Хилээр 2,7 тонн бугын эвэр гаргах гэж байсныг илрүүлжээ
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Дархан цаазат Хустайн нуруунаас өнгөрсөн тавдугаар сарын 30-нд 13 буга агнаж эд эрхтэнийг нь авч зугтаасан хэрэг гарч байсан билээ.
Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах явцад урьдчилсан байдлаар “Эмээлт”, “Цайз” зэрэг түүхий эдийн захын ченжүүд хууль бус ангийн хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон байна.
Одоогоор 5-10 жилийн турш ангийн эд эрхтэнийн наймаа хууль бусаар хийдэг байсан гурван бүлэг бүхий 30 гаруй этгээдийг цагдаа нар саатуулаад байгаа бөгөөд сэжигтнүүд хэргээ хүлээгээд байгаа аж. Тэд хил давуулж Хятадад борлуулдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх ажлын хэсгийнхэн ангийн хууль тогтоомж зөрчиж гэмт хэрэг үйлдэн галт зэвсгээ нуун хадгалж байж болзошгүй 17 айлын гэр, орон сууц, контейнерт үзлэг, нэгжлэг явуулсан юм байна. Үзлэг, нэгжлэг хийхэд 34 хос бугын цусан эвэр, 2.7 тонн ясан эвэр, 102 ширхэг бугын сүүл, 22 ширхэг бугын чив, 20 ширхэг хүдрийн заар, 20 ширхэг баавгайн савар, дөрвөн ширхэг баавгайн доньд, зургаан шилүүсний арьс, зэрлэг гахайн долоон ширхэг төмсөг, долоон ширхэг чонын ходоод, 124 ширхэг зээрийн эвэр, 27 шуудай самар тус тус илэрснийг газар дээр нь хураан авчээ.
Мөн нэгжлэгийн үеэр гарч ирсэн 12 ширхэг галт зэвсгийг хураан авч ШШҮТ-д харьцуулах шинжилгээнд хүргүүлэн холбогдох мөрдөлтийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Дээрх 2.7 тонн бугын эвэр болон 27 шуудай самрыг хууль бусаар хил давуулах гэж байхад нь манай цагдаа нар шуурхай ажилласны дүнд илрүүлж зохих арга хэмжээг нь аваад буй юм байна.
Х.Баяр-Угтах
URL: