Миний аавын найз Ж. Хатанбаатар ах
“Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” хэмээх сургаалийг хүндэтгэн сэтгэлийн зулаа сэргээж явдаг хүмүүс эх оронд минь олон байдаг гэдэгт би итгэдэг. Харин энэ сургаалиа бидэндээ үлдээгээд хаа нэгтээ одсон аав минь миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн гэдгээ өөрөө ч тухайлан бодож байгаагүй биз. Төрийн өндөрлөгт ард түмнийхээ дуу хоолой болж, ард түмэндээ шүлэг найргаараа хүрдэг байсан тэрээр охин миний хувьд өөрийн биеэр үлгэр үзүүлж, үйлдлээрээ зааж, сургадаг байсан.
Нүдээ нээсэн цагаас минь эхлээд насан эцэслэх хүртлээ миний нөмөр нөөлөг, багш, сурган хүмүүжүүлэгч, дотны анд минь аав минь байсан. Гэвч монгол хүний эцэг эхээ хүндэтгэх уламжлал ёсоор тэр бүр аавдаа илэрхийлж чаддаггүй байсан зүйлсээ хайр, хүндэтгэл, итгэл, бахархал дүүрэн харцаараа илэрхийлэхийг хичээдэг байв.
Аав минь миний амьдралийн эрч хүч, инээмсэглэл, бахархлын эх сурвалж байсан билээ. Харин аавын минь амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд нь байсан гэж боддог. Улс орон минь тусгаар байж, ард түмэн минь эрх чөлөөтэй, монголоороо бахархаж амьдрах ирээдүйн төлөө амь насаа зориулахад бэлэн хэмээн аав минь олонтаа хэлдэг байсан.
Аав минь олон найз нөхөдтэй хүн байсан. Хэнийг ч ялгалгүй, баян, ядуу, боловсролтой, боловсролгүй бүх хүмүүстэй хүнийх нь хувьд нэг л түвшинд сэтгэлээсээ харьцдаг байсан нь одоо ч миний сэтгэлд тодхон буудаг. Тиймдээ ч олон хүнийг соронзон мэт татаж, дотно нөхөрлөдөг байсан биз. Уран бүтээлийн найз, багын найз, шашны, улс төрийн андууд гээд олон нөхдийнх нь дотроос аавтай минь хэр дотно байсан тухай бусдын тэр бүр мэддэггүй нэгэн нөхрийнх нь тухай өгүүлэхийг хүслээ.
Миний аавын хамгийн дотны нөхдийн нэг, багш, зөвлөгч нь байсан тэр хүнийг Жамбалын Хатанбаатар гэдэг. Анагаах ухааны доктор, профессор, ардын эмч, Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх үйлсийн анхдагч, оюун санааны хөгжил, анагаах ухааны салбартаа дэлхийд нэртэй гэдгээс нь илүүтэй “элэгний” гэдэг тодотголоор нь хүмүүсийн анддаггүй Монгол Улсын Ардын эмч Ж.Хатанбаатар ах миний мэдэхийн аавын минь хамгийн дотны нөхдийнх нь нэг байсан юм.
“Бурхан багшийн сургаал” номыг Н.Энхбаяр, Ж. Хатанбаатар ах хоёртой хамтран орчуулж, хянан тохиолдуулсан. Ингэхдээ Хаòанбаатар ах аав хоёр олон хоног аавын ажлын өрөөнд хамт сууж ажилладаг байсан нь санагддаг. Манай ах, эгч гээд гэрийнхэн тойрч суугаад тэр хоёр Бурхан багшийн сургаалийг хэрхэн орчуулж, үг бүрчлэн хянан найруулж, санал солилцож байгааг сонирхон, Гоутама Буддагийн сургаалийг бишрэн сонсдог байв.
Энэ хоёр хүнийг чухам ямар холбоос холбож байсныг сайн мэдэхгүй ч аав маань амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл Ж.Хатанбаатар эмчийг хүндэтгэн гэр бүлээрээ сайхан нөхөрлөж байсан. Амралтын өдрүүдээр Бакула ренбүүчий, түүний туслах Сономванчиг, Түвдэндаваа нартай хамт Монгол орны олон аймаг сумдаар хамт явахад нь дагалдан явах боломж олдсоноо азтай хэрэг гэж боддог. Ердийн үед ч гэр бүлээрээ Манзуширын хийд, Эрдэнэзуу гээд Монголын томоохон энергийн төòдүүдээр хамтдаа аялацгаадаг байсан. Хаа нэгтээ очоод хүүхдүүд биднийг аав Хаагий ахын хамт ямар нэг зүйл ярилцаад өндөр өвс, уул, толгодын дундуур хэдэн цагаар ч хамаагүй хамтдаа алхдаг байсан нь надад нэг л нууцлагдмал санагддаг байв. Тэдний хооронд чухам ямар сэдвээр, юуны тухай яриа өрнөсөн болохыг мэдэхийг их хүсдэг байсан ч саад болохгүйн үүднээс ойртож зүрхэлдэггүй байж.
Монгол Óлсын ирээдүй, хувь заяа, улс төр, шашны гээд олон сэдвээр санаа сэтгэл, үзэл бодол нийлдэг байснаас ийнхүү холбогдсон биз. Ж.Хатанбаатар ах аав хоёр Энэтхэг улс руу хамтдаа олон удаа аялахдаа хүний оюун ухааны хөгжил, эртний иогийн нууц, эрүүлжүүлэх арга ухаан гээд олон зүйлийг хамтдаа судалж байсныг бодвол нэгэн зүгт чиглэсэн сэтгэл зүйн нарийн шижмээр холбогдсон байх гэж боддог. Тэдний Бурхан багшийн мөрөөр Энэтхэгт хийсэн аяллынх нь тухай тэмдэглэл, гар бичмэлийг нь уншихад Буддагийн төрсөн газар болох Непалын Лумбини цэцэрлэг, бодь модны доор гэгээрлийг хутгийг олсон Бодьгаяа, анх ном номлосон Варанасын Бугат цэцэрлэг, нирваан дүрийг үзүүлсэн Кушинагар зэрэг ариун дагшин газрын талаар нүдэнд харагдтал дүрслэн өгүүлсэн байдаг.
Аавыг өөд болохын өмнөхөн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан аав дээр Ж.Хатанбаатар эмч эргэхээр очиход нь аав маань ихэд баярлаж, эмнэлгээс гармагцаа хамтдаа бясалгал хийе гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Аав бидэнд захихдаа “Намайг байхгүй болвол цөөхөн хэдэн хүн л та нарт хуучин хэвээрээ хандах байх. Хэцүү хүнд үе тохиолдвол хамгийн түрүүнд Хаагий ах руугаа очоорой” гэж билээ. Аавыг бурхны оронд одсоноос хойш анд нөхдүүд дотроос нь биднийг хамгийн их түшиж тулж, хэзээ ч зан чанараа өөрчлөөгүй хүний нэг бол Хатанбаатар ах. Аав минь үүнийг зөн совингоороо мэдэж байж дээ гэж боддог.
Аавыг минь насан өөд болсны дараа ч манай гэр бүлийн хувьд хамгийн дотны хүн хэвээр байж, зөвлөж байдаг Монгол Улсын Ардын эмч Ж.Хатанбаатарт хувийн зүгээс болон гэр бүлийнхнийхээ зүгээс гүнээ талархаж явдаг юм. Бас нэг зүйл нь аав Хаагий ахтай, ээж эхнэртэй нь, эгч маань том охинтой, ах маань том хүүтэй нь гээд бүгд дотно үерхдэг учраас манай хоёр айлыг удам дамжсан нөхөрлөл бас холбодог гэж хэлж болох юм.
Олон хүн Очирбатын Дашбалбар гэдэг нэрийг төр, нийгмийн зүтгэлтэн, бурхны сургаалийг зөв танин мэдэхэд хувь нэмрээ оруулсан, түмний сэтгэлд хоногшсон бүтээл туурвисан төрийн соёрхолт яруу найрагч гэдгээр нь танина. Харин охин миний хувьд тэрээр хорвоогийн хамгийн сайн аав, хувь заяагаар надад олдсон хамгийн том бэлэг байсан. Таныхаа амь мэт нандигдан хамгаалдаг байсан эх орон, хайрлан хүндэлдэг байсан найз нөхдийг тань охин нь таныхаа адил дээдлэн явахыг хүснэ.
Дашбалбарын Дэжидмаа
zuuniimedee
URL: