Барак Обама: ”Ну погоди, Асад!”
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Сири улс иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэвэл АНУ Сирийн хямралын талаар баримталж буй байр сууриа нэн даруй өөрчлөн, асуудалд хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй болно” гэж өчигдөр мэдэгдлээ. Дамаск үй олноор хөнөөх зэвсгээ хэрэглэхэд бэлдэж эхэлсэн нь үнэхээр тодорхой болбол энэ нь АНУ-ын хувьд Сирийн хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох хангалттай шалтгаан болох ажээ. “The New York Times” сонины өчигдрийн дугаарт бичсэнээр, Дамаскийн ийм алхам бодитой болсон тохиолдолд асуудал хар аяндаа олон улсын чанартай хэрэг явдал болж хувирах учир Вашингтон Сирийн хямралыг тус улсын дотоод хэрэг гэж үзэхээ болих аж.
Б.Обама мөн өчигдрийн мэдэгдэлдээ Б.Асадыг засгийн эрхээс даруй татгалзахыг уриалжээ. Үй олноор хөнөөх зэвсэг “Хезболла” болон “Аль-Каида” бүлэглэлийн гарт орох вий гэхээс Америкийн эрх баригчид улам бүр болгоомжилж байгаа бөгөөд ийм явдал амьдрал дээр хэрэгжих өчүүхэн төдий шинж тэмдэг илэрмэгц Сирид цохилт өгөх нь тодорхой аж. “Химийн зэвсэг буруу хүмүүсийн гарт орох нөхцөлийг бид бий болгуулж хэрхэвч болохгүй” гэж Б.Обамагийн хэлснийг “The New York Times” сонин иш татжээ. Өнгөрсөн долдугаар сард Сирийн ГХЯ иргэдийнхээ эсрэг энэ зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй, гэхдээ аль нэг хөндлөнгийн этгээд дотоодын хямралд нь оролцох гэвэл уг зэвсгийг нууц агуулахаас нь гаргах нь зайлшгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
“Associated Press” агентлагийн мэдээлснийг үзвэл сүүлийн өдрүүдэд Сирийн эрх баригчид босогчдын эсрэг нисэх хүчнийг ашиглах нь эрс идэвхижжээ. Дамаскийн дагуул хотууд болон тус орны өмнөд нутгуудыг агаараас байнга довтолж байгаа аж. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлж байгаагаар ойрын хэдэн өдөр Сирид наад зах нь 100 гаруй хүн амиа алдсан гэнэ. Лалын Рамадан сарын сүүлчийн өдөр таарсан ням гаригт л байдал харьцангуй тайван байсан боловч даваа гаригаас байлдааны ажиллагаа урьдын адил идэвхтэй үргэлжилжээ. Хэрвээ Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэвэл хямрал тус улсын дотоодын хүрээнээс бүс нутгийнх болж даамжирна хэмээн АНУ зовниж байгаа бөгөөд энэ талаар Б.Обама өчигдөр “Асуудал зөвхөн Сирид ч бус, бүс нутаг дахь манай ойрын холбоотнуудад ч, бидэнд ч хамаатай болж хувирна” гэж хэлснийг “Associated Press” иш татсан байна.
Б.Асад болон түүний тойрон хүрээлэгчид засгийн эрхэнд үлдэхийн тулд улам бүр улайрч, юу ч хийхээс буцахгүй болж байгааг “The Wall Street Journal” сонин өчигдөр онцлов. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар, химийн зэвсэг хэрэглэх явдал өнөө маргаашийн л асуудал болоод байгаа ажээ. Үй олноор хөнөөх зэвсгээс гадна гичийн хий буюу ипритийн асар их нөөц, пуужин болон артиллерийн их хэмжээний зэвсэг Дамаскт бий бөгөөд энэ нь уг иргэний дайнд амь хохироод байгаа хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлэхэд хангалттай юм. АНУ-ын дотоодод бүгд найрамдахчууд Б.Обамагийн засаг захиргааг шийдэмгий бус байна хэмээн шүүмжилж, Пентагоныг Сирийн асуудалд идэвхтэй оролцох хэрэгтэй гэж үзэж байгаа бол Ардчилсан намынхан, химийн зэвсэг хэрэглэх гэж байгааг нотлох баримт хангалтгүй байгааг сануулж байна.
“The Washington Post” сонин АНУ-ыг дайнд ямар ч байсан бэлэн болсон хэмээн бичжээ. “Б.Асад химийн зэвсэг хэрэглэж болох талаар ам нээлээ л бол олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлага хүлээх ёстой” хэмээн Б.Обама өчигдрийн мэдэгдэлдээ хэлснийг сонин иш татахын хажуугаар “Америкийн ерөнхийлөгчийн мэдэгдлийг шууд дайн эхлэхийн дохио хэмээн хүлээж аваад хэрэггүй” хэмээн Цагаан ордон дахь эх сурвалж нь хэлснийг дурьджээ. Сири улс химийн зэвсгийн их нөөцтэй хэмээн албан ёсоор мэдэгдсэн удаа хараахан үгүй боловч Дамаск Тегеранаас мэдрэлд хүчтэй үйлчлэх хий их хэмжээгээр худалдаж авсан гэх мэдээлэл бийг сонин тэмдэглэсэн байна. Хэрвээ энэ хийг хэрэглэвэл Сири дахь хүчний харьцаа эрх баригчдын тал руу хэлбийж болзошгүй гэнэ.
“The Los Angeles Times” сонины дүгнэж байгаагаар Сирийн мөргөлдөөн улам бүр хурцадсаар байна. Эрх баригчид болоод сөрөг хүчний аль аль нь тус улсын санхүүгийн төв болох Алеппо хотыг хяналтдаа авч чадахгүй, зууралдан тулалдсаар байгаа ажээ. Даваа гаригт тулалдааны талбарт Японы сэтгүүлч эмэгтэй амь үрэгдсэнийг сонин тэмдэглэсэн байна. Дамаск одоогоор улс орны ихэнх хэсэг, мөн химийн зэвсгийн нөөцөө хяналтдаа байлгасаар байгаа боловч дэглэмийн байр суурь илтэд ганхаж, химийн зэвсэг сөрөг хүчнийхний гарт орох болбол АНУ хөндлөнгөөс идэвхтэй оролцоход бэлэн байгаа аж. Израиль болон Туркийг мөргөлдөөнд оролцуулахаас Пентагон одоогоор зайлсхийж байна. Туркийн хувьд байдал онцгой хүнд байгаа бөгөөд одоогоор тус улсад ирээд буй Сирийн 70 мянган дүрвэгчийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа ажээ.
Б.Амгалан
”Өдрийн шуудан”
URL: