Н.Бямбагэрэл: Оюутнууд 4800 төгрөгөөр виза картаа, гэнэтийн ослын даатгалдаа хамрагдана

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой их дээд сургуулийн сургалтын төлбөр болон виза картын талаар Монголын оюутны холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ талаар Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.

 - Өнгөрсөн жил нийтийн тээврээр 96 мянган оюутан зорчиж байсан. Тэгвэл  энэ хичээлийн жилд хэчнээн оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих вэ?

-Тиймээ. Өнгөрсөн жил нийтийн тээврээр 96 мянган оюутан зорчиж байсан. Харин энэ жил МОХ хүчин чармайлт гарган ажилласаны үр дүнд нийтийн тээврийн хэрэгслээр энэ жил 113 мянган квот болгож чадсан. Нийтийн тээврээр зорчих журамд өөрчлөлт ороогүй учраас баяр, амралтын өдрүүдээс бусад өдрүүдэд цаг чиглэл харгалзахгүй зорчих болно. Энэ жилэс эхлэн бид оюутнууддаа энгийн хэрэглээний карт шиг пин кодтой картыг үнэ төлбөргүй хэвлэж өгөхөөр болсон.  Тиймээс 4800 төгрөгөөр оюутнууд бүтэн жил зорчих билетээ, виза картаа, гэнэтийн ослын даатгалдаа хамрагдана гэсэн үг.

 -Тэгэхээр урьд жилийн виза карт одоо үйлчлэхгүй гэсэн үг үү?

-Өнгөрсөн жил виза карттай, наалт нь баталгаатай байсан оюутан суралцагчид есдүгээр сарын 3-аас эхлээд аравдугаар сарын 1-нийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж болно. Энэ хугацаанд картын захиалгад хамрагдана.

-Нэг жилийн хугацаатай уг наалт хэдэн төгрөгний үнэтэй вэ? Виза картын үнэ өөрчлөгдөх үү?

-Цахим картыг урьд нь сарын 300 төгрөгөөр сунгадаг байсан бол энэ удаагийн наалтанд мөн адил сарын сунгалтын хураамжийг оруулан тооцоод 3000 төгрөг авахаар болсон.   3000 төгрөг нь түгээлтийн  үнэ болж байгаа. Харин тэмдэгтийн хураамж нь 200 төгрөг болсон. Нийтдээ 3200 төгрөгөөр уг наалтыг оюутнууд захиалан жил үнэгүй явах  боломжтой. Виза картны нэг жилийн сунгалт нь 1600, хоёр жилийн сунгалт нь 2100 төгрөг байгаа.

-Өмнөх жилүүдэд явдаг байсан виза, цахим картнаас юугаараа давуу талтай юм бэ. Ингэж өөрчлөх болсон гол шалтгаан нь юу байв?

-Өмнө нь ашиглаж байсан цахим карт эвдэрч гэмтэх, зураг арилах, улирал болгон сунгах зэрэг ар араасаа олон асуудал дагуулдаг байсан. Мөн цахим картыг уншигч редир гэдэг шалгах төхөөрөмж хангалтай байгаагүй. Нийтийн тээврээс шалгах үйл ажиллагаа 50 хувьтай л явагдаж байсан. Хэвлэдэг компани нь энэ жилээс үнэ нэмэх санал ирүүлсэн зэрэг шалтгаанаар цахим картыг солих шийдвэрийг гаргахаар болсон. Монголын оюутны карт нь бүтэн жил нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэйгээс гадна худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Мөн Голомт банкны харилцах дансаар төлбөр тооцоогоо хийх зэрэг олон давуу талтай.

-Наалтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Бүтэн жилээр зорчих эрхтэй наалт нь улсын тэмдэгтэй хоёр гурван албан байгууллагын нууцлалтай гарна. Засгийн газраас нэг жилд нэг оюутанд зориулан 230000 төгрөгийг нийтийн тээвэрт зарцуулдаг. Тиймээс хуурамчаар үйлдэх бусдад дамжуулсан тохиолдолд эрүүгийн зохих арга хэмжээг авна.

 -Нийтийн тээврээр үнэгүй зорчих хөнгөлөлтөд хамрагдах оюутнууд хаана хаана очиж, захиалгаа өгөх вэ?

-Оюутан залуус их, дээд сургуулиараа дамжуулж энэ хөнгөлөлтөд хамрагдана. Сургууль бүрт өөрийн квотдоо тааруулж сургуулиасаа хол гэртэй амьдралын боломж тааруу оюутнуудаа нэн түрүүнд хамруулах ёстой.

Б.Дэжид

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих