Хотын захын гэр хорооллыг эхлээд барилгажуулъя

Долдугаар хорооллыг барих ажил удаашрахын хэрээр улсын төсвөөс гарах хөрөнгийн хэмжээ өссөөр байна.

Хорооллын барилгын ажил эхлэх сургаар дээрх гэр хорооллын айлууд Газрын албандаа хандан газраа хэд хэд хуваах ажлыг хэрэгжүүлсэн билээ. Бид энэ талаар тухайн үед нь “Томоохон хашаатай нь гурав, багахан нь хоёр хуваачихаад “тал газраа зарсан юм аа хө” гээд л сууж байна шүү дээ. Тэгээд таван ханат чүү ай багтаж байгаа газраа “нэг өрөө байраар л өгнө, авбал ав” гаж хэлэхээр зэхэцгээж байна” хэмээн бичиж байсан.

Тэгвэл одоо газраа үнэд оруулах ажиллагааны хоёрдугаар шат эхэлж айл болгон нь шахуу байшин бариад эхэлжээ. Холбогдох байгууллагууд уг нь хэдэн жилийн өмнө энэ хавийн газруудаар явж байшинтай айлуудын үнэлгээг хийсэн юм билээ. Гэвч барилгын ажил эхлэлгүй удааширснаас болж байшин үнэлэх ажлаа дахиад хийхээс өөр аргагүй болж байх шиг байна.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших тэдгээр айлууд холбоо маягийн бүтэц зохион байгуулалтад орж, газар зарахдаа бүгд нэг зэрэг өндөр үнэ хэлнэ, “баг алж” хямдхан зарсан айл гарах юм бол бараг л хариуцлага тооцно гэх утгатай бичиг хүртэл үйлдчихсэн сурагтай. Одоо “Шинэ дэлхий” телевизийн барилга байгаа газар дээр байсан айлууд газраа нэг бүрийг нь 100 орчим сая төгрөгөөр худалдсан нь бусаддаа жишиг үнэ болж өгчээ. “Гэр хорооллынхны” нэг хэсэг нь үл хөдлөх хөрөнгөө ийнхүү хэдэн зуун саяар үнэлэн “галзуурч” байхад заримынх нь газар цаасан дээрээ л 10 сая хүрэхтэй үгүйтэй төгрөгөөр үнэлэгдсэн.

Ер нь газар өмчлүүлэх тухай энэ хууль хэдхэн хүмүүст, тодорхой хэлбэл, хотын төвд хашаа байшин эзэмшиж байсан иргэдэд л ашигтай тусчээ.

Дээр өгүүлсэн сөрөг үзэгдлүүдийг амархан шийдэх арга байна. Барилгын өртгийг хямдруулахад л болно. Өөрөөр хэлбэл, ердөө л хотын захаасаа эхлээд барилгажуулах юм. Хотын төвийн үнэтэй газрын үнэ өртөгт шингэсэн байдаг учир байрны ам.метр талбайн үнэ их гараад байгаа юм. Хотын захын, хямдхан газар бүхий айл бол газраа нэг өрөө байраар “дуугүй л” солино шүү дээ. Хямдхан газар дээр боссон байр мэдээж хямдхан л байна. хямд байр хурдан зарагдана, байраа зарсан компани мөнгөө дахиад эргэлтэд оруулна гэсэн л санаа юм. Хотын захад харьцангүй хямдхан орон сууц гараад ирэнгүүт хотын төвийн гэр хорооллын айлд газраа зарах хүсэлд нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл, үнэд хүргэх гээд нүүдэггүй, айлын тоо багасах юм. Энэ бодлого хэрэгжиж эхэлбэл иргэдэд төрөөс олгосон газрын үнэлгээ ч өснө, нөгөө айхтар хотын утаа ч багасна. Хотын захын гэр хорооллууд л “ядуу, хаймар түлдэг” гэж буруутгадаг шүү дээ. Харин төрөөс зөвхөн цэвэр бохирын төв шугамыг нь л татаж өгөхөд болно.

Нисэхийн шинэ спортын ордны шавыг тавьж байхад эль хуль газар байсныг санаж байна. Гэтэл цэвэр бохир ус, дулааны шугамыг нь шийдмэгц тойроод орон сууцны хороолол сүндэрлэчихлээ шүү дээ. Бүр спортын ордны машины зогсоол барихаар төлөвлөгдсөн байсан газрыг хүртэл оруулаад хашаа хатгачихсан байсныг үүнийг бичигч миний бие нүдээрээ харсан.

Шинэ удирдлагатай нийслэл энэ бүхнийг бодолцон хамгийн түрүүнд хотын захын гэр хорооллыг барилгажуулах буюу хувийн орон сууцны хороолол болговол газрын тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж, газар үнэд орох юм.

Б.Усгал


URL:

Сэтгэгдэл бичих