Буга намнаачид булзсаар байна
Хустайн нуруунд алагдсан 13 бугын хэрэгт холбогдох сэжигтнүүдийг баривчилжээ. Хулгайн анчид бугын чив, сүүл, хэл, сав төдийгүй цусыг нь юүлж авсан аж. Алагдсан бугануудын дөрөв нь хээлтэй байжээ.
Хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Б, Увс аймгийн харьяат Б нарыг саатуулаад байна. Саатуулах үед Хөвсгөл аймгийн харьяат Б-гийн гэрээс 86 ширхэг бугын сүүл, 20 баавгайн савар, 9 хүдрийн заарь, гахайн засаа, бугын чив гарсан бол түүнд ангийн эд зүйлс нийлүүлдэг гэх Увс аймгийн харьяат Б-гийн машинаас 30 гаруй бугын эвэр мөн тооны чив, сүүл гарчээ. Дээрх эд зүйлийг худалдан авсан ченжүүд бугыг хэн агнасан, тэдэнд хэн бараа нийлүүлдгийг ихэд нууж, “Утсаар ярьсан буриадуудаас авсан. Утасны дугаарыг нь тэмдэглэж аваагүй” хэмээн мэлзэж байгаа аж. Тэднээс гадна УМБГ-аас уг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр “Цайз” захын ченжүүд болох Д, Т болон гэр бүлийнхнийг нь мөн саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Эдгээр этгээд хориотой ан агнуурын эд эрхтэнийг худалдан авдаг байсан нь тогтоогджээ.
Я.Баяраа
Эх сурвалж: МОНЦАМЭ
URL: