Евро-5 стандартын түлш УБ хотын Петровисын ШТС-уудаар худалдаанд гарлаа

Евро-5 стандартын түлш УБ хотын Петровисын ШТС-уудаар худалдаалагдаж байгаатай холбоотойгоор Петровис компанийн хотын ШТС-уудыг хариуцсан ПетроСтар компаний гүйцэтгэх захирал Х.Бацаггэрэлтэй уулзаж, шинэ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотын авто замаар 200 мянга орчим автомашин давхилдан, бидний амьсгалах агаарт тодорхой хэмжээний хортой, хоргүй утааг ялгаруулж байна. Агаарын чанарын албанаас хотын агаарын чанарт хийсэн тандалт судалгаагаар автомашины яндангаас агаарт хаягдах утааны хэмжээ нь агаарын бохирдлын 20 орчим хувийг эзлэж байгаа нь тогтоогджээ. Мөн монгол улсад орж ирж байгаа ихэнх автомашин нь нэлээд өндөр настай байдгаас дээрх үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.

Дээрх хувь хэмжээг буруулах янз бүрийн арга зам байдаг, хэрэглэж туршиж байгаа ч төдийлөн дорвитой хэрэгжихгүй байсаар. Харин үүнийг нэлээн өндөр хэмжээнд шийдэж чадах, байгаль орчинд ээлтэй, дэлхийн стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн бол Евро-5 стандартын шатахуун юм.



Евро-5 стандартын талаарх дэлгэрэнгүй ойлголтыг хэрэглэгчдэд хүргэвэл?

Eвропын Xолбооны улс орнууд болон АНУ, Япон, Солонгос зэрэг улс орнууд сүүлийн арван жилд хорт утааны хууль тогтоомжоо улам  чангатгаж ирсэн. Анх 1993 онд “Euro 1” стандартаас эхлэсэн бол 1996 онд “Euro 2”, 2001 онд “Euro 3”, 2006 онд “Euro 4”, 2009 оны 10-р сараас “Euro 5” стандартыг тус тус нэвтрүүлсэн. Харин 2012 он гэхэд “Euro 6” стандартыг нэвтрүүлэхээр зэхэж байна.

Ихэнхи жоолоч нар хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хохирол учруулдагийг ухамсарлаж хорт утааны хууль тогтоомжийг чангатгахыг дэмждэг юм байна.

Уг хууль тогтоомжийн буюу Евро стандартын гол зорилго нь азотын ислүүд (NOx), хатуу биетүүд (PM) ялгаруулах түвшинг бууруулахад чиглэсэн. NOx нь хүн, амьтны амьсгалын системийг цочроодог. Үүнээс гадна, NOx нь агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж хүчиллэг хур тунадас ороход хүргэнэ. Хатуу биетүүд (PM) бол астма, уушигны хорт хавдар, зүрх судасны өвчний гол шалтгаан болдог байна.

Европын Холбоо, Япон, Солонгос, АНУ-аас гадна олон орнууд өөрсдийн хорт утааны хууль тогтоомжоо чангатгаж байна. Ингэхдээ ихэнхи орнууд Европын стандарттай нийцүүлж хууль тогтоомжоо боловсруулсан. Жишээ нь, Энэтхэг “Euro 3”-г 2010 онд, БНХАУ “Euro 3”-г 2007 онд, “Euro 4”-г 2010 онд нэвтрүүлсэн. Бразил “Euro 4”-г 2009 онд. БНСУ, Австрали нар “Euro 4”-г 2008 онд тус тус нэвтрүүлсэн байна.

Монгол улсын хувьд?

Монгол улсыг шатахуунаар хангадаг гол бэлтгэн нийлүүлэгч “Роснефть” компаний Ангарск үйлдвэр нь Евро-2 стандартын түлш, шатахууныг манай нефть импортлогч компаниудад нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл монголчууд Евро-2 стандартын шатахуунуудыг хэрэглэж байна гэсэн үг юм.

Харин манай компаний хувьд Евро-5 стандартын түлшнээс гадна өнгөрсөн жилийн 7-р сараас Евро-5 стандартын АИ-92, АИ-95, АИ-98 төрлийн шатахуунуудыг байнга Беларусиас, мөн Литви улсын “ТНК” компаниас авч, УБ хотын ШТС-уудаараа борлуулж байгаа билээ. УБ хотын ШТС-уудаас гадна Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудад мөн Евро-5 стандартын шатахуунуудыг борлуулж байгааг дуулгахдаа таатай байна.

Евро-5 стандартын ЕвроДизель түлшийг хаанаас нийлүүлж байгаа вэ?

Бид 6,7-р сард Солонгосын “Hyundai Oil Bank” компаниас болон  “TNK-BP” компаний Саратов үйлдвэрээс тус тус Евро-5 стандартын түлшийг оруулж ирж борлуулж байгаа бөгөөд, цаашид сар бүр авч байх гэрээтэйгээр ажиллаж байна.

Евро-5 стандартын түлшний үнэ нь өмнө худалдаалж байсан түлштэй харьцуулахад ямар үнэтэй борлуулагдаж байгаа вэ?

Үнийн хувьд одоогоор хуучин борлуулж байсан түлштэй яг ижил үнээр УБ хотын Петровисын бүх ШТС-уудаар худалдаалж байна.

Евро-5 стандартын түлшний хамгийн гол давуу тал?

Цетан тоо өндөр учир түлшний ноцолт дээшилнэ.
Энгийн дизель түлштэй харьцуулахад хүхрийн агууламж 40 дахин бага
Хөдөлгүүрээс гарах азотын исэл 30%, бусад хорт нэгдлүүд 80% хүртэл буурна.
Моторын тосны зарцуулалтыг багасгана, солих хугацааг уртасгана.
Хөдөлгүүрийн элэгдлийг бууруулна.
Түлш зарцуулалт багасна.
Байгаль орчинд ээлтэй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих