Манай дарга хувийн эмнэлэгтээ хүртэл өвчний түүх хуурамчаар бичүүлж байсан

Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” цувралын хүрээнд “Эмч нарын хэрэг”-ийг олон нийтэд ил болгосон. Цуврал нийтлэлийн мөрөөр Нийгмийн даатгал, ЭМЯ, МҮЭ, Ажил олгогч эздийн байгууллага мөнгө хувьдаа завшиж байсан эмнэлгийн дарга нарыг шалгаж байгаа билээ. Шалгалтын дүн эхнээсээ гарч олон тооны өвчний түүх хуурамчаар бичиж Эрүүл мэндийн даатгалаас мөнгө завшиж байсан эмч нарын хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаад зогсохгүй ажлаас нь халах санал хүргүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг эмч ажиллагсдаа өвчний түүх хуурамчаар зохиож бичихийг шахаж дарамталдаг байсан талаар тус эмнэлгийн дотрын эмч Б.Тунгалагтай ярилцлаа.

-Танай дарга эмч нараар өвчний түүх хуурамчаар хэрхэн бичүүлдэг байсан юм бэ. Та энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Цагдаагийн газраас энэ хэргийг одоо шалгаж байгаа. Би эхлээд тийм олон эмч бичдэг гэж мэдээгүй. Лав 17 эмчээр хуурамч түүх бичүүлсэн нь илэрсэн гэсэн. Бид нарт овог нэр, регистр, даатгалын дугаар бичсэн өвчний түүх өгөөд доторхийг нь бөглөж бичихийг үүрэгддэг байсан. Тэгээд бид нар чиглэл чиглэлийнхээ дагуу онош тавьж худлаа зохиогоод бичнэ. Төрөөс мөнгийг нь даадаг буюу тэтгэврийн болон группт хамрагддаг хүмүүсийн нэрийг ашигладаг байсан. Тэр хүмүүс өөрсдөө эмнэлэгт хэвтээгүй ч хэвтсэн болгож ашиглана гэсэн үг л дээ.

-Нийгмийн даатгалын газрын ажилтан Р.Наранчимэг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж яригдаад байгаа. Эмч нарын шалгах ажлын хэсэгт энэ хүн өөрөө орж ажиллаж байгаа нь нэг талаар хамтарч хийдэг булхайгаа илчилж чадах болов уу?

-Сая ажлын хэсэг дунд Р.Наранчимэг ажиллаж байгаа нь мэдээж шударгаар шалгахад саад тээг болох байх. Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Р.Наранчимэг нь 2007 онд манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй мөртлөө өвчний түүх нээлгэж байсан. Тэр үед тэр хүнийг манайхан ярихдаа бид нарын хуурамчаар бичсэн өвчний түүхийг авч оронд нь манай эмнэлэг рүү мөнгө шилжүүлдэг хүн гэж байсан.

-Яг хэдэн оноос хойш эмч нараар өвчний түүх бичүүлсэн юм бэ?

-2006 оноос хойш бичиж байгаа. Өнгөрсөн 2009 оны арванхоёрдугаар сард даатгал хариуцаж явдаг Цэвэлмаа, дотрын тасгийн эрхлэгч Эрдэнэчимэг нар ярихдаа дарга дахиад бич гэж байна. Эмч болгоныг 10 өвчний түүх бич гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь миний хувьд одоо бичиж чадахгүй гэдгээ хэлсэн. Үүнээс нэг сарын дараа намайг гэнэт ажлаас халсан. Намайг ажлаасаа халагдах өргөдлөө өөрөө өг гэж С.Тунгалаг дарга хүчээр тулгасан. Би яагаад ингэж байгааг лавлахад хариу тайлбар өгөөгүй. Тэгээд Үйлдвэрчний эвлэл, шүүхэд хандаж шалгуулахад хууль бус тушаал гаргаж халсан гэдэг нь тогтоогдож буцааж ажилдаа орох шийдвэрийг хүлээж авсан. Гэвч жилийн дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард бас хууль бус тушаал гаргаж намайг хоёрдугаар амбулатори руу шилжүүлж зайлуулсан. Хууль бус тушаал гаргасан гэдэг нь ахиад л тогтоогдсон. Манай эмнэлгийн эмч нар үнэндээ өвчний түүхийг хуурамчаар бичиж буруу зүйл хийж байна гэдгээ мэддэг ч даргаасаа айсандаа болоод яах аргагүй хэлснийг нь хийдэг. Хэрэв эсэргүүцвэл дарамт шахалт ирэх болохоор даргынхаа хэлсэн үүрэг даалгаврыг буруу зөв бай хамаагүй хийхээс аргагүй хэцүү байдалд ордог. Би одоо ярилцлага өгч ил хэлж байгаа болохоос манай эмч нар дотроо бүгд бухимдалтай явдаг.

-Танай дарга С.Тунгалаг шадар сайд М.Энхболдтой нэг ангид хамт сурч байсан яриа байдаг. Тэр хүний нөлөөг ашигладаг гэгдээд байгаа?

-М.Энхболдтой арван жилийн нэг анги байсан гэдгийг бүгд мэднэ. Өөрөө нэр нөлөөг нь ашиглаж яваа болохоос М.Энхболд манай эмнэлгийн энэ асуудалд огт хамаагүй биз. Манай дарга Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр ажилладаг улс төрийн сонгуульт ажилтай хүн шүү дээ.

-Өвчний түүхийг хуурамчаар бичиж 200 сая төгрөг шамшигдуулсан талаар мэдээлэгдэж байгаа. Нийт хэд орчим төгрөгийг завшсан бол?

-Би тодорхой сайн мэдэхгүй. Хэдэн эмчээр хэдэн удаа бичүүлж байсныг нь би мэдэхгүй. Миний хувьд надаар бичүүлснийг л баримттайгаар ярьж чадна. Би өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 50-60 өвчний хуурамч түүх бичсэн байдаг юм билээ. Манай дарга “Жавхлан” гэдэг нэртэй хувийн эмнэлэгтэй. Тэр эмнэлэгтээ хүртэл надаар 2006 онд өвчний 60 түүхийг хуурамчаар бичүүлсэн.

-Нэг өвчний түүх хэдэн төгрөг болдог юм бэ?

-Жил жилд даатгалын газраас орж ирдэг мөнгө өөр. Одоогийн байдлаар нэг өвчний түүх 160 мянга төгрөг орчим байх.

-Зөвхөн таны тооцооллоос үзэхэд 10, 20 сая төгрөгтэй тэнцэхүйц өвчний түүх бичүүлсэн болж таарах нь. Өвчний түүх хуурамчаар бичихээс гадна өөр ямар булхай хийлгүүлдэг байв?

-Уг нь амбулаторийн эмч нар хэзээ ч өвчний түүх бичдэггүй. Тэгтэл дарга маань хэвтэж эмчлүүлдэг больницын эмч нараас гадна амбулаторийн эмч нараар өвчний түүх бичүүлсэн байна лээ. Манай эмнэлэгт олон булхай луйвар байдаг. Ажлын байраа өөрчлөх гэсэн нэг эмчийг нэг сая төгрөг өгвөл ажлыг чинь өөрчлөөд өгнө гэсэн юм байна лээ. Эмч биднээр цалингийн зээл авахуулж мөнгийг нь өөрсдөө авдаг байсан. Надаар хоёр удаа 500, 500 мянган төгрөг авахуулсан. Зээл авахад бүрдүүлдэг бичиг баримтыг бэлтгээд тавьчихдаг. Тэгээд түргэний машинд биднийг суулгаад Зуун айл дахь ХААН банкны салбараас зээл авахуулна.

-Авсан зээлээ буцааж хэн төлөх үү?

-ХААН банк бидний цалингаас шууд зээлээ тооцоод авчихна. Бид сар бүр мөнгөний нярав Цэрэндуламаас буцааж авдаг. Тэр мөнгөөр яг юу хийдэг байсныг нь бид мэдэхгүй. Даргаасаа айдаг болохоор асуух ч эрх байхгүй. Мөн цалин дээр 50 хувийн урамшуулал нэмж олгосугай гэсэн тушаал шийдвэр гаргадаг. Бид ч цалингиинхаа 50 хувьтай тэнцэх мөнгө нэмж авах нь гэж баярлаад л гарын үсгээ зурдаг. Тэгтэл мөнгөний нярав маань тэр мөнгөө буцаагаад өгчих. Манай байгууллага өр зээлтэй юм чинь хэдэн хүн дээр ийм аргаар мөнгө авч байгаа юм гэж тайлбарлана. Миний цалин дээр гурван удаа 50 хувьтай тэнцэх мөнгө авсан. Манай ерөнхий нягтлан Дэлгэрмаа, дарга хоёр маань бүх асуудлыг зохицуулаад байдаг л даа. Мөн нэг удаа бидний цалингаас хүн бүрээс дөрвөн мянган төгрөг авчихсан байсан. Асрагч сувилагчид яагаад мөнгө татсаныг нь тодруулахаар эмнэлэг хариуцсан даргын өрөөнд ороход өрөөндөө согтуу сууж байсан гэсэн. Тэгэхээр нь телевизэд хандаж эмнэлгийн бодит байдлын талаар ярилцлага өгсөн. Тэгтэл нөгөө хэдэн асрагч, сувилагчийг дарга дуудаж хурлаар авч хэлэлцээд бүгдийнх нь ажлын байрыг өөрчилсөн. Асрагч хийж байсныг нь үйлчлэгч болгох гэх мэтээр шийтгэсэн дээ. Та нар дуугараад байх юм бол яадгийг нь хараарай. Хэрэв дуугараад байвал ингэнэ шүү гэдгийг нь сануулсан.

-Тэгэхээр танай байгууллагад маш их дарамт байдаг юм байна. Энэ талаар эмч нар яагаад үг хэлж чаддаггүй юм бэ?

-Улсын бүх эмнэлгүүд ялгаагүй дарамт шахалт ихтэй. Нэгж дээр ажилладаг эмч бид тэр дарамт шахалтыг нь амсах ч үг хэлж дээшээгээ хандаж чаддаггүй. Хэрэв хэлбэл шахаж дарамтлуулна. Манай эмнэлэг менежмэнтийн хувьчлалд орсон. Энд бол хэдэн дарга нар дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг болдог. Хүний нөөцийн дарга, нягтлан нярав гэх мэт албан тушаалд хамаатан садныхаа хүмүүсийг ажилд авчихдаг Тийм болохоор яаж ч зөв үйл ажиллагаа явагдах вэ дээ.

-Та хэвлэлээр ил гарч ярилцлага өгч байгаа болохоор танд дарамт шахалт цаашид ирэхгүй гэх баталгаа алга. Та үүнээс хэр эмээж байна вэ?

-Тэр их мөнгөний ард юу ч болж мэднэ. Би дотроо их айдастай яваа Би олон жил дарамт дор хууль бус ажиллагааг нь хийж ирсний хувьд цаашид үнэнийг хэлэхгүй бол болохгүй гэж бодож байна. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ дээ. Хүн үнэний төлөө дуугарахаас аргагүй байдалд ордог юм байна. Алийн болгон гэмтэн буруутан шиг дарамтлуулж шахуулж ажиллах вэ дээ. Миний юу хийх, хэнтэй уулзахыг цаг үргэлж хянуулж байгаа талаар надад хүмүүс хэлдэг л юм. Би хараа хяналт дор ялтан шиг цаашид ажиллаж чадахгүй нь.

-Ер нь танай дарга С.Тунгалаг хэр их хөрөнгө мөнгөтэй бийлэгжүү нэгэн бэ. Хууль бус үйл ажиллагаа хийж олж байгаа мөнгөө юунд зарцуулдаг хэрэг вэ?

-Би хувийнх нь амьдралыг сонирхож явсангүй. Лав өнгөрсөн зун Гүнтэд гэлүүдээ байшин бариулж байгаа гэж дуулдсан. Хоёр жилийн өмнө шинэ байр хүртэл захиалж байсан. Мэдээж байгууллагадаа зарцуулах гэж хууль бус ажиллагаа явуулдаггүй нь тодорхой.

-Одоо танай дарга ажлаа хийж байгаа юу. Ажлаас нь өөрчлөх талаар яригдаад байгаа гэсэн?

-Ажлаа хийж байгаа. Анх энэ хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгасан. Мөрдөн байцаагч нь илтэд нэг талд орсон мэдүүлэг авч байсан болохоор би Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан. Энэ дагуу Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс одоо шалгаж байна. Авлигатай тэмцэх газрын байцаагчид хүнийг өдөржин хүлээлгэж зориудаар юмуу залхаадаг юм байна лээ. Дарга нарын хэргийг Авлигатай тэмцэх газрынхан замхруулчихдаг гэдэг нь үнэн бололтой. Эмнэлгийн энэ хэрэг мандсаны дараа эмч болон манай эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнүүд шударга үнэнийг олох гэж яваа учраас намайг дэмжиж байна гэдгээ хэлсэн Хэрэв шаардлага гарвал хамтдаа дээшээ хандана гэдгээ хэлсэн эмч нар бий. Тэд нэг талаар айгаад дуугарч чадахгүй өдий хүрсэн.

Б.ДОЛЗОДМАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих