Хятадын төмөр замын сайд манайхыг сүрдүүлж байжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргах эрхийн төлөө дэлхийд томоохонд тооцогддог хөрөнгө оруулалтын банкууд өрсөлдөж байгаа билээ. Энэ талаар өчигдөр “Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
Кокосжсон нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн ордод олборлолт хийх эрх бүхий “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконг, Лондоны Хөрөнгийн бирж дээр таван тэрбум ам.долларын хувьцаа гаргаж магадгүй бөгөөд тус компанийн нийт өртөг цаашид 15 тэрбум ам.долларт хүрнэ гэж “Wall Street Journal” онцолсон байна.
Монгол бол газарзүйн хувьд тун ашигтай байрлалтай орон. Австралид болж буй байгалийн гамшгаас болоод тус улсаас экспортод гаргах кокосжсон нүүрсний үнэ нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд Хятадын түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа. Тиймээс Монголын нүүрсний эрэлт хэрэгцээ маш их болсон хэмээн “Wall Street Journal” мэдээлжээ.
Олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын эрх баригчдыг ойрын өдрүүдэд шийдвэр гаргана хэмээн найдаж байгаа юм. Улаанбаатарт хуралдаж байгаа банкируудын хоорондын уур амьсгал ширүүн байгаа талаар төлөөлөгчдийн нэг нь мэдээлжээ.
Тэрбээр “Банкуудын хооронд сүүлийн үед болоогүй ширүүн өрсөлдөөн өрнөж байна” гэсэн аж.
Гадны ажиглагчдын үзэж байгаагаар манай улс уул уурхайдаа түшиглэн дэд бүтцээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа нь гадныхны хувьд хөрөнгө босгох сайхан боломж бололтой.
Гангийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай зэрэгцээд кокосжсон нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн. Энэ нь Хятадын кокосжсон нүүрс үйлдвэрлэгчдэд ашиг олох сайхан боломж олгож байгаа тухай гадны хэвлэлүүд бичиж байгаа. Түүнчлэн үнэ нь одоогийнх шиг байвал Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа 2015 он гэхэд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өснө гэх тооцоог шинжээчид гаргажээ.
Түүнчлэн “Wall Street Journal”-д Тавантолгойн төсөлд улс төрийн нөлөө их байгааг онцолжээ. Олон улсын Хөрөнгийн биржүүд дээр амжилттай IPO хийсэн компаниуд голдуу хувийн хэвшлийнх. Харин “Эрдэнэс Тавантолгой” бол төрийн өмчит компани. Тиймээс үйл ажиллагаанд нь улс төрийн лобби орох магадлал их юм.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ганцхан хүндрэлтэй асуудал байгаа. Тус ордоос хамгийн ойрын төмөр зам хүрэхийн тулд 400 км зам туулах шаардлагатай. Үүнийг ч “Wall Street Journal” онцолсон байна.
“Wall Street Journal”-аac гадна энэ өдрүүдэд Ерөнхий сайд С.Батболд Австралид айлчилж байгаатай холбоотой бас нэг мэдээлэл байна. Түүний айлчлалтай холбогдуулан тус улсын “Sydney Morning Herald” сонинд Монголын талаар бичжээ.
Тэд мөн л Хятадын түүхий эдийн эрэлтэд тулгуурлан Монголчуудыг амьжиргааны түвшин өндөр, Арабын газрын тосоор баян орнуудын ард иргэд шиг болох боломжтой гэдгийг онцолсон байна. Одоо дэлхийн олон орон Хятадын улс төр, эдийн засгийн хүчин чадал нэмэгдэж байгаад ундууцаж байгаа. Тэр дундаа Монгол тэргүүтэй зарим орон Хятадаас хэт хамааралтай болсон. Өнгөрсөн онд Монголын Засгийн газар ОХУ-ын Номхон далайн хилийн боомт руу нүүрс тээвэрлэхийн тулд тус улсын төмөр замд нийцүүлж, өргөн голчтой төмөр зам байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Үүнээс болж саяхан авлигын хэргээр албан тушаалаасаа буусан Хятадын Төмөр замын сайд асан Лиу Зижин Монголтой харилцах төмөр замын гарцуудаа хаана хэмээн албан бусаар сүрдүүлж байжээ. Энэ талаар “Sydney Morning Herald” сонинд мэдээлсэн байна.
Лиу Зижинтийн хувьд Хятадын төмөр замыг хөл дээр нь босгосон, тус улсын хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байв. Харин түүнийг авлигын хэрэгт буруутгасан явдал нь маш гэнэтийн хэрэг болсон юм.
Сүүлийн үед Тавантолгой тэргүүтэй орд газруудын талаар гадны хэвлэлүүдэд нэлээд их мэдээлэл гарч байгаа. Үүнтэй зэрэгцээд манай улс жижигхэн орон учраас урд хөршөөсөө хэтэрхий их хамааралтай байгааг онцлох болжээ.
Т.Элиса Улс төрийн тойм
URL: