Чөлөөтийнхөн өнөөдрөөс зодоглоно
“Лондон-2012″ зуны XXX олимпийн наадмын бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-нд сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн билээ. Харин өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан эхлэх юм. Олимпийн хөтөлбөрийн дагуу энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг ба 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Тэгвэл дээрх хоёр жингийн бөхчүүдийн сугалаа дөнгөж саяхан тодорлоо.
Олимпийн дэвжээнд монголчууд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчнаа өрсөлдүүлнэ. Монголын бөхчүүдийн салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Д.Отгонцэцэг, харин 63 кг-д С.Батцэцэг нар зодоглох билээ. Сугалаа ёсоор 48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг эхний тойрогт Колумбын бөх Каролина Кастилло Идалготой барилдана. Эхний өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогт Польш ба Аргентиний бөхчүүдийн ялсантай нь хүч үзэхээр сугалаа татжээ. Харин 63 кг-д барилдах дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэгийн тухайд эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуитай барилдахаар болжээ.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 20.00 цагт эхэлнэ.
Харин 9-нд эмэгтэйчүүдийн 55 кг ба 72 кг-ын жингийн барилдаан болж, Монгол Улсаас С.Бямбацэрэн /55 кг/, О.Бурмаа /72 кг/ нар барилдах бол эрэгтэй бөхчүүд 10-наас тэмцээнээ эхлүүлэх юм.
URL: