З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү
Шударга ёсны төлөө МАХН-ын буурийг сахина хэмээн Төрийн ордныг гороолон суусан нөхдүүдээс хэд, хэд нь өнөөдөр УИХ-ын гишүүний “сэтэр” зүүж, сэнтийд нь залраад байна. Тэд үнэхээр шударга ёсыг сахиж ард түмний итгэлийг хүлээсэн үү гэдэг эргэлзээтэй болж эхэллээ. Харин ч их сонин хүмүүс юм. Амнаас нь унаж буй үг бүр нь “шударга ёс” гэх мөрт багтах боловч үйлдэл нь үргэлж зөрдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үнэндээ “шударга ёс” хэмээх үг тэдний хувьд зүгээр л сонгуулийн пиар, иргэдэд таалагдах баг байсан гэдэг нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт хорих ял оногдуулсан цагаас хойш бүр ч ил харагдах боллоо. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялалт байгуулж, парламентын халуун тогоонд орсон цагаас нь эхлэн тэдний ашиг сонирхол цухалзсаар одоо бүр гаарах нь. Тэд ард түмний дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн болсныхоо маргаашаас л хэний дэмжлэгийг авч итгэл хүлээсэн, одоо ямар ажил хийх ёстойгоо умартаж, зөвхөн нэг хүний төлөө улс төр хийж, ашиг сонирхлоо илэрхийлсээр байгааг шударга ёс гэх үү. Намын дарга Н.Энхбаяртаа Их хурлын гишүүнийхээ эрх үүргийг ч умартан хоёргүй сэтгэлээр үйлчилж байгаа нь МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан нөхдийн хувьд яриад байгаа шударга ёс нь бололтой. Түүнээс биш ард түмний амьдрал ядуу хоосон байна, ажлаа хурдан урагш нь явуулъя гэсэн сэтгэл, зүрх зориг тэдэнд алга.
МАХН-ын дарга Н.Энхбаярт хорих ял оноосон шүүхийн шийдвэр гарах үед тус намын удирдлагууд, гишүүд дэмжигчид Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнөх талбайд шар цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлэх ёслолыг Л.Цог, Б.Баянсэлэнгэ нарын УИХ-ын гишүүд толгойлон удирдав. Ард түмний итгэлийг хүлээж, хууль тогтоох байгууллагад орчихоод ганцхан хүний эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүд ийнхүү авирлаж байгаад сонгогч олон нь өөр өөрийнхөө дүгнэлтийг хийж буй биз. УИХ-ын гишүүд улс эх орон, ард түмний эрх ашигт үйлчлэх хуулийг баталж, хяналт тавьдаг үүрэгтэй болохоос албан тушаалаа ашиглаж, хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон хэн нэгнийг халдашгүй эрхээрээ түрий барьж, өмгөөлж хамгаалж, жагсаал цуглаан хийдэг эрх мэдэл биш. Эвслийн Засгийн газарт хамтарна хэмээн гарын үсэг зурсан бэх нь хатаагүй байхад тэд Н.Энхбаяраар шалтаглаж, тэс хөндлөн зүйл яриад сууж байх жишээтэй. УИХ-ын сонгуульд эвсэл болж орсон МҮАН-ынхантайгаа хэлэлцэж тохироогүй байж “Шударга ёс” эвсэл засагт хамтрах боломжгүй хэмээн толгой мэдэж мэдээлэл ч хийгээд амжсан. Н.Энхбаярын төлөө л бол ханилж орсон намаа мартаж байгаа юм чинь ард түмнийг эргэн нэг санаач гэвэл эгдүү нь хүрэх биз. Ер нь бол засаг төрийн ажлыг дуртай цагтаа орж, дургүй нь хүрэхээр хаячихаж болдог хэмээн ойлгож байвал тэр ташаа шүү. Ард түмний итгэлийг дааж гүйцэтгэх засаглалд орно гэдэг нь нэг хүний ашиг сонирхлын төлөө гадаа жагсч, хуурай нойтон өлсгөлөн зарласан гудамжны улс төрөөс тэс өөр болохыг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын гишүүд эрх биш ойлгож л баймаар даа.
Үүнтэй мөн адил дөнгөж саяхан УИХ-ын тангаргаа өргөж, шүлс нь хатаагүй байхад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон өмгөөлөгч О.Баасанхүү Н.Энхбаярт хилс хэрэг тулгасан гэх мэдээллийг хийлээ. УИХ буюу хууль тогтоох дээд байгууллага гэдэг нь бүтцээрээ болон олонхоороо шийдвэр гаргаж, хяналтаа хэрэгжүүлдэг байгууллага. Асуулт, асуулгаас өөр хэлбэрээр хувьчилж хяналтын эрх мэдэл эдлэх гэж оролдвол өөрөө эргэн асуудалд орооцолдох магадлал өндөр байдгийг хэн хүнээс илүү мэдэж байх учиртай. УИХ-д сонгогдсон мандат, УИХ-ын гишүүнийхээ халдашгүй эрхийг ашиглан олон нийт, улс эрх орны хөгжил дэвшилтэй холбоотой асуудлыг уландаа гишгэж, хэн нэг хэрэг хийсэн хүнийг өмгөөлөх ажлаа явуулна гэвэл жинхэнэ сонирхлын зөрчил гээч нь болно гэдгийг учир мэдэх хуульчид илэрхийлсэн байх юм.
О.Баасанхүүгийн мэдэгдэлд дурьдсан бас нэгэн сонин зүйл нь Н.Энхбаярыг өмөөрч, төрийн цагдаагийн өмнөөс салаавч гаргаж, танхайрсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлыг тэрбээр мөн л өмгөөлөв. Түүнийхээр бол объект, субъект нь тодорхойгүй газар хор хохиролгүй салаавчийг УИХ-ын гишүүн хүн гаргачих бол байх л асуудал юм байх. Тэгэхээр О.Баасанхүү гишүүн бол хор хохиролгүй салаавчийг объектив, субъектив нь мэдэгдэхгүй газар гаргачихаад явж байхыг үгүйсгэхгүй л юм байна. Харин Ц.Шинэбаярын салаавч гаргасан үйлдэл хүний бие эрхтэнд ноцтой гэмтэл учруулахгүй ч нийгэмд учруулсан хор хохирол нь ямар байсан бэ гэдгийг гишүүн асан өөрөө ч илүү ойлгож, О.Баасанхүүгээс өөр бодолтой байгаа гэдэгт найдъя.
Ийнхүү ард түмний элч болж УИХ-ын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөвхөн нэг хүнийг өмгөөлөхөөр хууль тогтоох дээд байгууллагад орсон мэт аашилж байгаа бол З.Баянсэлэнгэ зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж, хэрэг төвөгт орооцолдож байсан зангаа тавихгүй нь. Угтаа бол УИХ гэдэг нь Н.Энхбаярт үйлчилдэг газар биш. УИХ-ын гишүүнээр сонгогдсон дээрх гишүүд хэн нэгэн Н.Энхбаярын хэрэгт хэт их ашиг сонирхлоор хандах нь бүү хэл огт падгүй байх ёстой. Хэрэв намын ажлаа явуулахыг хүсч, улс төрийн тоглолтоо хийх гэж байгаа л бол О.Баасанхүү гишүүний өөрийнх нь хэлдгээр объектив, субъектив газраа олж хийсэн нь илүү үр дүнтэй байх болов уу. Түүнээс биш УИХ-ын гишүүнээр сонгогдож, хууль тогтоох дээд байгууллагад орж суучихаад хуулийн эсрэг хэн нэгнийг өмгөөлөх гээд бүр болохгүй бол жагсах оролдлого хийсэн байр суурь энэ хэвээр үргэлжлээд байх юм бол ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шалгуулахад ч болохгүй гэх зүйл үгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Б.Даваа
URL: