг төслийг 32-ын тойргоос хойшхи километр газарт хийх амлалтын санаа олчихоод л үзэг, цаасаа бэлтгэж суух байх даа.
Н.МӨНХТӨВШИН
“Улс төрийн тойм”
URL: