“Төөрсөн” дуучид, төөрөлдсөн продакшнууд
..Дуулж чаддаггүй нь дуучин болдог
Дуучин нэгэн нь дуулахаа больдог… гэх мөртүүд гавьяат жүжигчин, пoп хатагтай Б.Сарантуяагийн 1990-ээд оны дунд үед дуулсан нэгэн дуунд бий. Үнэндээ энэ дууны үгийг бүтнээр нь авч үзвэл, түүний сэтгэлийн өнгө хийгээд хэлэхийг хүссэн олон зүйлийг мэдэрнэ. Тухайн цагт Монголын рок попын ертөнцөд тоотой хэдхэн хамтлаг, дуучин байсныг ч хэлэх үү. Орцны хамтлаг олноор төрж, болсон болоогүй дуу зохиогоод л peп бүжиг энэ тэрээр өрсөлдөөд эхэлсэн нь пoп хатагтайд таалагдаагүй бололтой. Мөн дуучин болох хүсэлтэй хүүхдүүд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцоод л утгыг нь ч бараг мэдэхгүй шахам гадаад үгээр хамтлагаа нэрийдэж, рок попын ертөнцөд хөл тавихаар зүтгэсэн нь нууц биш. Мэдээж хэрэг, өөрийн гэсэн орон зайг бий болгохоор шамдаж яваа эмэгтэй уран бүтээлчдийн дунд ч тодорхой хэмжээний өрсөлдөөн байсан биз.
Энэ ч утгаараа, нэгэн үе бүтэлгүй дурлалаас өгсүүлээд зам зуурын учрал, дурлалын романс, амьдралын алдаа оноогоо дуулдаг байсан Б.Сарантуяа ийн өрсөлдөгчдөдөө зориулж дээрх дууг бичүүлсэн байж болох талтай. Үнэндээ түүний дуунуудаас амьдрал, хайр дурлал гээд бүхий л асуудлыг нь мэдэх боломжтой юм чинь. Амьдралаа дуулах “хоббитой” гэдгээ дуучин бүсгүй ч өөрөө хүлээн зөвшөөрсөн юмдаг.
Түүний “мөнхийн өрсөлдөгч” хэмээгдсэн гавьяат жүжигчин Т.Ариунаа ч тухайн үед өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн дуунуудыг бичүүлдэг байлаа. Болгарт сургууль төгсөөд ирсэн даруйдаа мафийн босс найз залуугаа ахимаг насны эхнэрээс нь болоод орхисон, хүссэн газартаа секс хийж чадна гээд бурж эхэлсэн тэрбээр цочмог алхам мөн ч олныг хийсэн дээ. Төмөр замын гарам дээр нүцгэн шахуу зогссон, нохой тэвэрсэн янз бүрийн зургууд нь сониуч зантай фэнүүдийнх нь нүдийг бүлтийлгэж, нууц амрагийн дуунууд нь аманд аялагдах дөхөж байсан үе. Т.Ариунаа ч олны анхаарлыг өөртөө татахын хэрээр “өрсөлдөгч” Б.Сарантуяагаа доош нь хийж “Жалгын од” гэж нэрийдээд авсан удаатай. /Xарин одоо хэр нь үүндээ гэмшиж явдаг төдийгүй түүнтэй жаргал зовлонгоо хуваалцдаг сайн найзууд гэж хэн бүхэнд итгүүлэхийг хүсдэг.сурв/. Үүгээр ч зогсохгүй, Б.Сарантуяагийн дуулсан “Мартъя” дууны нэрийг эсрэгцүүлэн “Мартахгүй” нэртэй дуу бичүүлэх маягаар хэрэндээ л өрсөлддөг байж. Энэ ч яахав, угаасаа цагийн шалгуурт хоёулаа тунаж үлдсэн төдийгүй өнөө хэр нь рок попын ертөнцийг өнгөлж яваа шилдэг уран бүтээлчид болсон. Тэгвэл өнөөдрийн рок попын ертөнц ямархуу хөгжилд хүрсэн, цар хүрээгээ тэлсэн, урсгал чиглэл нь нэмэгдсэнийг хэн хүнгүй л мэдэж байгаа.
Баруун зүүнгүй хуулж, баахан дуураймал дуучид гарч ирээд хөл толгой нь мэдэгдэхгүй бужигналдаж явсаар эцэстээ хэн чадвартай, бас урлагт хайртай нь тунаж үлдэх биз. Өмнөхөө бодвол бас ч гэж гайгүй байна аа, одоо. Хуулбар дуугаараа танигдаж, хувцас ч гэхэд хэцүүхэн эд өмсч зүүсэн охид хөвгүүдээс замын дунд үлдэх нь үлдэж, урагшлах нь урагшилсаар яваа. Нэг хэсэг намжмал байсан дуу хуурын тэмцээн уралдаан ч сүүлийн үед эрс нэмэгдэж, живхнээсээ салаагүй цэцэрлэгийн жаалуудаас эхлээд таяг тулсан эмээ, өвөө нар хүртэл дуучин болохоор шамдаж буй.
Харин нийтийн, рок поп дууны уралдаанаас тодорсон мөнөөх авьяастнууддаа ялагч нэр зүүж, шагнал урамшууллаар “дарсан” хойноо таг мартчихдаг жаахан гажиг “систем” манай урлагт бий. Цаадуул нь ч “Урлаг бол миний амьсгалах агаар. Түүнгүйгээр амьдарч чадахгүй” гэж ирээд л уйлах нь халаг юм болж гарч ирчихээд ганц нэг дуу дуулаад л “Оддын өвчин’’-д нэрвэгдээд гүн “хордлого” болчихдог гэмтэй. Өмсч зүүхээ анхаараад өөрийг нь үргэлж фэнүүд дагаж, хэвлэлийн баатар болж явахыг туйлаас хүсэн мөрөөддөг ахархан бодолтой одонцруудыг “эмчлэх” тун ч хэцүү юм билээ.
“MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулдаг “Making the band’’ шоу нэвтрүүлгээс “Anemone”, “Extacy” нэртэй хоёр ч хамтлаг төрсөн. “Anemone’’ хамтлагийн продюссерээр “UP music” продакшны захирал, “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч, гавьяат жүжигчин, дуучин Б.Чулуунбат. Хатуухан ааштай продюссерийнхээ ачаар тэд нэлээд хэдэн дуу дуулсан ч уран бүтээлдээ тэр бүр анхаараад байдаггүй гэх. Харин телевизийн нэвтрүүлэг хэсч, энд тэнд ярилцлага өгөөд л өөрсдийн нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөдөж буйгаа олонд мэдэгдүүлэхийн тулд хэдийд ч хамаагүй цугладаг идэвхтэй охид. Гэхдээ рок попын зарим дуучдын дургүйг хүргэж амжсан юм шиг ээ. “UP music” продакшн дээр дуугаа бичүүлэх гэж очихдоо өнөөх “акул”-уудыг дайрч унагах нь холгүй явж, хамрынхаа нүхээр “харсан” юм уу даа. “Акул”-ууд ч аанай сурсан зангаа гаргаж “Шалдлахаас өөрийг мэдэхгүй муусайн бацаанууд. Аяндаа та нар мэдрээд ирнэ дээ. Тэр цагт хэн болохыг чинь сануулаад шахаад өгөхөө мэдье” гэж шүд зуужээ.
Тэгвэл шоу нэвтрүүлгийн хоёр дахь шалгаруулалтаас наймуулаа гарч ирсэн “Extacy” хамтлагийнхан тэднээс бүр ч дор. Тайзан дээр багтахгүй шахам чихэлдэж, “ам барьсан” дуугаа эв хав муутайхан бүжгээр хаацайлж аваад продюссер Ж.Алтанцэцэгтээ алгадуулах дөхсөн охидоос өдгөө гурав нь л үлджээ. Тэд нэг шинэ гишүүн нэмж, дөрвүүлээ болсон ч уран бүтээлийн чанарт нь өөрчлөлт орсонгүй. “MN-25 дугаар суваг”’ телевизийн зоогийн газарт гиюүрэн сууж, хуруу хумсаа засч янзлан, хамраа ухахаас өөрийг хийдэггүй дуучид тэр хавьдаа л “од”. Уран бүтээлээрээ бус, уйдаж суудгаараа олонд нүдлэгдсэн охидыг продюссер нь арай мартаагүй байлгүй дээ.
“Prosounds” студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг шоу нэвтрүүлгийн үеэр шигтгээ чимэг болсон тоглолтынхоо хувцас, гутлыг барьж гүйгээд л сүйд майд байснаа ч мартаж. Магадгүй, залхуу охидоо хараад урам нь хугарсан байх л даа. Цаадуул нь ч гэж дүүрсэн толгойнууд. Ганц нот сурахын оронд хувцас, гутал хөөцөлдөж, энд тэнд хамтлагийнхаа нэрээр түрий барин өр зээл тавьж явдаг болохоор яаж ч өөдтэй санагдах билээ. Ямар сайндаа л, охидынхоо идэвх зүтгэлийг харан байж дараагийнхаа алхмыг хийхээр шийдсэн продюссер нь “Ямар албатай юм биш. Болохгүй бол орхихоос” гэж ярьж байхав.
Үүнээс гадна “Universe bestsongs-2009” наадмын ялагч Ч.Цэлмүүн гэдэг охин хатуу шалгуураар шүүгдэж, дуучин нэрийг зүүчихээд зүгээр л уйдаагаа гаргах гэж энэ нэвтрүүлэгт оролцсон мэт сэтгэгдэл бусдад төрүүлээд одсон. Кино, жүжгийн хэдэн дуу дуулж, ганц цомог гаргачихаад л “Би урлагаас уйдаж байна. Од байхаас залхаж байна. Одоо хуучин Цэлмүүн надад үгүйлэгдэж байна” гэж ирээд л сүржигнэв. Урлаг түүнийг өөрийгөө танихгүй болтол нь өөрчлөөд бүр залхаасан юм байх аа. Угтаа бол, урлагийн ачаар олонд танигдсан түүнд өмнөх Цэлмүүнээ хэн байсныг санах хүртлээ өөрчлөгдөхөд “Оддын өвчин”-өөс гадна “Би дуучин болчихлоо” гэж өөртөө сэтгэл ханасан их зан л нөлөөлсөн байх. Хэн юугаа хийх нь хувь хүний асуудал гээд үүнийг орхиё. Уран бүтээлд нь зөвлөж, туслах чиглүүлж өгөх продюссер байхгүй учраас менежмент дутагдаад шантардаг биз.
Энэ мэтээр энд тэндхийн студи продакшнаас төрсөн дуучид ч цагийн аясаар алга болдог нь мөн л продюссертэй холбоотой асуудал. “Продюссер бол мөнгө цацаад тэтгэж суудаг хүн биш. Харин тухайн уран бүтээлийг хийхээс нь өгсүүлээд олонд хүргэх хүртэл бүх зүйлийг нарийн тооцож ажилладаг хүнийг хэлнэ” гэж нэгэн найруулагч хэлсэн байдаг. Тэгвэл сүүлийн үед нэлээд хэдэн дуучдыг төрүүлж, “од үйлдвэрлэдэг машин” хоч аваад буй “В” продакшны захирал, төрийн соёрхолт Д.Болд чамгүй сайн продюссер гэдгээ харуулсан. Авиа гаргах төдийд л дуу болгоод хувиргачих чадалтай техник технологи, менежмент сайтай продюссер байхад л өнөөдөр хэнбугай нь ч дуучин болох боломжтой. Гэхдээ зарим нь ч арай дэндэж байна аа. Дуулсан дууг нь больё гэхэд дуучных нь хоолой гэж авах юм алга. Өмнөөс нь бараг хоолойгоо засчихмаар санагддаг сөөнгө хоолойтой хүмүүс дуучин болчихсон жишээ зөндөө л бий.
Нийтийн дуучдын холбооны тэргүүн гэгддэг гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийг сөөнгө хоолойтой гэж хэдэн жил хэвлэлээр чичилсэн нь одоо юу ч биш. Тэрнээс ч илүү сөөнгө, хахир хоолойтой дуучид олон гарч ирсэн юм чинь. Мань эр нийтийн дууны ертөнцөд гарч ирж буй залуу уран бүтээлчдийн продюссерээр ажиллаж, чамлахааргүй мөнгө салгасаар нэлээд хөлжсөн. Хажуугаар нь бас энд тэнд халтуур хийх юм уу, хааяахан бас хуучин дуунуудаараа тоглолт хийгээд халаасаа түнтийлгэнэ. Хоёр жилийн өмнө Ирланд улсад сурахаар одсон ч хааяа нэг дуучдын тоглолт зохион байгуулах гээд ирчихнэ ээ, бас.
За, тэгээд гайгүйхэн шиг менежменттэй продюссер хайсан дуучид цаагуур чинь зөндөө л дөө. Хөөрхийс, урлагтаа хайртай болохоороо л ингэж уйгагүй явдаг юм гэсэн. Зарим нь яахав ээ, заавал дуучин байх албагүй. Өөрийнхөө хүссэн чиглэлээр ажиллахын хажуугаар ганц хоёр дуу бичүүлж, цомог гаргаад тоглолт хийх завтай байхад л хангалттай гэж үздэг. Түүнээс биш өдөр шөнөгүй “Урлаг” гэж яриад дуулж хуурдаад явахыг хүсэхгүй юм байх. Тийм хүмүүст продюссер ч хэрэггүй гэдэг нь мэдээж. Тэгвэл дуу бичиж, клип хийдэг студи продакшнуудын хувьд байнга хамтарч ажилладаг уран бүтээлчид гэж байхаас бус, өөрсдөө продюссерлэнэ гэсэн ойлголт ховор. Цомог гаргах, тоглолт хийх ажилд нь тусалсан болоод л хэдэн төгрөг салгачих санаатай яваа тэдний хувьд жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээ мартагдсан гэж хэлж болохоор. Ийм учраас дуучид бүх ажлаа өөрөө зохицуулах гэж гүйгээд юун тэр менежмент манатай явж байгаатай цөөнгүй удаа таарсан даа.
Шинэ цомог, тоглолтын сурталчилгаа, зохион байгуулалт, имиж стиль, хөрөнгө мөнгөө өөрсдөө л шийднэ. Зарим нэг ажлыг нь гүйцэтгэсэн хүмүүс түр хугацаанд хөлсөөр ажиллаж байгаа болохоор тэгтлээ их шамдаж гүйгээд байхгүй. Энэ мэтээр “төөрсөн” дуучид, төөрөлдсөн продакшнууд олширсон уу гэхээс биш цөөдөөгүй нь лав. Продюссер байхгүй, менежмент гэж юу байдгийг ч мэдэхгүй “нусгай” дуучид “Манай рок попын урлаг хөгжиж байна. Гэхдээ тэр барууны дуучидтай харьцуулж болохгүй. Яагаад гэвэл, тэд чинь лаг техник технологитой байхгүй юу” гэж мэдэмхийрэх нь бий. Яг үнэндээ бол тэр алдартай хамтлаг, дуучид чинь чадалтай, сайн продюссерийн ачаар л дэлхий нийтэд танигдсан юм шүү дээ. Тэр ч утгаараа, гаргасан цомог нь өндөр борлуулалттай, тоглолт нь үзэгч ихтэй байдаг юм. Уран бүтээлээс гадна хэлж ярих, алхах гишгэх, өмсч зүүх, үерхэж нөхөрлөхөө хүртэл продюссерээр заалгаж, тодорхой менежментийн дагуу ажилласны хүчээр л тэд нэрд гардаг. Мэдээж, насан туршдаа тэгж “мөнгөний боол” мэт амьдарч, утсан хүүхэлдэй шиг бүхнээ заалгахгүй. Харин энэ бүхнийг мэдэхгүй байж цээжээ дэлдсэн одонцруудад бусдын бүтээлийг хуулбарлаж, хүүхэлдэй шиг дуурайх нь таалагдаад байгаа бол урлагт удаан тэсч чадахгүй байх даа.
Р.ЕСҮЙ
URL: