Монголын баялагт “шүлсээ гоожуулсан” гадныхны давралт
Зөвхөн уул уурхай ч гэлтгүй эдийн засгийн ихэнх салбаруудад гадаадынхан “монополь” байдалтай байна. Гэхдээ энэ удаад зөвхөн уул уурхайн салбарыг л онцлох гэсэн юм. Үнэндээ Монгол Улс маань уул уурхайгаа дагаж өндөр хөгжинө гээд байгаа ч тэнд гадаадынхан эзэн суучихаад байна. Тийм учраас хөгжил ч бас Монголд биш гадаадын аль нэг улсад очих гээд байгаа юм. Улсыг хөгжүүлдэг цорын ганц механизм нь ажлын байр гэж хэлэх эдийн засагчид байдаг. Тэгэхээр уул уурхай ч бас ялгаагүй ажлын байр олноор нь бий болгож байвал улсын хөгжилд хувь нэмрээ орууллаа гэсэн үг. Харамсалтай нь Монголын уул уурхайн салбарт монголчууд биш гадаадынхан л ажиллаад байна. Гадаадынхан ажиллаж байгаа болохоор ашиг орлого нь ч бас гадаад руу урссаар.
Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар уул уурхайн салбарт 50 гаруй ажлын байр бий болжээ. Түүнчлэн ирэх жилүүдэд энэ салбар хамгийн их ажлын байр бий болгоно гэдгийг Хөдөлмөрийн төв биржээс мэдэгдсэн. Гэхдээ энэ их ажлын байрны 70 гаруй хувийг хятадууд “эзэлсэн” гэх албан бус мэдээлэл бий. Түүнчлэн ирэх жилүүдэд энэ салбар хамгийн их ажлын байр бий болгоно гэдгийг Хөдөлмөрийн төв биржээс мэдэгдсэн. Гэхдээ энэ их ажлын байрны 70 гаруй хувийг хятадууд “эзэлсэн” гэх албан бус мэдээлэл бий. Хятадаас гадна Австрали, Канад, Англи гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн орнуудаас уригдаж, залагдаж ирсэн эрхмүүд мэр сэр байгаа. Тэд удирдах албан тушаалд суудаг бөгөөд цалингийн хэмжээ 20-30 мянган ам.доллараар хэмжигдэнэ. Монгол ажилчдын хувьд сайндаа л их мундаг компанид орлоо гэхэд 800-900, бүр цаашилбал 1200 ам.долларын цалинтай. Гэтэл монголчуудтай яг адилхан ажиллаж байгаа хятад, эсвэл өөр нэг гадаад улсын иргэн сард 1500 ам.долларын цалин авах жишээтэй. Ингэхэд монголчууд эх орондоо амьдарч, ажиллаж байж, яагаад гадаадынхан, тэр дундаа хятадуудаас дор үнэлэгдэх ёстой гэж.
За яах вэ, төслийн талбай дээр монголчууд нэг их ажиллахгүй байгааг тоохгүй орхиё. Тэгвэл уул уурхайг дагасан ханган нийлүүлэлтийн салбар байна. “Ханган нийлүүлэлтийн бусад салбарыг хөгжүүлж чадвал уул уурхайгаас ч илүү их ажлын байр бий болно” хэмээн Дэлхийн банкны Уул уурхайн салбарын ахлах мэргэжилтэн Грэм Ханкок хэлжээ. Түүнчлэн “Glogex mining” группийн захирал, эдийн засагч Л.Наранбаатар ч бас “Уул уурхайгаас илүү ханган нийлүүлэлтийн салбар ажлын байр бий болгодог” гэж байсан юм. Гэтэл ханган нийлүүлэлтийн салбарт мөн л гадаадынхан ноёрхжээ. Уул уурхайн маш том төслийн талбайд гэхэд сайндаа л 3000 хүн ажилладаг. Харин түүнийг тойрсон ханган нийлүүлэлтийн салбарт дээрхээс гурав дахин их буюу 9000 ажлын байр бий болох боломжтой. Манай улсын хувьд 3300 орчим ханган нийлүүлэлтийн компани ажилладаг ч тэдний ихэнх нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай гэж байгаа. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай томоохон бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг гадаадынхан “гартаа атгачихсан”. Монголын ханган нийлүүлэгчид бол их сайндаа л ганц нэг хувцас хэрэглэл, хоол хүнс гэх мэт жижиг, сажиг зүйл дээр ажилладаг. Монголын компаниуд мөн л гадаадынхнаас илүү байж чадахгүй байна.
Үүнээс гадна уул уурхайн үйлдвэрлэлтэй хамт явдаг нэг үйлчилгээ нь тээвэр. Ашигт малтмалын тээврийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын 75 орчим хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд хятад жолооч нар ажилладаг гэж Автотээврийн газрын Хяналт, шалгалтын газрын дарга С.Батболд хэлж байсан. Тэд бол Монголын баялгийг гадаад руу зөөж өгснийхөө төлөө мөнгө авдаг хятадууд бөгөөд байгаль экологийг юу ч үгүй сүйрүүлдэг гол буруутнуудын нэг нь. Үндэсний тээврийн компаниуд бас ч гэж байгаа л даа. Гэхдээ тэдэнд ажиллах орон зай байхгүй. Компанийнхаа оффисыг бариад, хэдэн машинаа байршуулчих газар олддоггүй гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, Өмнөговийн нутаг бараг тэр чигтээ лицензээр олгогдчихсон, тэдгээр нь ихэвчлэн Хятадын компанийн мэдэлд байна гэсэн үг. Лицензийн талбайд өөр ямар нэг компани үйл ажиллагаа явуулж, машин тэрэг байршуулж болохгүй гэдэг юм байх. Арга ядсан үндэсний тээвэрлэгчид Хятадын хилийн цаана байрлаж, ажлаа хийдэг гэсэн. Үгүй ээ, арай дэндэж байгаа юм биш үү. Гадаадын, тэр дундаа Хятадын компаниуд Монголын Өмнөговийг лицензийн талбайгаар хувааж авчихаад, үндэсний компаниудыг нь хөөж гаргаад, “та нар энд ажиллаж болохгүй” гэж байна шүү дээ. Одоо бүр эх нутагтаа тайван амар ажлаа хийж ч болохоо байх нь.
Сүүлийн үед энэ салбар дахь гадаадын нөхдүүд зүгээр нэг лиценз эзэмшээд зогсохгүй, Монголын маань газар нутгийг дамлан зараад, мөнгө олдог болчихсон. “South Gobi Sands”-ийн жишээг энд дурьдаж болно. Тэд компанийнхаа 57.6 хувийг хятадуудад зарахаа мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, компанийнхаа эзэмшиж буй Овооттолгой тэргүүтэй дөрвөн ч ордыг хэдэн халтраар сольчихож байгаа хэрэг. Овоот толгойн орд бол Монголын газар нутгийн нэг хэсэг. Энэ утгаараа Канадын хөрөнгө оруулалттай компани Монголын газар нутгийг гадаадынханд зарж байгаа гэсэн үг. Тийм байж бүр ичих ч үгүй монголчуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж хэлж байна. Монгол Улс маань уул уурхайдаа түшиглэж өндөр хөгжих гээд байна уу, эсвэл уул уурхайгаараа дамжуулан эх орноо зарах гээд байна уу гэдэгт эргэлзэх боллоо.
Уул уурхайн салбар гэдэг бол Монгол Улс л гэсэн үг. Монгол гэж нэг тусдаа, уул уурхай гэдэг нь өөр нэг тусдаа байна гэж үгүй. Тэгэхээр өнөөдөр гадаадынхан Монголын уул уурхайн салбарт бус Монгол Улсад маань эзэн суучихаад, монголчуудыг дээрэлхэж, газар нутгийг маань зарж байна гэхэд хилсдэхээргүй байгаа биз. Нөхцөл байдал ийм байхад төр засгийн толгойд сууж байгаа эрхмүүд чухам юу хийж байна вэ. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт огт хэрэггүй, монголчууд бүгдийг дангаараа хийх ёстой гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын бодлогоо цэгцэлж, янзлах зайлшгүй шаардлагатай байгаа юм биш үү. Тийм хүсэл зориг үнэхээр байхгүй бололтой. Үүнийг нь гадаадынхан мэддэг учраас өнөөдөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явна. Хамгийн сүүлд гэхэд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг улстөрчид батлахыг хүссэнгүй. Уг нь энэ хуулийг баталчихвал эх орноо харийнханд алдахаас хамгаалах учиртай шүү дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл батлагдсангүй. Хууль батлагдаагүй учраас Канадын компани Монголын газар нутгийн нэгээхэн хэсгийг хэзээ мөдгүй зарахад бэлэн болчихоод байна.
Монголын төр засгийн удирдлагууд ийм арчаагүй гэдгийг гадаадынхан мэдсэн учраас сүүлийн үед бүр ч олноороо орж ирэх боллоо. Тэд Монголын баялгийн төлөө шүлсээ гоожуулахын сацуу, тэнд яаж ч дураараа авирлаж болно гэдгийг хараад эхэлчихжээ. Үүнийг “South Gobi Sans”-ийн талаар бичсэн шинжээч Жон Спийринг нийтлэлээс эш татан нотлохыг оролдлоо. Тэрбээр өөрийн нийтлэлдээ “Монголд түрүүлж орж ирсэн гадаадын жижиг компаниуд авлигад хэт идэгдсэн Засгийн газрын гишүүдтэй хуйвалдан “нэр нь үл мэдэгдэх” компани байгуулсан нэрээр байгалийн баялгийг нь улсаас улс, орноос орон дамжуулан дамлаж байгааг гадаадын над мэтийн жирийн шинжээч хараад “шүлсээ гоожуулж” тэдний азтай, одтойг гайхна” хэмээн онцолсон байсан. Монголын баялагт шунасан харийнхан ингэтлээ даварсанд зөвхөн Монголын төр засаг л буруутай билээ.
Л.Энхдэлгэр
mminfo.mn
URL: