“Евро-2012″ тэмцээний үеэр халдварт өвчин газар авах магадлалтай
Тун удахгүй эхлэх гэж байгаа хөл бөмбөгийн Евро-2012 тэмцээний үеэр олон тооны хөгжөөн дэмжигчид цугларах учир салхин цэцэг болон улаан бурхан өвчин дэлгэрэх аюулыг дагуулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэхүү арга хэмжээнд оролцох гэж байгаа жуулчдад зориулан тусгай журам хүртэл боловсруулан гаргаад байна. Европын олон оронд халдварт өвчний байдал үнэхээр хүнд байгаа юм. Франц, Герман, Польш, Румын, Испани, Бельги, Их Британи зэрэг орнуудад он гарсаар халдварт өвчний 4400 тохиолдол илэрчээ. Тэмцээн явагдах Украинд ч байдал тийм сайн биш байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны сайт дээр мэдээлж байгаагаар эдгээр өвчний найман мянган тохиолдол илрээд байгаа гэнэ. Хэрэв гаднаас олон хүн ирэх тохиолдолд халдварт өвчин улам бүр газар авах аюултай болж байна. Тиймээс Украин болон Польшид болох хөл бөмбөгийн тэмцээнийг үзэх гэж байгаа хүмүүст заавал вакцин хийлгэхийг сануулж байгаа юм. Орчин үеийн вакцин нь улаан бурхан болон салхин цэцэг өвчнийг дагалдаж байдаг хүндрэлээс хамгаалах боломжийг олгодог гэдгээр онцлогтой. Сүүлийн үед дээр дурьдсан өвчин Европын орнуудад ихээр тархах болсон байна. Үүнд буурай хөгжилтэй орноос цагаачлан ирж байгаа хүмүүс буруутай гэж үздэг. Энэ өвчин нь агаарын замаар хүнд халдварладаг бөгөөд хэрэв өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандахыг мэргэжилтнүүд уриалж байна. Т.Бүрэн
URL: