Монголын төр Б. Хурцыг хамгаалах ёстой гэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хороо 17 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Англиас Герман Улс уруу шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Энэ талаар байнгын хороо ямар байр суурьтай байна вэгэсэн асуултад байнгын хорооны дарга Я.Батсуурь “Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай орны тоонд багтдаг. Үүрэг хүлээж, эрхээ эдэлж, үйл ажиллагаагаа явуулдаг. Манай улсын иргэн ямар гэм буруутай байх нь хамаагүй төр, засаг хамгаалж, байж болох бүх арга хэмжээг авах ёстой.

Түүнийг ял эдлүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай” гэсэн хариулт өгөв. Өмнө нь Б.Хурцыг саатуулагдсантай холбогдуулан түүнд үүрэг даалгавар өгсөн, илчилсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэж тус байнгын хорооны хурлаар яригдсан.Үүнд шинэхэн дарга Я.Батсуурь “Улсын нууц задалсан эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Бид иргэнээ хамгаалах үүрэгтэй” гэж байлаа. Ямар боловч Б.Хурцыг ял зэмгүй өнгөрөөх талаар төр, засгийн зүгээс анхаарал хандуулсаар байна.

Тус байнгын хорооны гишүүд чуулганы завсарлагаанаар хилийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцдаг. Жил гаруйн өмнө Дорноговийн Улаан-Уулын застав дээр дарга нараа буудсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Энэ жилээс тус заставт гэрээт хилчид алба хааж эхэлсэн бөгөөд цаашид хилийн бүх анги нэгтгэлийг гэрээт хилчинтэй болгох шаардлагатай гэсэн байр суурийг байнгын хороо баримталж байгаа аж. БНХАУ, манай улсын хооронд хилийн гэрээ хэлэлцээр байгуулсан.

Хилийн багануудыг бүрэн шинэчилсэн бол манай улсын хилийн тор, шонг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Модон шонгууд өгөршиж, тор нь зэвэрч хуучирсан гэнэ. Мөн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн ТЭЗҮ-тэй нарийвчлан танилцаж байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна. Ингэснээр хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулж Засгийн газарт хүргүүлжээ.

Д. Дорж
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих