Ховд аймаг Хятадаас хараат болжээ
Ховд аймаг уул нь Галдан Бошигт хаанаараа овоглож, Хятад, манжийн эсрэг хамгийн сайн тулалдаж байсан түүхтэй.
Гэтэл өдгөө Хятадын хил залгаа гэдгээр Булганы боомтоор хятад дугаартай машинтай “ах нар” Ховд аймгийн нутгаар хөндлөн гулд давхилдаж, металл хайгчтай машинууд сүлжилдэх болжээ. Үүний учрыг нутгийн зарим нэг учир мэдэх хүмүүсээс асуувал Ховд аймагт хятад дугаартай, хятадууд чихсэн төрөл бүрийн машинууд сүлжилдэх болоод удаж байгаа бөгөөд тэд металл хайгчаар алттай болон газрын баялагтай газар хайж нааш цаашаа өдөржингөө хэдэн зуун километр хэрэн тэнэдэг гэнэ.
Харин монголчууд эргээд хил нээгдэх үеэр Хятадын хил рүү гарахдаа 1 хүн 500 юань төлж, дор хаяж 2 цаг оочерлон мэдүүлэг бөглөж Хятадын хилээр нэвтэрдэг бол хятадууд мөнгө төлөх нь бүү хэл дураараа машинтайгаа орж ирэн дургиж байгаад явдаг ажээ. Үүний хажуугаар дүрэм зөрчиж, архи ууж шоудан айлын охид хүүхнүүдийг хятадаар өдөж хоргоодог аж. Ховдын цагдаагийнхан эхэндээ машиных нь бичиг баримтын хурааж авдаг байсан ч тэдний энэ үйлдлийг зогсоож дийлэхээ больжээ. Бүр сүүлдээ цагдаа нар нь хүртэл мөнгө авчихсан уу гэлтэй хятад машин явааг тоосон ч шинжгүй байдаг болжээ. Биднийг сонгууль хэмээн манарч, Таван толгой, Оюу толгойд анхаарлаа хандуулж байх зуур хятадууд хилийн боомтуудаар ойролцоо байдаг аймгуудыг хэдийнээ эзлээд ороод ирчихсэн байх вий гэх бодол тогойноос салахгүй нь.
Уул нь тусгаар тогтнолоо зарласан, өөрсдийн хилийн заагтай, хууль дүрэм үйлчилдэг л орон байлтай. Гэтэл манайхыг зүгээр л нэг муж гээд бодчихож. Ийм хэрэг байж болно гэж үү. Яг ийм жишээ Дорнод, Өмнөговьд адилхан байгааг нэмж дуулгах нь зүйн хэрэг. Монгол үндэстэй байх, оршин тогтноход хамгийн гол зүйл нь хилээ хамгаалж, гадныхныг нэвтрүүлэхгүй байх учиртай. Гэтэл яг өдгөө юу болоод байгааг хилийн орчмоор амьдарч байгаа монголчууд ч ойлгохоо больжээ. Эрхтэн дархтанууд маань зөөлөн сэнтий булаацалдан хамаг байдгаа цацаж байхын оронд хайрт эх орноо л хүн шиг хамгаалвал иргэдийн сэтгэл нэг амрах биш үү… Хятадууд Монголд нутагтаа байгаа юм шиг өөрийнхөө тэрэгтэй явахыг би л лав хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Харин та…
Ж.Санаа /www.wikimon.mn/
URL: