Хэнтий аймгийн шүүх, прокурор авлига авсан уу?

Хүчгүй нь буруутаж, хүчтэй нь зөвддөг нийгмийг бид хүлцэнгүй ноомой хүлээн зөвшөөрсөөр байх уу? Шүүхийн хаалга татаж хоёр жилийн нүүр үзсэн ч дахиад хэчнээн жил дахиад л нөгөө шүүхийн хаалгыг татахаар Улаанбаатараас Хэнтий рүү зүрх алдан явахаа мэдэхгүй байгаа нэгэн иргэн манай сайтад хандсан юм. Түүнтэй уулзсаны дараа дээр бичсэн асуултыг уншигчдаасаа, хуулийн байгууллагад хариуцлагатай алба хашдаг эрхмүүдээс асуумаар санагдсан. Энэ хүнийг Д.Дашдаваа гэдэг. Д.Дашдаваа гуай Хэнтий аймгийн шүүхийн хууль бус үйл ажиллагааны талаар олон нийтэд дэлгэхээр манайхыг зорин иржээ.

-Та яагаад Хэнтий аймгийн шүүхтэй холбогдох болсон талаараа эхлээд ярихгүй юү?

-Ах нь тэтгэврийн хүн. Нас 60 гарсан ч гэртээ зүгээр суух дургүй л дээ. Тэгээд нэг компанид цагаар жолооч хийдэг байлаа. Тэр өдөр компанийн үйлчилгээнд гарах болж, машинаа бариад Хэнтий орж явсан юм. Тэр өдөр гэдэг маань 2010 оны аравдугаар сар. Өглөөний зургаан цагийн хэрд Цэнхэрмандал сумын нутаг руу орох үест би зам чөлөөлөн зогсож, эмээ уугаад сууж байтал араас нэг машин ирж хүчтэй мөргөсөн юм. Түүнээс хойш хөгшин ах нь энэ хэрэг явдал шийдэгдэх байлгүй, Хэнтий рүү ядаж сардаа нэг очъё гэж явсаар өнөөдрийг хүргэлээ. Үнэндээ цөхрөнгөө барж байна. Сонины сурвалжлагчтай уулзаж, олон түмнийхээ сонорт дуулгах нь зөв гэж бодоод гэрээсээ гарсан минь энэ л дээ.

-Мөргөсөн жолооч нь хэргийн газраас зугтсан хэрэг үү?

-Үгүй дээ, тэр залуу мөргөсөн даруйдаа машинаасаа бууж ирээд уучлалт гуйсан гээч. Үүрэглэж яваад ийм юм боллоо гэж учирлаж ч байсан. Хамт явсан улсууд нь түүнийг үүрэглээд байхаар нь жолоо барья гэхэд “Зүгээр ээ” гээд бариулаагүй юм билээ. Ахынх нь хэлж байгаа өгүүлбэр бүхэн хавтаст хэрэгт бий. Гэрчүүд хүлээн зөвшөөрч, гарын үсгээрээ баталсан нотлох баримтаас илүүг ах нь ярихгүй ээ.

-Тэр хүн хэн гээч вэ?

-Сүхбаатар аймгийн “Талын гал” уурхайн эзэн С.Цэрэндондов гэж хүн. Осол гаргачихаад “Би уурхайн эзэн хүн. Ах та санаа зоволтгүй, би машиныг чинь шинэ болгоод өгнө. Одоо энд зогсоод юу хийх вэ. Дараагийн долоо хоногоос хотод уулзъя” гэсэн юм.

-Тэгэхээр нь Та зөвшөөрчихсөн юм уу?

-Яалаа гэж. Цагдаа дуудсан. Тэгээд цагдаа иртэл эндээс хөдөлж болохгүй дүрэмтэй гэтэл мань залуу их уурласан. “Цагдаа энэ тэр гэж новширвол надаас юм олж долоохгүй шүү. Хэнтий, Сүхбаатарын шүүх, прокурорууд бүгд миний найз гэж мэд. Надтай аятайхан тохирвол тохир” гэж намайг загнасан.

-Тэгээд цагдаа ирсэн биз дээ?

-Ирсээн. Хэргийн газарт үзлэг хийгээд, осол 100 хувь С.Цэрэндондовын буруугаас үүдэлтэйг шинжээчийн дүгнэлтээр нотолсон. С.Цэрэндондов ч буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би машинаа чирээд хот руу буцсан даа. Уг нь ийм л явдал болсон юм. Даанч түүнээс хойш бараг хоёр жил хохирсон дээрээ хохироод явж байна.

-Хэнтийн шүүх юу гэсэн юм?

-За, би энэ тухайд үнэхээр гомдолтой байна. Хэнтий аймгийн шүүх, прокурор танил талдаа, мөнгөтэй хүнд яаж үйлчилж байгаа гэж санана. Хохирогч нь хохироод, яллагдагч нь хождог гэж хүмүүсийн яриад байдаг яг үнэн юм билээ шүү. Шүүгч яллагдагч талын 20-иод удаагийн мөрдөн байцаалтыг будлиантуулахад чиглэн ажиллаж байгаа. Яллагдагчийн хүсэлтийг хангах гэж миний бие дэндүү ядарч, туйлдаж дууслаа. Хэргийн газрын үзлэгийг дахин хийнэ гэсэн. Давтан хийгээд таван байцаагч дүгнэлтээ гаргахад эхнийхээс зөрөөгүй, 100 хувь С.Цэрэндондовын буруу байсныг нотолсон. Шүүх хохирлын үнэлгээ өндөр байна гэсэн. Тэгэхээр нь бас л үнэлгээний 10-аад компаниар орж, зургаан удаа үнэлүүлсэн. Дунджаар 23 сая төгрөгийн хохиролтой болохыг үнэлгээний компаниуд удаа дараа тогтоосныг яллагдагч, шүүгч хоёр маань хүлээж авдаггүй. Тэгсэн атлаа С.Цэрэндондовын хүсэлт яасан ч их юм, гэм буруу нь тодорхой байхад яагаад ийм шударга бусаар шүүдэг ч юм. Миний яаж хохирсныг, хоёр жилийн турш тэдэнд яаж чирэгдэж явааг минь уландаа гишгэн доромжилж байгаад хөгшин надад хэлэх ч үг олдохоо байлаа.

-Уг нь хэргийн газрын үзлэгийг олон давтаж хийгээд маш тодорхой болсон юм байна шүү дээ.

-Осол болсон даруйд анх үзлэг хийхээр ирсэн байцаагч Ариун-Эрдэнийг буруу дүгнэлт гаргалаа гэж яллагдагч үзээд шүүхэд хүсэлт гаргасан байгаа юм. Тэгээд яахав, түүний дүгнэлт зөв гэдгийг давтан үзлэгүүд нотолсон шүү дээ. С.Цэрэндондов Ариун-Эрдэнэд “Ах нь чамд гурван сая төгрөг өгье. Ослын бурууг 50:50 хувиар тогтоосон акт хийгээд өгөөч” гэж гуйсан байгаа юм. Хариуд нь байцаагч хүү “Ийм аймаар хэрэг хийчихээд тэнэг юм ярьдаг хүн бэ. Актыг би яг бодитоор нь гаргах үүрэгтэй хүн” гэж хэлсэн байна лээ. Би энэ тухай хавтаст хэрэгт хавсаргасан Ариун-Эрдэнийн мэдүүлгээс олж уншсан. Хэрэв байцаагч тэр авлигыг нь авсан бол би гэдэг хүн яах байсныг бүү мэд. Тиймээс Ариун-Эрдэнэ байцаагчид “Шударга ажилласанд маш их баярлалаа” гэж заавал хэлэх ёстой.

-Таныг хохироосон яллагдагч С.Цэрэндондов осол гаргасан даруйдаа цагдаад авлига өгөхөөр оролдсон байна. Бас аймгийн шүүх, прокуроруудтай найз нөхөд гэдгээ ч өөрөө танд хэлсэн байна шүү дээ. Энэ хэрэгт хэн гэдэг шүүгч, прокурор ажиллаж байгаа юм?

-С.Цэрэндондов мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирдэггүй гэсэн тодорхойлолтыг прокурор, шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байдаг юм. С.Цэрэндондов МАН-ын гишүүн юм билээ л дээ. Сонгуульд нэр дэвших гээд завгүй байгаа гэсэн. С.Цэрэндондов хуралтай, завгүй гээд шүүгч нь ч дуудаж чаддаггүй. Прокурор Мөнхбаатар, шүүгч Х.Оюунжаргал гэж хүмүүс энэ хэрэгт ажиллаж байна. Энэ хүмүүс илэрхий нэг талын нөлөөнд автаж, хуулийн дээгүүр гишгэж байгаад би үнэнчээр ажиллаж, шударга амьдрахыг үр хүүхдэдээ захиж ирсэн эцэг хүнийхээ хувьд ч, хүнлэг ардчилсан хуультай нийгмийн иргэн хүнийхээ хувьд тун их харамсаж явдаг. Мөнхбаатар прокурор бүр машинаа 100 хувь задал, тэгээд эд анги болгож бүртгээд хүрээд ир гэж хүртэл хөгшин надаар тохуурхдаг юм. “Бодьавтомотив ХХК”-иас шинээр нь худалдаж аваад гуравхан жил болсон машин юм чинь яалаа гэж тэгж үнэгүйдүүлж болох вэ дээ.

Яллагдагч, хохирогч, байцаагч гээд бүх талууд оролцож, автомашины арал гэмтлийг оношлуулах захирамжийг шүүгч гаргасан юм. Гэтэл Мөнхбаатар прокурор огт уншаагүй байсан. “Хавтаст хэргийн 73 дахь хуудсанд оношлогоо хийсэн “Мастер” сүлжээ засварын төвийн инженер техникийн хоёр ажилтны гарын үсэгтэй дүгнэлт байгаа шүү дээ” гэж прокурорт хэлтэл “Өө бас тийм дүгнэлт байсан юм уу, би анзаараагүй юм байна. Юун дүгнэлт билээ” гэж асуусан. Шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн ажиллагааны эцэст гарсан дүгнэлт шүү дээ гэж би тайлбарлаж өгсөн. Уг нь хохирогч бид тайлбарлаж өгөх биш хяналтын прокурор хүн өөрөө хэргээ уншиж 100 хувь танилцах ёстой байхад “Би уншаагүй, анзаараагүй” гээд сууж байгаа нь прокурорт эргэлзэх сэтгэгдэл төрүүлж байна.

Шүүгч Оюунжаргал болохоор С.Цэрэндондовын хэлж заасан дагуу хэмжилтүүдийг зурж, хэргийн газрын үзлэгийг дахин хий гэж байгаа юм. Сүүлийн үед “Шүүхийг шүүе” гэсэн хэллэг нийгэмд хүчтэй сонсогдох боллоо. Яг ах шиг нь хуулийн байгууллагын өмнө хууль бусаар хохирч яваа ядарсан хүний амнаас унасан үг байх даа.

- Прокурор Мөнхбаатар, шүүгч Х.Оюунжаргал нар авлига авсан гэж та бодож байна уу?

-Харин яасан л бол доо. Бид сэжиглэж л байна. С.Цэрэндондов бол замын цагдаагийн Ариун-Эрдэнэ байцаагчийг хахуульдах гэж зүтгээд санасандаа хүрч чадаагүй юм. Харин “Найз нөхөд” гээд байгаа энэ хүмүүстээ бол шулуухан мөнгө өгч чадна шүү дээ.

signalmn


URL:

Сэтгэгдэл бичих