Б.Мөнхдөл: Засгийн газраас санал болгож байгаа сая төгрөг дэндүү бага гэдгийг ойлгох хэрэгтэй
Австралийн “Си-Пи-Эс Секюритис” компанийн Монгол дахь маркетингийн салбарын гүйцэтгэх захирал Б.Мөнхдөлтэй ярилцлаа.
-Яг одоо иргэд хувьцаагаа авах уу, бэлэн мөнгөө авах уу гэсэн сонголттой тулгараад байна. Иргэдийн дийлэнх нь бэлэн мөнгөө авах сонирхолтой байгаа?
-Томоохон стратегийн ордуудын баялгийг тэгш хуваарилах зарчмын дагуу иргэн бүрт хувьцаа олгох нь маш чухал, зүйтэй асуудал. Харин энэ хувьцаа нь иргэн танд ямар ашигтай юм гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Миний хувьд Засгийн газрын зүгээс иргэдэд бэлэн мөнгөө авах уу, хувьцаагаа авах уу гэсэн сонголтыг санал болгож байгаа нь шударга бус санагдаж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүр хүртэх эрхтэй боловч Засгийн газраас болоод энэ эрхээсээ татгалзахад хүрлээ. Уг нь иргэд хувьцаагаа бирж дээр гарсан хойно нь авбал 2-3 жилийн дараа юун сая төгрөг, хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй болно гэдгийг манайхан хараахан ойлгохгүй байх шиг байна. Мөнгөн хэлбэрээр нь зах зээлийн үнээс нь маш хямдхан Засгийн газрын зорилго нь иргэдээс хувьцааг нь худалдаж авчихаад компаниудад нэг сая төгрөгөөс илүү үнээр нь зарах гэж байгаа юм. Тэгэхээр түүнээс зөрүү мөнгө гэж гарч ирж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Засгийн газар иргэдээс 1072 ширхэг хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авах нэрийн дор “мөнгө хийх” гэж байна. Бүгдийнх гэсэн хэрнээ бодит байдал дээрээ биднийх биш тэднийх болох гэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
-Хувьцаа авснаар ямар ач холбогдолтой болох талаар манай уншигчдад тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Өөрт байгаа баялгаа үнэ цэнийг нь алдуулахгүйгээр урт хугацаанд хадгалах хамгийн энгийн, ашигтай хэлбэр нь хадгаламж юм. Хэрэв таны мөнгө хэтэвчинд тань байгаад байх юм бол өдөр ирэх бүр үнэ цэнээ алдана. Өөрөөр хэлбэл, та бүхний өнөөдрийн авч байгаа талхны үнэ маргааш өөрчлөгдсөн байдаг биз дээ. Тэгвэл мөнгө гэдэг зүйл чинь өөрөө ямагт үнэ цэнээ алдаж байдаг юм. Түүнийг нь хадгаламж, бонд хэлбэрээр үнэ цэнийг нь алдахгүй хадгалах боломжтой. Инфляциас дээгүүр хүү төлөөд хадгаламж хэлбэрээр хөрөнгийнхөө үнэ цэнийг алдагдуулахгүй байж болно. Харин бонд, хувьцаа зэрэг нь хадгаламжаасаа илүү өгөөжтэй хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн юм. Хэдийгээр хувьцаа, бонд зэрэг нь эрсдэлтэй алхам боловч түүнээс хүртэх ашиг нь их. Тиймээс хувьцаа нь эрсдэлтэй боловч зөв компанийнхаа хувьцааг авбал өндөр ашиг хүртэх боломжтой. Хувьцааны үр шимийг урт хугацааны дараа хүртдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйн ашгийг одоогийн үнэ цэнээр яаж үнэлж байгаагаас шалтгаалдаг. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд бүрэн олборлолт эхлээгүй байгаа учраас Засгийн газрын зүгээс хэлж байгаа сая төгрөг гэдэг бол хэд дахин бага гэдгийг ойлгох хэрэгтэй. Жилдээ 30 сая тонн нүүрс олборлоод эхлэхээр хувьцааны одоогийн үнэлгээ нь хэд дахин өсөх юм. “Эрдэнэс Тавантолгой”-н нөөц нь батлагдсан, найдвартай учраас ямар ч эрсдэлгүй. Зөвхөн цаг хугацаа л харуулна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын зүгээс иргэдэд санал болгож байгаа сая төгрөг гэдэг бол зүгээр л зохиомол тоо төдий зүйл. Ердөө жилийн дараа таны авсан хувьцаа одоогийнхоосоо хэд дахин илүү үнэд хүрнэ гэдгийг ойлгох нь чухал.
-Хувьцааны үр ашгийг нь хэзээ хүртэх нь эргэлзээтэй учраас бэлэн мөнгө авах сонирхолтой хүмүүс олон байгаа. Хамгийн ойрын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас хэзээ үр ашгийг нь хүртэх вэ?
-Мэдээж мөнгөний хэрэгцээ байгаа хүмүүсийн хувьд одоо сая төгрөгөө авчихсан нь дээр гэж бодож байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ жилийн дараа гэхэд хувьцааныхаа үр ашгийг хүртэх боломжтой гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Ойрын хугацаанд Тавантолгойн хувьцааны үр ашгийг хүртэх тухайд гэвэл жилийн дотор бирж дээр гарах боломжтой гэж үзэж байгаа. Улмаар олон улсын бирж дээр гарсан хойно нь хамаагүй илүү өндөр үнэлгээгээр арилжаалах боломжтой. Сонгуулийн өмнө амжиж Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр гаргах байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Гэхдээ хойшиллоо гээд хувьцааны асуудлыг бүдгэрч байгаа мэтээр ойлгож болохгүй. Харин ч бүр хойшлогдох тусам компанийн үнэ цэнэ өсч байгаа юм. Өнөөдөр бидэнд Баруун Цанхи, угаах үйлдвэр, дэд бүтэц, уурхай зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудал их бий. Үүнийг шийдсэнээр “Эрдэнэс Тавантолгой”-н үнэлгээ нь ихэснэ, ингэснээр нэгж хувьцааны үнэ өсөх ач холбогдолтой. Тиймээс хүлээх тусам таны хувьцааны үнэ цэнэ өсч байна гэж бодох хэрэгтэй. Сая төгрөг гэдэг бол хангалтгүй үнэлгээ. Боломжтой бол хүлээж байгаад бирж дээр гарсан хойно нь хувьцаагаа арилжих хэрэгтэй.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийх нь хойшилсон. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийх асуудал хоёр шалтгаантай хойшилсон. Нэгдүгээрт Үнэт цаасны шинэ хуулийн төсөл батлагдаагүй байна. Их хурлын хэмжээнд хэлэлцэж байна. Хоёрдугаарт манай Засгийн газар зөвхөн Монголдоо төдийгүй Хонконг, Лондонгийн бирж дээр IPO хийх сонирхолтой байсан. Гэтэл шинэ хуулийн төсөл батлагдаагүй учраас Лондонгийн бирж дээр гаргаж чадаагүй. “Эрдэнэс Тавантолгой”-г эзэмшдэг толгой компани нь Монголд бүртгэлтэй байвал Хонгконгийн бирж хүлээн зөвшөөрдөггүй юм. Түүнийг тойрох арга бол “Эрдэнэс Тавантолгой”-г толгойлдог өөр нэг компанийг олон улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдсөн Сингапур зэрэг орнуудын бирж дээр байгуулах шаардлагатай байсан. Гэтэл манай Засгийн газрын хувьд иргэдийн хувьцаатай холбоотой Монголд бүртгэлтэй компанийг олон улсын бирж дээр гаргах сонирхолтой байгаа. Үүн дээр зөрчил үүсч байна. Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшигчдийн эрхзүйн орчин Хонконгд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрээгүй байгаа учраас Үнэт цаасны тухай хууль батлагдахыг хүлээж байна. Хоёрдугаарт Баруун цанхийн асуудал шийдэгдээгүй байтал Зүүн Цанхийг ухаж эхэлсэн нь IPO хойшлох бас нэгэн шалтгаан болсон. Баруун Цанхийн асуудал шийдэгдээгүй байгаа учраас зах зээлийн үнэлгээнд нь нөлөөлж байгаа. Уг нь Баруун, Зүүн Цанхийн үйл ажиллагаа зэрэг урагшилбал, “Эрдэнэс Тавантолгой”-н зах зээлийн үнэлгээ нь өснө. Нөгөөтэйгүүр нөөц нь батлагдсан боловч “Эрдэнэс Тавантолгой”-д маш их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа. Тодруулбал, хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө босгож байж том уурхайн хэмжээнд хүргэнэ. Хэдийгээр Тавантолгойд бага хэмжээний орлого байгаа боловч энэ нь бүтээн байгуулалт хийх хэмжээнд хүрэлцэхгүй байна. Угаах үйлдвэр барих, төмөр зам, автозам, уурхай, түүнийг дагасан дэд бүтэц барих зэрэг асуудалд шаардлагатай байгаа асар их хэмжээний хөрөнгийг олохын тулд Засгийн газар IPO хийх замыг сонгосон.
-Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг нь ямар замаар тогтоох боломжтой вэ?
-IPO руу дөхөж байж нэрлэсэн үнэ нь тодорхой болно. Засгийн газрын зүгээс санал болгож байгаа сая төгрөг бол зохиомол үнэ юм. Цаашдаа IPO хийж, бүтээн байгуулалт явагдаж, олборлолт нэмэгдсэнээр энэ үнэлгээ хэд дахин өснө. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжсанаар манай хөрөнгийн зах зээлд харин ч сайнаар нөлөөлнө. МХБ дээр өдөртөө 50 сая төгрөгийн арилжаа явагдаж байна. Гэтэл гадныхан манай хөрөнгийн зах зээлд оролцох хүсэлтэй байгаа. Хөрөнгийн биржийн нэг өдрийн арилжаа нь 50 сая төгрөг гэдэг бол хэн ч мөнгө оруулах боломжгүй, жижиглэнгийн худалдаа юм. Тиймээс Тавантолгой орж ирснээр өдрийн эрэлт нь нэмэгдэж, бусад жижиг компаниуд түүнийг хараад олон нийтэд байгаа хувьцааныхаа тоог ихэсгэх арга хэмжээ авах зэргээр үйл ажиллагаагаа тэлэх боломжтой.
-Гадаадад цагаачилсан монголчууд хувьцаагаа хэрхэн эзэмших вэ?
-Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учраас тухайн иргэнийг гадаад хүн гэж тооцох нь. Гэхдээ гадаадын иргэн манай улсын аль ч брокерын компанид дансаа нээлгэх боломж бүрэн нээлттэй. Сүүлийн үед улам боловсронгуй болж, заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй болсон төдийгүй онлайнаар маягтаа бөглөөд дансаа нээх боломжтой болсон. Тиймээс гадаадад байгаа монголчууд утас болон вэб сайтаар нь дамжуулан холбогдоод дансаа нээлгэх боломжтой. Дансаа нээсэн хойно нь утсаар эсвэл и-мэйлээр дамжуулаад захиалгаа өгөх боломжтой.
-Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар?
-Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа гэж бодож байна. Зарим хүмүүс хөгжиж ядаж байгаа гэж тодорхойлдог юм билээ. Тэгвэл миний хувьд харин тэлж ядаж байгаа гэвэл илүү ононо. Хамгийн гол нь Үнэт цаасны тухай шинэ хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай. Цаасан дээр байгаа эзэмшигчийн цаана нь жинхэнэ эзэн нь хэн юм бэ гэдгийг ялгаж салгах ойлголт, эрхзүйн орчин одоогийн Үнэт цаасны тухай хуулинд байдаггүй. Тэгвэл шинэ хуулийн төсөл батлагдсанаар энэ хоёрын ялгаа харагдах юм. Улмаар гадны хөрөнгө оруулагчид заавал Монголд дансаа нээлгүйгээр кастадионы банкаар дамжуулан арилжаанд оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрэлт нь нэмэгдэж өдөрт 50 сая төгрөгийн биш илүү их хэмжээний хувьцаа арилжих боломжтой. Хувьцааны үнэ зах зээлээ дагаад байнга хэлбэлздэг учраас цаг алдалгүйгээр хувьцааг авах боломж бүрдэж байна.
-Нэгэн компанид хувьцаа эзэмшдэг байсан хүн дампуурсных нь дараа хоосон хоцорсон гэж байсан. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны хувьд дээрх эрсдэл байгаа юу?
-Хөрөнгийн зах зээл бол илүү эрсдэлтэй гэж дээр дурьдсан. Компанийн тухай хуулиар тухайн компани дампуурахад үнэлгээний төвөөр гаргасан үнэлгээний дагуу эхлээд зээлийг нь төлж дуусгаад хувьцаа эзэмшигчдэд ашгийг нь төлдөг. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд нөөц нь баталгаатай учраас эрсдэл харьцангуй бага. Гэхдээ огт эрсдэлгүй гэж ойлгож болохгүй.
Х.Өнөржаргал
URL: