Тавдугаар цахилгаан станцын үнэлгээ шударга явагдсан уу

Монгол Улсын бүтээн бай­гуулалт, хөгжлийг дэмжих гол гарц болох дулааны тавдугаар цахилгаан станцыг барих асуудал хэдэн жилийн турш яригдсаар ирсэн  билээ. Улаанбаатар хотын цахилгааны хэрэгцээ 2015 онд 531 МВт, 2030 онд 2361 мВт болж нэмэгдэх тооцоог Засгийн газраас гаргаж, иргэдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор тавдугаар цахилгаан станцыг  барихаар ТӨХ-оос олон улсын тендер зарласан юм.

Тендерт 11 компани, консерциумын нэгдэл оролцсоноос 2011 оны сүүлээр энэхүү тендерийн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн  дөрвөн компани болон консорциумд дараагийн шатны шалгаруулалтад орол­цох урилгыг Төрийн өмчийн хо­роо­ноос тавьсан байна. Тодруулбал, “Мицуй”, “Делим-Ланко”, “Самсунг-Косро”, “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” гэсэн дөрвөн оролцогч урьд­чилсан шалгаруулалтад тэнцсэн бай­даг.

Урьдчилсан шалгаруулалтад тэнц­сэн консерциумуудаас тендерийн ялагчийг тодруулах дараагийн шатны шалгаруулалтыг явуулахдаа Төрийн өмчийн хорооныхон материалаа бүр­дүү­лэх хугацааг нь шахамдуулсан нь зарим оролцогчийг материалаа бүр­дүүлж чадахгүйд хүргэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, тендерийн материал бүрдүүлэхэд дагаж мөрдөх хамгийн гол баримт бичиг болох Request for Proposal-ийг 2012 оны хоёрдугаар сарын сүүлээр бэлэн болгож, санал өгөх эцсийн хугацааг 2012 оны тавдугаар сарын 7-ны өдрөөр тогтоожээ.

Энэ нь олон улсын практикт, ийм төрлийн тендерт бэлтгэхэд хангалтгүй хугацаа бөгөөд хугацаандаа багтаагүй шалтгаанаар дээрхи дөрвөн консорциумын зөвхөн хоёр нь л материалаа ТӨХ-д өгч амжсан байна. Эндээс харахад тавдугаар цахилгаан станцыг барих тендерийг сонгуулиас өмнө амжиж дуусгах сонирхол Засгийн газарт байв уу гэсэн хардлага төрж байгаа юм.

Учир нь сонгуулийн өмнөхөн Төрийн өмчийн хорооноос тавдугаар цахилгаан станцын тендерийн ялагчийг тодрууллаа гэсэн мессеж гадуур тархснаас харахад, тендерийн ялагч албан ёсоор тодроогүй байхад яагаад ийм яриа гарах болов оо, цаана нь ямар нэгэн учир шалтгаан байна уу гэсэн асуулт гарахад хүргэж байна. Засгийн газар энэхүү тендерийн үнэлгээг 2012 оны сонгуулиас өмнө дуусгах зорилготой байснаас, мөн Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байгаагаар энэ нь тайлбарлагдаж болох юм.

Ингээд ТӨХ ноос томилогдсон тендерийн комисс, АХБ ны мэргэжилт­нүүдийн тусламжтайгаар үнэлгээний ажилдаа орсон байна. Шинээр бат­лагд­сан Концессийн хуулийн хүрээнд манай улсын хэмжээнд хэрэгжүүлж бай­гаа томоохон төсөл гэдэг утгаа­раа ТӨХ энэхүү үнэлгээний явцын туршид АХБ болон тэдний томилсон мэргэжлийн компаний заавар зөвлөл­гөөг авч байсан нь сайшаалтай боловч даанч энэ нь эцсийн үнэлгээний явцад тусгалаа олсонгүй.

Энэхүү зөвлөх ком­панийн үнэлгээгээр, “Самсунг-Коспо” консорциумын санал өрсөлдөгч консорциумын саналаас тариф, анхны хөрөнгө оруулалт, үр ашигтай байдал,  тарифт харгалзах татвар зэрэг үндсэн үзүүлэлтээрээ дунджаар 10 гаруй хувиар давуутай байхад “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциумийг төгсгөлийн шатанд Preferred Bidder буюу Давуу эрхтэй оролцогчоор шалгаруулжээ.

Давуу эрхтэй оролцогч гэдэг утгаараа “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциумтай Мон­голын Засгийн газар эхлээд хэлэлцээр хийж тэр нь бүтэлгүйтвэл дараагийн оролцогч болох “Самсунг-Коспо”-г хэлэлцээрийн ширээнд урих ёстой юм. Ийм учраас  Засгийн газартай хийгдэх хэлэлцэрийг дуустал  “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком”-ыг тавдугаар цахилгаан станцын тендерийн ялагчаар зарлаад байгаа нь буруу юм.

Цахилгаан станцын төслийн ажилд хамгийн гол хоёр үзүүлэлт байдаг нь  техникийн саналын хувьд-бойлуур, сан­­хүү­гийн саналын хувьд тарифф буюу хэ­рэглэгчдийн төлөх цахилгааны төлбөр юм.

Нэгдүгээрт, энэ төсөл нь BOT буюу барих-ажиллуулах-шилжүүлэх нөхцөлөөр хийгдэж байгаа ба дээрх нөхцөлөөр тендерт ялсан тал станцыг барьж ашиглалтад оруулснаас  хойш 25 жилийн хугацаанд ажиллуулсаны дараа Монголын талд шилжүүлнэ. Хэрэв “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциум энэ төслийг хэрэгжүүлбэл, 450 мгВт-ыг хэрэглэгчид хэрэглэнэ гээд тооцвол үүнийгээ 25 жилээр үржүүлбэл, тарифийн зөрүүнээс ард иргэдийн нуруун дээр 25 жилийн туршид 600 сая ам. долларын нэмэлт дарамт ирж байна.

Хоёрдугаарт, “Самсунг- Коспо”-гийн санал болгож буй бойлуур нь дэлхийн нийт хэрэгцээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг АНУ-ын Foster-Wheeler Boiler гэнэ. Тэгвэл “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциум БНХАУ-д үйлдвэрлэсэн Hyundai Boiler компанийн хаана ч хэрэглэгдэж эхлээгүй туршилтын гэж болохоор бойлуурыг санал бол­гож байна. “Хьюндай Групп” компа­нийн “буянаар” өмнийн говийн ир­гэд сүүлийн хэдэн өвлийн туршид цахил­гаан, дулаанаар гачигдаж, зутарч суугааг та бүхэн мэднэ.

Сүүлийн хоёр өвөл Өмнөговь аймгийн Далан­задгадын станц тэг зогсолт хийж, сар гаруйн хугацаанд өмнөговьчууд цахилгаан, дулаангүй байсан нь худлаа биш. БНХАУ-д үйлдвэрлэсэн Hyundai Boiler-ийг тавдугаар цахилгаан станцад ашиглалаа гэхэд асуудал үүссэн тохиолдолд улаанбаатарчууд л хамгийн түрүүнд хохирол амсах нь тодорхой.

Энэ шударга бус үнэлгээний асуудалд одоогийн болон шинээр байгуулагдах  Засгийн газар, ТӨХ-ны шинэ удирдлага анхаарлаа дахин нэг хандуулж, шударга бус үнэлгээг  хянан үзэж, ард иргэдийн нуруун дээр ирэх дарамтыг багасгаж, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад анхаарна гэж найдаж байна. Тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих гол гарц мөн юм бол энэ асуудалд хянамгай болгоомжтой хандахгүй бол эргээд эдийн засгийн томоохон хохирол  амсч магадгүй юм.

Ж.ЭРХЭС


URL:

Сэтгэгдэл бичих