Н.Энхбаярын гэргий О.Цолмон: Улс төрийн зохион байгуулалттай аллага явагдаж байна гэж дүгнэж байгаа

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шоу хийхдээ гарамгай, эхнэр О.Цолмонг нь энэ тэнд захидал, хүсэлт гаргахдаа сурамгай боллоо гэж ярилцах болов.

Учир нь Н.Энхбаяр дөрвөн сарын өмнө шоронд хоригдохдоо дуулиант өлсгөлөнгөө зарлаж “шоудсаар” гарч чадсан. Монголын шоронгийн түүхэнд олон хоног өлсөглөн зарлаж, түүгээрээ халхавчилж гарч чадсан цорын ганц хүн бол Н.Энхбаяр юм. Харин түүний эхнэр О.Цолмон нөхрөө гаргахын тулд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд, ерөнхийлөгчийн ээжид хүртэл захидал бичүүлж шуугиулсан. Харин энэ удаа тэрбээр шоронд хоригдоод бие нь муу байгаа нөхрөө эмнэлэгт хэвтүүлэхийн тулд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Ерөнхий прокурор Д.Дорлигжав хоёр ээлжит хүсэлт, захидлаа бичсэнийг хэвлэлүүд мэдээлээв. Гэхдээ түүний захидал дунд онцгой, ноцтой өгүүлбэр байгааг хэвлэлийнхэн анзааралгүй өнгөрөөв.
Тэр нь “Н.Энхбаярын бие махбодь сэргэж хэвийн байдалд орох цаг хугацаа өгөлгүй хорьсноор бие нь улам муудаж амь насанд нь аюул учирч байгаа бөгөөд энэ бүхний үндсэн дээр гэр бүл, намын нөхөд, дэмжиж буй хүмүүс улс төрийн зохион байгуулалттай аллага явагдаж байна гэж дүгнэж байгаа бөгөөд таны хариуцаж байгаа байгууллага үүнд оролцож байна гэж бодох үндэслэл бүү гараасай гэж бодож байна” хэмээн Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандан бичсэн юм. Тэрээр нөхрийгөө хорьсон явдлыг улс төрийн зохион байгуулалттай аллага гэж үзэж байгаа бололтой. Энэ нь прокурорын байгууллага оролцохгүй байгаа гэсэн арга хэмжээг авч нотлохыг шаардсан аястай аж.

Үнэхээр О.Цолмонгийн хэлээд байгаа шиг манай улсад улс төрийн зохион байгуулалттай аллага болох гээд байна уу? Эсвэл тэрээр нөхрийнхөө биеийг муудахаар ингэж бодоод хардаад байна уу? Бүр өөр өнцгөөс нь авч үзвэл нөхрөө шоронгоос сулуулахын тулд иймэрхүү хурц өнгө аястай мэдэгдэл хийж, олон түмнээр дахин өрөвдүүлэх гэсэн тактик уу? гэх зэрэг олон эргэлзээ, таамаг иргэдийн дунд байна. Ямартай ч гэсэн төрийн тэргүүн байсан хүний гэргий улс төрийн зохион байгуулалттай аллагын тухай асуудлыг хөндсөн нь ихээхэн анхаарал татлаа. Түүний энэхүү үгийг удахгүй гадны хэвлэлүүд ч шүүрч аваад дүгнэлт хийж, дэлхийгээр нэг мэдээлэл цацах биз ээ.
Мөн О.Цолмонгийн хүсэлт, захидалд улс төрийн зохион байгууллалттай аллагын талаарх байр сууриас нь гадна нөхрийнхөө талаар бодож явдаг зүйлс ч цухуйж байна. Тэрээр нөхрийнхөө талаар “Миний нөхрийн улс орон, ард түмнийхээ төлөө хийсэн бүтээснийг яаж ч баллах гээд боломжгүй ил тод бөгөөд миний нөхрийн хувь заяа ард түмний хувь заяатай салшгүй холбоотой болсныг ойлгож байгаа биз дээ” гэсэн эвтэйхэн сануулга О.Цолмонгийнх. Мэдээж Н.Энхбаярын хийсэн бүтээснийг ард түмэн мэднэ. Харин түүний хувь заяа ард түмний хувь заяатай салшгүй холбоотой гэдэг нь арай л дэгс дүгнэлт, үнэлэлт байх. Ийм том үнэлэлтүүдийг нөхөртөө өгсөн мөртлөө шүүгч нарыг нэр зааж шүүмжилж, олон нийтэд зарлаж байна. Шүүгчийн биед халдлаа гээд УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ тэргүүтэй хүмүүсийг удахгүй шүүх гэж байгаа. Харин О.Цолмонг шүүгчдийн нэр төрд халдсан мэдээллийг хийж, хэвлэлээр цацлаа гэж эрүү үүсгэн шалгахгүй бололтой.

Энэ мэтээр арван гурван аашаа хэрэглэж байгаад О.Цолмон эр нөхрөө албан тушаалтнуудын үзүүлдэг улсын эмнэлэгт хэвтүүлж дөнгөлөө. Өмнө тэр хорихоос гаргаж байсан. Харин энэ удаа яах бол? Түүний хэлдэгээр үнэхээр улс төрийн аллага болох гээд байгаа юу? Төрийн тусгай хамгаалалт Н.Энхбаяраас хараагаа салгахгүй байгаа цагт ийм дэмий юм ярьж олон түмнээр өрөвдүүлэх хэрэг байна уу даа?
Өчигдөр Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлсний дараа интернет орчинд “манай улс ардчилсан орон юм бол бие нь муудсан бүх хоригдлуудыг хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлье” гэсэн уриалга ихэд тарсныг бодож үзэхэд ч гэмгүй юм.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих