330-ийг хэзээ өгөх нь тодорхойгүй байна
Наадмаас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хувьцааны төлбөрийн үлдэгдэл 330 мянган төгрөгийг тарааж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 800 тэрбум төгрөгийг хувь хишиг нэрээр бэлнээр тараасан билээ. Цаашид хавтгайруулсан халамжаа цэгцлэх бодлого барьж байгаа Монгол Улсын хувьд их хэмжээний бэлэн мөнгийг өнгөрсөн хугацаанд тараасан нь сургамж болсон. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхлэх юм. Тиймээс иргэдийн хувьд энэ мэт халамжийн мөнгөнд найдах асуудал үндсэндээ дууссан гэж ойлгож болох юм.
Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 330 мянган төгрөгийг хэзээ тараах нь Улсын хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэх асуудал биш болоод байгаа юм. Учир нь одоог хүртэл тус газрын дансанд хэзээ мөнгө орох нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь Сангийн яамны мэдлээс ч хэтэрсэн асуудал болсон бололтой.
Сая төгрөгийн эхний хоёр хэсгийг “Эрдэнэт” үйлдвэрээс авч иргэдэд тараасан. Үлдсэн 330 мянган төгрөгийг нь ямар эх үүсвэрээс хэрхэн санхүүжүүлэх нь ойлгомжгүй байгаа юм. Мөн төсөвлөсөн мөнгө нь дууссан учир 21 мянган төгрөгөө цагтаа аваагүй хүмүүст мөнгийг нь нөхөж олгохгүй гэсэн банкууд ч байгаа юм. Уг нь эх орны хишгээ хэзээ ч авч болох тухай ярьж байсан ч хязгаар, баримжаагүй амлалтын их мөнгийг олгох хүчин мөхөсдөж байна. Улсын төсөвт суулгаж өгсөн мөнгө нь дууссан болохоор нөхөж олгох боломжгүй гэж байгаа ч энэ талаар Улсын хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар судалж холбогдох яамд санал гаргахаар төлөвлөж байгаа аж. Юутай ч хүлээлт үүсгээд буй энэ асуудалд хариу өгөх боломж хаа хаанаа алга.
Г.Уран
Эх сурвалж: “Монцамэ”
URL: