Намууд саналаасаа буцаж эхэллээ
УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарсан даруйд долоон нам, хоёр эвслийн удирдлага санаа нийлж, дуу нэгтэйгээр “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гараар тоолуулна” хэмээн хэвлэлийн хурал зарлаж, сүрийг үзүүлсэн.
Сонгуульд ялагдсан, парламентад суудалгүй үлдсэндээ итгэж чадахгүй байгаа намуудын удирдлагуудын анхны шийдвэр нь сонгуулийн будлианыг арилгах. Үүнийгээ автомат машинаар тоолсон саналын хуудсыг гараар дахин тоолох нь зүйтэй гэж үзсэн хэрэг.
Гэтэл долоо ч хоноогүй байтал зарим нэг намын дарга нь элсэн үгнээсээ буцчихсан, мэдэгдэл хийгээд явж байх юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдсөн намууд ээлж дараагаараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Тухайлбал, МСДН улстөрийн намууд хуулиа хүндлэн дээдэлж, эе эвийг хичээн, улстөрийн үйл ажиллагаа явуулах нь Монгол орны эрх ашигт нийцнэ. Тиймээс намын эрх ашгаасаа илүү эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавихыг Монголын бүх улстөрийн хүчинд уриалж байна хэмээн мэдэгдсэн. Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас ч УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа СЕХ-нд мэдэгджээ.
Уг нь хэдхэн хоногийн өмнө Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Сонгуулийн дүн будлиантай болсон. Би Баянгол дүүрэг буюу 25 дугаар тойрогт нэр дэвшсэн. Гэр бүлийнхэн, хамаатан саднууд маань миний төлөө өгөөгүй байж болно. Гэхдээ би өөрөө саналаа өгсөн. Гэтэл Баянгол дүүрэгт манай намын төлөө нэг ч хүн санал өгөөгүй гэсэн дүн гарсан байна” хэмээн гомдоллож байсан билээ.
Харин өдгөө “Иргэдийн сонгуулийн саналын дүнг хүндэтгэж байна. Элдэв жагсаал цуглаан зохин байгуулахгүй. Өөр бусад нам, эвслээс санал ирвэл хүлээж авахгүй. Улс эх орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдлын төлөө, тусгаар тогтнолын зөв бодлого гаргасан намтай хамтарч ажиллана” гэсэн байх юм.
Намуудын зүгээс ийнхүү гаргасан шийдвэрээ гэнэт өөрчилж байгаа нь их л хачирхалтай юм. Учир нь АН дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй учраас зарим нам эвсэлтэй хамтрах саналтай байгаа. Хэдийгээр жижиг намууд АН-ын “хамтын ажиллагааны” Засгийн газарт торохгүй ч боломжийн албан тушаал горилсон байхыг үгүйсгэхгүй. Юутай ч хуучны “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг улгүй болсон бололтой. Төр барих сонирхолтой улстөрийн хүчнүүдийн удирдлагууд хэлснээсээ ийнхүү буцаж байхад эр хүн, эмээлт морь хоёр ч ёстой яамай болжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: