ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Дэлхийн аль ч оронд дан ганц компьютерт итгэдэггүй

Өчигдөр шөнө СЕХ дээр намуудын дарга нар ирж, сонгуулийн тооллоготой холбоотой асуудлаар саналаа солилцсон юм. Энэ үеэр тэд юу гэж өгүүлснийг хамтдаа сонирхъё.

АН-ын дарга Н.Алтанхуяг:
– СЕХ-нд хамт уулзъя гэж би С.Батболд даргад санал тавиад уулзлаа. Бидний санаа зовж байгаа нэг асуудал байна. 2400 гаруй автомат машины 2000-ынх нь мэдээлэл энд ирсэн. Харин 400 машины мэдээлэл одоо хүртэл ирээгүй, наашаа өгөхгүй байна. Мэдээллээ явуулж болдоггүй алс аймаг, сумыг бол ойлгож байна. Харин нийслэлд маш олон газрын мэдээллийг өгөхгүй хаачихаад байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэж СЕХ-ноос асуухад “Бид тийм зүйл хэлээгүй ээ” гэсэн. МАН-ын даргатай хамт уулзаад асуухаар “Бид нар ч яриагүй” гэлээ. Ингээд хэн гэдэг хүн саналын дүнг СЕХ-нд ирүүлэхгүй зогсоогоод байгаа нь ойлгогдохгүй байна. Нийслэлийн тойргийн хороо нь зогсоогоод байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АН нийслэлд 14-өөс 11 тойрогт ялчихаар үлдсэн хэдэн хэсгийн хорооны дүнг бариад саналын тоог наашаа өгөхгүй байгаа юм. Зарим хэсэгт 10 минутын дотор гарсан дүн яагаад таван цагийн дараа ирээгүй байгаа юм бэ? гэж бид гомдол гаргасан. СЕХ “Одоо бид ажиллая”, МАН-ын дарга бол “Тийм зүйл байхгүй” гэлээ. Хэрэв энэ нь үнэн бол одоо мэдээгээ өгөх ёстой.

МАН-ын дарга С.Батболд:
- Манай намын зүгээс тооллоготой холбоотой, бидний зүгээс гомдолтой асуудал байгаа. СЕХ-нд тооллого шударга явагдах ёстой, хяналтын тооллого хийх ёстой, сонгуулийн үр дүнг ард түмэн, улс төрийн намуудын хувьд ч сэтгэлд сэвгүй зөв байх ёстой гэдэг зарчмыг барьж гомдол гаргалаа. Энэ асуудлаар жич мэдээлнэ.

ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл:
– Дэлхийн аль ч оронд дан ганц компьютерт итгэдэггүй. Хүн өөрөө бүтээдэг учраас компьютерийг яаж ч өөрчилж, янзалж чадна. Сайн зорилгоор ч тэр, муу зорилгоор ч тэр. Электрон сонгууль маань электрон булхай болоод хувирчихлаа. Нөгөө ардчилал, шударга ёс гэдэг үг хэрэгжих болоогүй байна. Манай нам бусад намуудын адил хяналтын тооллогыг гараар бүх газар хийхийг дэмжиж байна. Хоёр том нам шударга оролцож байгаа бол айгаад байх юмгүй шүү дээ. ИЗНН-ын Хэнтийд нэр дэвшигчид манай намын гучаад хүн санал өгсөн байхад нэг хүний санал авсан байх жишээтэй. Улаан цайм юм яваад байгаа болохоор улсын хувь заяанд санаа зовохгүй бол болохгүй нь. Хүн дүнг нь зохиогоод тавьчихаж болох тул электрон сонгуульд 100 хувь итгэдэг орон байхгүй. Зарим гадаадын ажиглагчид ямар гэнэн юм бэ гээд мушилзан инээж байсан. Бид 100 хувь компьютерт итгэж болохгүй гэж анхнаас нь хэлж байсан. Д.Энхбат гишүүн олон удаа ярьж, санаачилга гаргаж байсан шүү дээ.

ИЗНН-аас нэр дэвшигч Х.Бат-Ялалт:
– Би Сонгинхайрхан дүүрэгт нэр дэвшсэн. Одоо хүртэл дүнгээ хэвлэж өгөөгүй газрууд байна. Манай ажиглагч нар орж, гарч чадахгүй, санал тоолох ажлыг ямар ч хуулийн үндэслэлгүй зогсоосон байна. Өнөөдөр 59, 61, 73 гэсэн хэсгийн хороод дээр хяналтын тооллого хийхдээ хуулиа зөрчөөд машинаараа дахиад тоолсон. Яагаад төрийн албан хаагчид гар аргаар тоолно гэдгийг мэдсээр байж машинаар тоолоод байгаа вэ? Ард түмнийг тэнэг гэж доромжилж байгаа юм уу аль эсвэл эрх дархандаа эрдэж байгаа юм уу? Хэрэв үнэхээр хэсгийн ажилчид санаатайгаар буруу тоолоод байвал төрийн эрх мэдлийг санаатайгаар авах гэсэн хуйваалдаан зохион байгуулах гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Үүнийг ТЕГ шалгасны дараа сонгуулийн саналын дүн хууль зүйн хувьд хүчинтэй болох ёстой. 20 цаг 30 минутад эхний дүн гарсан. Гэтэл зарим нь одоо хүртэл машин тоолж дуусаагүй гэх мэт тэнэг хариулт өгөөд байгаа нь энэ сонгууль луйвартай боллоо гэдгийг харуулж байна. Зуун хувь компьютерт итгэсэн Монголын ард түмэн тэнэг юм аа гэж хэлмээр байна.

Б.Жаргалсайхан:
– Гараар тоолохооор нэг өөр гараад машинаар тоолохоор нэг өөр гараад байна. Уг нь тойрог болгоны хоёр хэсэг дээр гараар тоолно гэсэн журам байгаа. Гэтэл тоолсон дүнг дахиад гараар биш машинаар тоолсон. Хэрэв машин нь алдаатай тоолсон бол дахиад л алдаатай тоолох байхгүй юу. Тэгээд гараар тоолъё гэхээр тоолуулахгүй. Баянгол дүүрэгт гэхэд гараар тоолохоор Дашзэвэг гараад ирдэг, машинаар тоолохоор гарахгүй байна. Зарим хэсэг дээр тооллогынхоо дүнг аваад зугтаж явна. Өгөхгүй, хэлэхгүй гээд. Зарим аймгуудад саналын хайрцгаа хөдөлгөхгүй дараад сууж байна. Энэ компьютерээр далимдуулж сонгуулийг луйвар булхайтай явуулах сонирхол зарим хүнд байгаа. Тиймээс сонгуульд ялалт байгуулсан нэг нь хэр зэрэг шударга, үнэнээр ялсан бэ гэдгийг баталгаажуулахын тулд дахин гараар бүх улс орон даяар тоолъё гэж байгаа юм. Ялсан, ялагдсан хэн хэнд хэл амгүй нь амар. Нэг хэсэг дээр 1000-3000 санал байгаа болохоор ажиглагчид 15 минутын дотор л тоолно. Программ хангамжийг хүн зохиож байгаа болохоор яаж л бол яаж л хийнэ.

Энэ сонгуулийн үр дүн дэндүү алаг цоохор байна. Манайхаас нэр дэвшигчид бол арай л гомдмоор. Зарим нь нэг хагас хүний санал авсан байна. Бүхэл бүтэн эвсэл гээд орж байхад дөрвөн хүний санал авчихсан байх жишээтэй. Булганд гэр бүл, ах дүүгээрээ зуу гаруй хүн өгсөн гэсэн чинь ганцхан хүний санал тоологдсон байх юм. Ээж аав, ах дүү нар нь яасан юм бэ? Үүнийг хэрүүл маргаанаар биш улс төрийн ухамсраар хуулийн дагуу дахин тоолох нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ.

эх сурвалж: mixx.mn


URL: