Хилэнц хорхойн хатгуур дахь “зарин”

Ойрхи Дорнодын ээлжит нэгэн хилэнцэт хорхойг Сири хэмээн нэрлэж байна. Өөрийгөө хатгасан хоронд одоо хүртэл тарчилсаар байгаа Египетээс ялгаатай нь тэд хатгуурандаа химийн зэвсэг хийх гэж байна….

Сирийн байдал дээд цэгтээ хүртэл хурцдаж тус улсын өнөөгийн засаг захиргаа болон босогчдын тэмцэл үл эвлэрэх шатандаа орсон гэдэг нь тодорхой болсон энэ үед дэлхий нийтийг эмзэглүүлсэн өөр нэгэн сэрэмжлүүлэг гарч эхлээд байгаа юм.

Энэ бол Сири улс дотооддоо болж байгаа иргэний дайны дундуур химийн болон биологийн зэвсэг хэрэглэх аюул тулгараад байгаа тухай сэрэмжлүүлэг байлаа. Тэр тусмаа Сири нь асар их аюул хөнөөлийг дагуулж мэдэх ийм төрлийн зэвсгүүдийг гадаад улс орнуудын эсрэг хэрэглэх заналхийлэл бодит болсон тухай мэдээлэл гарч эхлээд байгаа юм. Тэгээд ч “дайран дээр давс үрэв” гэгчээр Сирийн эрх баригчид дээрх сэрэмжлүүлгийг баталсан хэд хэдэн мэдэгдэл хийгээд амжсан байгаа аж.

Хамгийн дуулиан тарьсан мэдэгдэл бол Сирийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жихад Макдиссигийн хийсэн мэдэгдэл байв.Тэрээр Сирийн арми босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэхгүй гэж мэдэгдсэн ч харин өөр улсын цэргийн хүчний эсрэг бол хэрэглэх болно гэж зарласан байна. Тэрээр,“Сирийн дотоодын хямрал аль ч шатандаа хүрсэн бай химийн болон бактерологийн ямар ч зэвсэг хэрэглэхгүй. Ийм төрлийн зэвсгүүд нь Сирийн зэвсэгт хүчний шууд хяналтад хадгалагдаж байдаг бөгөөд Сири улсад гадаадын түрэмгийлэл нүүрлэхээс бусад үед хэрэглэхгүй” гэж зарласан байна.

Яг өнөөгийн байдалтай уялдуулан үзэхэд Сирийн зүгээс хийсэн энэ мэдэгдлийг аюул төрүүлэхүйц заналхийлэл гэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа бололтой. Нэг сар орчмын өмнө Сирийн нутагт Туркийн онгоц унасны дараа хоёр орны хооронд мөргөлдөөн гарах дөхсөн бөгөөд одоо ч хоёр орны хил дээр байлдааны бэлэн байдалд цэргийн хүч хуралдуулаад байгаа юм. Мөн өнгөрөгч ням гаригт Арабын орнуудын гадаад хэргийн сайд нараас Сирийн ерөнхийлөгч Башар Ассадад “аюулгүйн гарц” санал болгосон билээ.

Тэд хэрэв Башар Ассадыг сайн дураараа ерөнхийлөгчийн суудлаасаа огцорвол түүний хувийн аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн санал хүргүүлжээ. Гэтэл энэ санал харин ч Сирийн ерөнхийлөгчийн эгдүүг хөдөлгөсөн бололтой. Тэрээр улс орноо бүрэн тусгаарлагдмал байдал руу шилжүүлэн босогчдын эсрэг хатуу ширүүн дайралтыг ээлж дараалан хийж байгаа юм.

Арабын орнуудын санал болгосон дээрхи “аюулгүйн гарц” гэх санаа нь ганцхан жилийн өмнө босогчдын гарт зэрлэгээр алагдсан Ливийн удирдагч агсан Муаммар Каддафид өрнөдийнхний санал болгож байсан “улстөрийн орогнол” гэгчтэй яг адилхан утгатай зүйл байсан хэрэг.Тиймээс хөөрхий Каддафитай ижил нөхцөлд орж байна гэдгээ ухаарсан тэрээр зүйрлэвэл буланд шахагдсан араатан шиг болсон гэж үзэх ажиглагчид цөөнгүй болжээ.

Энэ бүх шахалт доор байгаа Сирийн ерөнхийлөгч юу ч хийхээс буцахгүй гэж түүний дэглэмийг эсэргүүцэгчид зарлаж эхэлсэн байна. Сирийн сөрөг хүчний нэгэн удирдагч саяхан Туркийн гадаад хэргийн сайдтай Анкара хотод уулзах үеэрээ, “Хүүхэд багачуудыг хоморголон алж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа Башар Ассадын алан хядагч засаглал хими болон бактерологийн зэвсэг хэрэглэж чадна. Тиймээс олон улсын зүгээс энэ түрэмгийллээс сэргийлэх шаардлагатай” гэж хэлжээ. Тэгвэл тэр олон улсын хамтын нийгэмлэг гэдэг нь юу хийж чадах вэ?

Төөрөлдсөн химийн зэвсэг

Энэ бүхнийг хамгийн ноцтой хүлээн авч, мөн илүү хурц байдлаар мэдэгдэл хийж байгаа улс бол Израйль юм. Тус улсын зүгээс Сирийн эрх баригчдыг химийн болон бактерологийн зэвсэг хэрэглэхээс сэргийлсэн цэргийн ажиллагаа явуулах тухай ил тод хэлэлцүүлэг явуулж байгаа юм байна.

Ингэж ноцтой хүлээж авах болсон шалтгааны учиг нь Израйлийн хэзээний өстөн болох лалын хэт даврагч Хезболлах бүлэглэлийнхний гарт Сирийн армийн мэдэлд байгаа хими болон бактерологийн зэвсгийн нөөц орох магадлал өндөр байгаатай холбоотой гэнэ.

Мөн Сирийн армид дээрхи химийн зэвсгүүдийг байнд нь хүргэх “Р-11”,”Поинт” гэх зэрэг пуужингууд болон Иранаас авсан М-600 хэмээх алсын тусгалтай пуужин байгаа ажээ.

Тэр дундаа М-600 гэх пуужин нь Сирээс Иорданийг алгасан шууд Израйльд цохилт өгөх боломжтой тул израйльчууд энэ асуудалд маш шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байгаа билээ.Мөн Иорданийн вангийн зүгээс энэ оны эхээр Вашингтоны эрх баригчдаас хуучин ч хамаагүй загварын пуужингийн довтолгооноос хамгаалах “Патриот” ангиллын пуужинт зенитийн системийг байршуулж өгөхийг гуйж байсан аж.

Ер нь ч Сирийн хими болоод бактерологийн зэвсгийг одоогийн засаг захиргааны мэдлээс гарч өөр бусад зэвсэгт бүлэглэлүүдэд очих магадлалтай хэмээн америкчууд ч болгоомжилсоор байна. АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэхдээ химийн зэвсгийн нөөц нь зөвхөн Сирийн засгийн газрын цэргүүдэд төдийгүй босогчид болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн гарт ч орох боломжтой гэж зарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн зүгээс химийн зэвсгийг хэрэглэвэл энэ нь тус орны удирдлагын зүгээс “хийж болох хамгийн эмгэнэлт алдаа болох”-ыг анхааруулсан байна. Нэг үгээр хэлбэл хатуу хариу амсана гэсэн далд “шантааж” ч гэж ойлгож болохоор…

Үүний зэрэгцээ АНУ-ын тусгай хүчний тасгууд Сирийн хөрш зэргэлдээ орнуудад шаардлагатай үйл ажиллагаагаа аль хэдийнээ явуулаад эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Сирийн ерөнхийлөгчийн зэвсэгт хүчний мэдэлд байгаа гэх химийн зэвсгийн нөөцийг хяналтаасаа гаргахгүй байхын тулд Иорданд байршуулсан тусгай хүчний цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн ажээ. Цэргийнхний эх сурвалжаас мэдээлснийг үзвэл АНУ болон Иорданийн талаас нэгдсэн бүлэг байгуулж тагнуулын болон мөрдөн мөшгих үйл ажиллагааныхаа мэдээллийг харилцан солилцож хамтарсан үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа юм байна.

Мөн Глобаль Секюрьити хэмээх тагнуулын мэдээлэл нийтэлдэг  сайтад мэдээлэхдээ Сирийн химийн зэвсгийн нөөцийг хадгалдаг дөрвөн ч газар нутаг байгааг заажээ. Эдгээр нь Сирийн нийслэл Дамаскаас хойд зүгт сирийн арми болон босогчдын хооронд ширүүн тулаан болсоор байгаа Аллеппо орчимд химийн зэвсгийн нэг хэсэг нь байрлаж байгаа бол Хомс хотын орчимд бас  нэг агуулах бий гэнэ. Нөгөө хоёр байршил нь Хама суурин болон Газар дундын тэнгисийн боомт болох Латакья хэмээх газарт байгаа аж.

Эндээс харахад л Сирийн химийн зэвсгийн нөөц хэний ч гарт очиж болохоор эрсдэлтэй байршилд байгааг харуулж байна. Сирийн дотоодод болж байгаа дайны тухай сүүлийн үеийн мэдээгээр бол Сирийн нийслэл Дамаскийн орчимд ширүүн тулаан үргэлжилсээр байгаа ба өнгөрсөн ням гаригаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 1261 хүн алагдсан байна. Энэ нь Сирийн дотоодын дайн эхэлснээс хойшхи хамгийн цуст долоо хоног боллоо гэж Сирийн хүний эрхийн ажиглагч нар зарлажээ. Харин зарим эх сурвалж Сирийн арми ширүүн тулаан болж байгаа газруудаас химийн зэвсгийн нөөцүүдээ зөөвөрлөж холдуулсан гэж байгаа билээ.

“Back in USSR” буюу аюултай тоглоомууд

Зарим мэдээллийн эх сурвалжид дурдсанаар бол Сирийн армийн мэдэлд байгаа химийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэхэд өмнө нь байсан Зөвлөлт Холбоот улс болон Ираны хүчин чармайлт гол дэмжлэг болж байжээ. Тиймээс Зөвлөлт болон Оросын армийн технологиор бүтээгдэж, зэвсэглэлд нь байсаар ирсэн иприт, зарин,табун болон VX гэх мэт химийн зэвсэг голлож байгаа юм байна. Эдгээр химийн хорт бодис,зэвсгийн талаар социалист дэглэмийн үед дунд сургуулиудад зааж байсан тул өнөөгийн дунд үеийнхэн бага сага зүйлийг санаж ч байж мэднэ.

Химийн зэвсгийн төрлүүд болтол нь хөгжүүлсэн “иприт” болон “зарин” гэх химийн нэгдлүүдийг Германы эрдэмтэд бий болгосон бөгөөд “иприт”-ийг анх дэлхийн 1-р дайны үед хэрэглэж 400 орчим мянган хүнийг хордуулж байсан аж. Энэ нь хүний арьс,салстыг гэмтээн шархдуулах,амьсгал боогдуулах зэргээр хөнөөлийн аюулд хүргэдэг аж. “Зарин” нь мөн л хүний амьсгал боогдуулахын зэрэгцээ мэдрэлийн системийг гэмтээж үхэлд хүргэдэг бодис юм. Хэдийгээр “зарин” гэх бодисыг дэлхийн 2-р дайны өмнөхөн гаргаж авсан ч энэ дайны үеэр хэрэглэгдээгүй аж.

Харин нэлээд хожуу буюу 1980-аад оны үед болсон Иран,Иракийн дайны үед иракчууд “зарин”-ыг хэрэглэж байжээ. Иракчуудын агаараас үйлдсэн химийн зэвсгийн довтолгооны үеэр таван мянга гаран хүн амь үрэгдсэний дотор олон тооны хүүхэд өртсөн байдаг. Үүний дараахан 1993 онд Парис хотноо НҮБ-ын гишүүн 162 орон нэгдэж гарын үсэг зурсан Химийн зэвсгийн эсрэг Конвенци бий болсон байна. Гэвч химийн зэвсэг бүрэн устаагүй бөгөөд нийгмийн доторхи цөөнхийн үзэл бодлыг тулган хүлээлгэх сонирхолтой этгээдүүдийн зэвсэг болж байсан түүх ч бий.

Японы шашны Аум Шинрикёо бүлгийнхэн 1994 онд Нагато хотод “зарин”-ыг ашиглан энгийн иргэдийг хордуулснаар долоон хүн амь үрэгдэж 200 гаран хүн гэмтсэн бол дараа жил нь Токиогийн метронд дахин дайралт үйлдсэнээр 12 хүн амь үрэгдэж 50 гаран хүн шархадсан байдаг. Дэлхий нийтээр эдгээр химийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг хэмээн үзэж хориглон Конвенци гаргасан ч Сири улс энэ конвенцид нэгдэн ороогүй юм.

Эцэст нь дээрхи асуудалтай холбогдуулан хэд хэдэн чухал асуултууд хариулт нэхэн үлдэж байгаа юм. Эхнийх нь нь энэ асуудал өөрөө бодитой зүйл гэхээсээ өрнөдийнхний ээлжит явуулга юм биш биз гэсэн хардлага бий. АНУ болон НАТО-ийн зүгээс Иракт довтлон орохдоо мөн л химийн болон бактерологийн зэвсгийн аюул гэх нэрийн доор үйл ажиллагаагаа эхэлж байсан санагдана. Тэгэхээр ээлжит “интервенцийн” шалтаг хайж байна уу?

Дараагийн асуулт нь үнэхээр Сирийн химийн зэвсгийн нөөц босогчдод, эсвэл лалын хэт даврагчдын гарт очвол яах вэ? Сирид иргэний дайны гал дүрэлзсээр, хамгийн сүүлийн мэдээгээр 20 орчим мянган хүн амь үрэгдээд байгаа юм. Дамаск хотын ойр орчим, Аллепо районы ойролцоо гээд Сирийн химийн зэвсгийн нөөцийн байршлуудын ойролцоо ширүүн тулалдаанууд болсоор байгаа бөгөөд босогчид Турк болон Ирактай нийлдэг хилийн дөрвөн ч түшиц газрыг эзлэн авчээ.

Хэдийгээр химийн зэвсгийн эдгээр нөөцийг энгийн босогчид ашиглах боломжгүй гэж байгаа ч японы шашны бүлгийнхэн гучаад жилийн өмнө ашиглаж болоод байсан зүйлийг орчин үеийн зэвсэгт бүлэглэл яагаад хийж болохгүй гэж…
Өрнөдийнхөн Сирийг хмийн зэвсэг ашиглаж яагаад ч болохгүй гэцгээн хатуу мэдэгдэл хийж, Израйль цэргийн хүчээр энэ асуудлыг шийдэхийг уриалсаар байгаа энэ үед энэ бүхэнд ямар ч оролцоогүй атлаа хамаг хүнд хүчрийг нь үүрч байгаа жирийн сири хүмүүст ямар ч сонголт алга. Сирийн арми, босогчид, тэр ч байтугай энхийг сахиулах нэрээр “интервенци” хийгчдийн аль алиных нь сум бүгд “тэнэсэн” байдаг бөгөөд аминд халтай гэдгийг тэд дэндүү сайн мэдэх билээ.

М.НАСТ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих