Монгол төрийн сульдаа буюу төр 1.5 тэрбумын хөрөнгөө бүртгэж хүчрэхгүй суугаагийн шалтгаан юунд байна
Дарханыг бүхэлд нь хянах 124 камерын 40 нь л бичлэг хийдэг гэв-
Дархан-Уул аймаг өнгөрсөн жил Цагдаагийн хяналтын иж бүрэн системтэй болсон. Парламентад дарханчуудыг төлөөлдөг эрхэм гишүүд төсвөөс нэр дээр нь хуваарилсан тэрбум төгрөгнөөсөө илүүчлэн ийм системтэй болгосон юм. Иргэдийн аюулгүй байдал, амар амгалан аж төрөх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд ихээхэн тустай энэхүү хяналтын систем нь 1.5 тэрбум төгрөгөөр боссон. Энэ мөнгөөр Дарханы гудамж, замуудад нийтдээ 124 ширхэг хяналтын камер суурилуулснаар хотын амьдрал бүхэлдээ алган дээр тавьсан мэт ил тод харагдаж, муу үйл хийж буй нэгнийг үйлдэл дээр нь үгүй ядаж үлдээсэн дүрсээр нь хөөгөөд барьчих боломжтой болсон гэсэн үг.
Гэвч өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд буюу Дархан хот байгуулагдсан өдрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга А.Дулаанжаргал нар зэрэгцэж зогсоод баяр ёслолын байдалтайгаар тууз хайчлан албан ёсоор нээсэн энэхүү хяналтын нэгдсэн системийг өнөөг хүртэл төрд данслаж чадахгүй гацчихаж. Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө төрийн өмчид бүртгэж хүчрэхгүй байгаагийн шалтгаан нь тун тодорхой гэнэ. Өнөөх л хуулийг гууль болгож сурсан эрхэм түшмэдүүд, тэднийг мөнгө төгрөгөөр угжиж суудаг хувийн хэвшлийнхний нягт нандин холбоо хэлхээний “ач” юм билээ.
Учир нь Дарханыг камержуулах санаачилгыг ажил хэрэг болгох гүйцэтгэгчийг сонгох тендерийг аймгийн Засаг даргын Тамгын газар зарласан. Тендерт Монголдоо л дохиолол, хамгаалалтын системээр мэргэшсэн гэгдэх зургаа долоон компани материалаа бүрдүүлэн, ном журмынх нь дагуу элдэв татвар хураамжийг нь төлөөд төлөвлөгөө сэлтээ ч гаргаж өгсөн юм байх. Гэхдээ энэ тендер хэнд очих нь эхнээсээ тун тодорхой байжээ. Өрсөлдөгчид нь тендерийн материалаа бүрдүүлээд бичиг цаасны ажилтай харайлгаж явахад “Сектек сервис” компанийнхан Тайвань руу Дарханыг камержуулахад шаардлагатай кабелийнхаа захиалгыг өгч суусан гэдэг. Эхнээсээ эзэн нь тодорхой байсан энэ тендер булхайтай, хууль зөрчиж явагдсаны балаг одоо хүртэл үргэлжилж буй юм билээ. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлснээр Дарханы хяналтын нэгдсэн системийг төрийн өмч болгож дийлэхгүй байгаатай холбогдож буй юм байна.
“Сектек сервис”-ийн хийсэн Хяналтын нэгдсэн системийг Дарханы иргэдийн амар тайван ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнийг илрүүлэх үйл ажиллагаанд ашиглахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж байгаа эсэхийг ч хянахад ч ашиглахаар тооцоолсон аж. Нөгөө талаар төрийн ажил үйлчилгээнд орчин үеийн мэдээллийн технологийн ололт, программ болон техникийн шийдлүүдийг ашиглана. Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим сүлжээ, камерын хяналтын энэхүү систем нь алдагдсан болон гэмт хэрэгт ашиглагдсан тээврийн хэрэгслийг улсын дугаар болон марк, өнгөөр нь илрүүлэх, эрэн сурвалжилж байгаа хүнийг фото зургаар нь адилтган таних, замын хөдөлгөөн, байгалийн гамшиг, гал түймэр зэргийг хянах үүрэг бүхий юм. Түүнээс гадна Дарханы төрийн байгууллагуудыг шилэн кабелиар холбосон цахим сүлжээ, төрийн үйлчилгээний телефон утаснуудын дуудлагыг бүртгэх систем, мөн төрийн үйлчилгээний автомашинуудын зам маршрут байршлыг тогтоож хянах систем болон тэдгээрийн хяналтын нэгдсэн сервер бүхий төв зэргээс бүрдэж буй гэсэн тун ч сайхан танилцуулгатай юм билээ. Үүн дээр аймгийн Цагдаагийн газарт бэлэглэсэн камер, гэрэлтүүлэг, дуу, дүрсийг бэхжүүлэгч, хөргөгч зэргээр иж бүрэн тоноглогдсон хоёр автомашин, багийн Засаг дарга нарт авч өгсөн 16 ширхэг нөүтбүүк ороод нийт өртөг нь 1.5 тэрбум болсон юм билээ.
Гэхдээ “Сектек”-ийн хийснийг газар дээр нь очиж нүдээр үзсэн мэргэжлийн хүмүүс тэдний ажлыг танилцуулсан шигээ орчин үеийн, хамгийн сүүлийн үеийн гэдэг нь юу л бол гэсэн эргэлзээгээ нуухгүй байв. Сервер нь гэхэд тодорхой брэндгүй. Арван мянган “ногоон”-оор байтугай 3000-аар авахад ч хайран мөнгө гэх юм. Бас энд суурилуулсан камерын 40 гаруйхан нь л “үзсэн харснаа” бичиж хадгалах чадвартай. Үлдсэн нь зүгээр л хараад өнгөрөх өнгөцхөн ойтой гэнэ. Тэгэхээр хяналтын төв дээр ажиллах хүн 24 цагаар нүдээ нэг ч цавчихгүй сууж байж л хэрэг ослыг алдалгүй харж чадах юм байх.
Уг нь 1.5 тэрбум төгрөг гэдэг тийм ч бага хөрөнгө биш. Тэр тусмаа дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэгддэг аналоги систем сонгосон тохиолдолд бараг ихдэхээр мөнгө гэж “Сектек сервис”-ийнхэнтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг нөхөд нь ярих юм билээ. Ашигтай бизнес эрхлэх аз ирээгүйд атаархсандаа хэлсэн үг гэж бодохгүй байна. Төрийн мөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэнэ гэдэг Монголд хаа ч байхгүй ашигтай, толгой өвдөхгүй амар ажил болсныг хаа хаагүй бүгд мэднэ. Тийм болохоор тэрбумаар тоологдох ажлыг хэн дуртай аавын хүү ч авчихдаг юм биш. Танилтай, татаастай нэгэнд харин алга урвуулахын хооронд бүтдэг юм гэсэн. Тийм болохоор хууль зөрчин тендер зарласан, тендерт ялуулсны ард иймэрхүү хэлхээ холбоо бий хэмээн мөрийцсөн ч болохоор. Тэгээд ч манайд сүүлийн үед тендер үүлдрийн “саалийн үнээ” элбэгшиж, төрийн нэрээр түүнээс нь сүү биш мөнгө сааж суудаг сайхан арга элбэгшсэний нэг жишээ Дарханд байгуулсан хяналтын нэгдсэн систем болсон юм биш байгаа.
Учир нь хэрэв тендер хуудуугүй явсан бол ашиглалтад өгөөд хэдэн сар болсон хэрнээ төрийн өмчид бүртгүүлж холбогдох албаныханд нь хүлээлгэж өгч дийлэхгүй суух билээ. Хууль номынхоо дагуу бол энэ ажлыг хийхэд хэд хэдэн газраас зөвшөөрөл авч, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан, техникийн даалгавар нэг бишийг үйлдсэн байх учиртай гэнэ. Гэтэл Дарханы хяналтын системийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээж авах гэтэл өнөөх даалгавар сэлт нь байхгүй гацчихаад байгаа гэнэ. Чухам юун даалгавар хаанаас хэн авдгийг мэргэжлийн нэгнээс энгийн үгээр тайлбарлуулсан юм. Юуны өмнө хаана хаана камер суурилуулах цэгээ гаргах учиртай гэнэ. Энэ цэгүүд нь хяналтын төвтэйгөө яаж холбогдох, кабелиа хаагуур яаж татахаа тодорхойлсон сүлжээ техникийн даалгавар зураг гаргахын хамт цахилгаанаар хангадаг байгууллагаас мөн л даалгавар авч зураг гаргах үүрэг хүлээдэг юм байх. Даалгаврын дагуу гаргасан зургаа ажлын зураглал болгоод экспертизэд өгч хянуулна. Тэнд хэрэв зөвшөөрвөл мэргэжлийнхний нэрлэдгээр улаан тамга дарж виз олгодог гэнэ. Ингээд дуусахгүй техникийн шаардлага бас төсөв гаргаад дахиад л экспертизэд өгч бодит амьдралтай хэр нийцсэнийг тогтоолгосны эцэст тенгдер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ёстой гэнэ. Гэтэл “Сектек сервис”-ийн хйисэн ажилд энэ мэтийн элдэв даалгавар, дүгнэлт нь олдохгүй байгаагаас л МХЕГ болон ТӨХ 1.5 тэрбумаар боссон хяналтын нэгдсэн систем гэх том бүтээн байгуулалтыг төрд дансалж хүчрэхгүй суугаа гэнэ.
URL: