НЭГ САЯ ТӨГРӨГ НЭМЭР БУС НЭРМЭЭС БОЛОВ
Бухын доодохыг харж үнэг турж үхэв гээчийн үлгэрийг биеэрээ мэдэрсэн хүмүүс бол ойрын үед ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болов. Учир юу хэмээхийг хэн хүнгүй мэдэж буй. Өнгөрөгч Цагаан сараас өмнө тэдэнд олгоно гэсэн “Хүний хөгжил сан”-гийн нэг сая төгрөгийг Засгийн газар луу унжсаар сая сонгуулийн өмнөхөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар дээр алдаг оног очив.
Нэг сая төгрөгийг 334.200 хүнд бүтнээр нь олгох байсан ч төсөв мөнгөний асуудлаас болоод бас л гурав хувааж өгөхөөр болсон. Энэ хугацаанд тэдэнд олонтаа цаасан малгай өмсгөөд амжсан. Өнөөдөр тараана, яг маргааш өгнө, гэсэн сургаар хөөрхий ахмадууд хүйтэн бороонд норон, үүрийн таван жингээр хонон өнжин дугаарлаж, “Дансанд мөнгө байршаагүй” гэсэн үгээр амаа таглуулж, хэдэн хоногоор банкны хаалга үүд манасан нь саяхан. Гэсэн ч хүлээсэн нь талаар өнгөрөөгүй. Тэд сая төгрөгийнхөө түрүүчээс хүртсэн.
Өнөөдрийн байдлаар 660 мянган төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас тараагаад байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ мөнгөө юунд зарцуулсан бол? Хэн нь мөнгөө юунд зарцуулав гэж хэн ч шалгаах эрхгүй. Тухайн хүн яаж, хэрхэн зарцуулах нь өөрийнх нь асуудал авч энэ мөнгө тэдний амьдралд нэмэр бол сон уу, эсвэл нэрмээс болов уу? гэдэг нь сонин байна. Бидний нэг их ойлгоод байдаггүй хэрнээ цаг бүр халаасан дахь мөнгөтэй минь хамт, ходоодонд ордог хоолтой минь цуг явдаг нөгөө инфляц гээчийг хөөрөгдчи хөөд тэр мөнгө хямдхан бараа, хуга цаа нь дуусах дөхсөн хүнсний бүтээг дэх үүний төлөөсөнд арилж өгөв. Бэлэн мөнгө их хэмжээгээр тараах нь инфляцыг хэрхэн хөөрөгддөгийг бид нүдээр үзлээ. Долоо хүрэхгүй хувьтай байсан өнөөх гайхал өдгөө 15.4 хувьд хүрчихсэн тууж явна. БНХАУ гэхэд инфляцаа хоёр оронтой тоонд шилжив үү үгүй юу бөөн асуу дал болгож, түргэхэн дарж авдаг. Манайх энэ байдалдаа ээнэгшин дасах янзтай.
Хоёр хөршийн инфляцын түвшинтэй харьцуулбал манай улс 6.5-7 хувиар өндөр байгаа. Хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгож эхлэхээс өмнө “Атар” талхаа 520 төгрөгөөр, сүүгээ 1200-гаар авчихдаг байсан. Харин одоо талхаа 650-900, сүүгээ 1800-2800 төгрөгөөр авах боллоо. Мах, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нь даруй 26 хувиар өссөн статистик үү нийг нотлоно. Тавин сая малтай хэ мээн цээжээ дэлддэг хэрнээ нэг кг мах нь 10 мянган төгрөгт хүрсэн манайх шиг бодлогогүй орон дэлхийд хаа ч байхгүй биз. Инфляц өслөө.
Бид өглөө бүр гурван зүсэм талх, нэг өндөг иддэг байсан бол өнөөдөр нэг зүсэм талх идэж, өндөг өглөөний цайны цэснээс хасагдахдаа тулав. Арилжааны банкууд зээлээ хумиж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэцүү цаг то хиож буй. Энэ мэт том, жижиг асуу дал олноор гарч ирсэн. Мөнгө тараас наас хойш нийгэмд нэг иймэрхүү үзэг дэл хэ дийнэ дэгдсэн ч тоосон нь үгүй, авсан арга хэмжээ байхгүйтэй адил. Харин мөнгөө авсан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэнээс мөнгөө юунд зарцуулав, амьдралд нь нэмэр болж чадсан эсэх талаар асуув.
Өндөр настан Оюунбадам: -Мөнгөө аваад л бөөн баяр болж, зах орж хоол хүнсээ цуглуулах гэтэл өнөөх хэдэн төгрөг маань хаанаа ч хүрдэггүй. Гурав хувааж өгч байгаа болохоор тэр. Эмээ нь 120 мянган төг рөгийн тэтгэвэр авдаг. Өнөөдөр үрээд дуусчих мөнгөний төлөө юмны үнэ ингэж нэмэгдвэл маргааш нь бид яах болж байна. Төрийн минь хишиг юм даа гээд авчихсан чинь буцаад хөгшин бидний амьдралд нэрмээс боллоо.
Нэг уут гурил 18 мянга, нэг хонины гулууз 150 мянгаар авлаа. Тэгээд арван кг төмс 8000, таван кг будаа 9000, давс, саахар гээд л хэрэгтэй зүйлээ аваад л 330 мянга дууссан. Өөртөө наасан юм байхгүй, өнөө маргаашгүй үхэх хөгшин надад хувцас хунар гээд яахав , энэ уранхай тэрлэг минь байхад л болоо.
Өндөр настан Шийлэг: -Эмээ нь тэтгэвэрт 110 мянган төгрөг авдаг. Арван сараар нь зээл авсан чинь хэцүү юм. Ер нь бид ингээд олон сараар нь тэтгэвэрийн зээл авчихаад мунгинаж суудаг улс. Энэ мөнгөөрөө зээлээ л төлж дуус галаа. Гэтэл юмны үнэ нэмэгдээд амьдрахад хэцүү байна. Мах, сүүгээ авч дийлэхгүй болчихоор хөгшин бидний цай сүү холдоно гэсэн үг. Төр, засгийн эрхмүүд нэг сая төгрөгөөр нүд хуурч “дараа нь үх” гэснээс ялгаагүй болгож байна. Энэ мөнгийг өгөөгүй байхад бид хоёр идээгүй хоосон хоноогүй болоод л байсан. Харин одоо хоосон хонох нь.
45 настай иргэн Оюунцэцэг: -Группт ороод удаагүй байна. Өвчин гэдэг хэцүү юм. Хөдөлмөрийн чад вараа алдаад хэвтчихээр ар гэрийн амьдрал ч доошилсон. Хөгжлийн мөнгөө аваад группийн зээлээ төлөөд, энд тэндхийн дэлгүүрт тавьсан жижиг сажиг өрөө өгөөд л таарлаа. Ядарсан бидний амьдралд үнийн дарамт нөлөөлж, хамгийн их мэдрэгдэж байна. 350 грамм махаар хоол хийдэг байсан бол одоо мах идэхээ больсон. Бидэн шиг амьдралтай хүмүүст энэ мөнгө урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөхийн үлгэр болж байна.
Өндөр настан Бямба-Очир: -Өвөө нь тэтгэвэр 250 мянган төгрөг авдаг. Улс өгч байгаа юм гээд энэ мөнгийг авсан. Хувааж өгч байгаа болохоор энэ мөнгө юу ч болоогүй. Хоёр шил архи авахад л 50 мянга нь явчихсан. Наадам боллоо гээд нэг тарган хонь авлаа. Хоёрзуун мянга гэж байна. Тэгээд үлдсэнээр үр хүүхдүүддээ чихэр, боов авч өгөөд дууссан даа. Энэ ер нь анхнаасаа дэмий мөнгө байсан. Мөнгө их хэмжээгээр тараагаад үнийн хөөрөгдөл үүсгэж, ядарсан нэгнийхээ амьдралд улам дарамт учрууллаа шүү дээ. Хэ рэггүй амлалт дараа нь хэрэг тарьдгийн жишээ эндээс харагдаж байна гэлээ. Зарим нь атга гурил, аяга цайны сүүгээ яая гэж байхад, хэсэг нь энэ мөнгийг юман чинээ бодохгүй байгаа нь харагдаж байсан юм. Нэг хэсэг өвгөн айргийн асарт суун адууны мах, айргийг амаа олохгүй идэж, ууж байх юм. Адууны нэг кг чанасан мах 15000, литр айраг 4000 төгрөгний үнэ тэй байгаа. Ажиглахад нэг өвөө дөрвөн аяга айраг уусан. Махыг бол бараг кг гаруйг идсэн байх аа. Тэгэхээр 30 минутын дотор бараг 30 мянган төгрөг үрчихэж байсан. Энд хувь хүний эрхэд халдах гэсэнгүй, гагцхүү энэ мөнгөө юунд зарцуулж байгааг сонирхож яваад л таарсан юм.
Төрөөс олгосон энэ мөнгө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хэмжээгээр нэмэр болсон уу гэвэл тийм. Гэхдээ энэ нь нэг удаад олгох, бас нэг өдөрт үрэгдэх мөнгө болохоор эргээд тэдний амьдралд дарамт болсныг дийлэнх нь ярьж байна. Амьдралын түвшнээс дээгүүр амьд ралтай ахмадууд энэ мөнгөө рөө амралт сувилалд эмчл үүлсэн гэх бо ловч энэ нь олон биш. Хувааж өгч байгаа мөнгө тэдний амьдралд юм болсонгүй. Эхний 330 мянгаа аваад хоол хүнсээ цуглуулаад, идэж дуусах үед дараагийн мөнгийг нь олгосон. Тэгэхээр дахиад л хоол хүнс ойр зуурын хувцас хунартаа зарцуулаад дууссан гэсэн юм.
Цаг үеэ олоогүй амлалт, энэ их бэлэн мөнгө тараасан нь ард түмний амьдралд нэмэр биш нэрмээс болж буйг олон жишээ ха руулж байгаа. Үнийн дарамт чадууд бус ядууд илүүтэй мэдрэгддэг хойно. Махаа граммаар хэмжиж хоол хийдэг хүмүүс үүнийг сайн мэднэ. Махыг бүхэл бүхлээр чанаж, өдөр бүр гадуур хооллож, үнэтэй машин унаж, үнэтэй хувцас өмсдөг хүмүүст энэ нь хумсын толион чинээ ч нө лөөлөхгүй. Эдийн засаг 17.5 хувиар өслөө. Нэг хүнд гогдох ДНБ-ний хэмжээ 3000 ам.долларт хүрлээ гэсэн таатай мэдээ чих дэлсэх авч нийгмийн халамж зохих хүндээ бус, хавтгайруулан олгосноос үнийн хөөрөгдөл бий бол гож ядуурлаа улам дордуулав.
Ийнхүү маргаан дагуулсан хүний хөгжлийн мөнгөний сүүл болох 340 мянган төгрөгийг зарим аймгаар тараагаад эхэлсэн. Тун удахгүй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөө авах гээд арилжааны банкуудын хаалгыг манах нь. Мэдээж энэ мөнгө мөн л хоол хүнсэнд зарцуулагдах нь ойлгомжтой.
О.БАТ-УНДРАХ
URL: