Найрааны асуудлын эргэн тойронд
Бэлтгэсэн С.Од
“Майничи”
Найраанд орсон бас нэг бөх байгаа гэнэ
Мэргэжлийн сүмог доргиож буй найрааны асуудлаар цагдаагийн газарт байгаа мэссэжинд нэр нь дурдагдсан 14 бөхөөс гадна өөр бөх сэжиглэгдэж байгаа гэнэ. Найрааны асуудлыг шийдэх тусгай комисс өчигдөр үдээс өмнө хуралдаж, энэ талаар авч хэлэлцсэн байна.
Тус комиссооос шалгалтын дүнг өчигдөр оройн 18 цагт нээгдсэн сүмогийн холбооны тэргүүлэгчдийн хуралд тайлан тавьжээ. Гар утасны мэссэжинд нэр нь дурдагдсан 14 сүмочын ярианаас дахин нэг бөх сэжигтнээр татагдаж магадгүй болоод эхэлсэн байна. 14 бөхөөс хэргээ 3 нь хүлээсэн бол жюүрёо зиндааны Кисэноүми гүрийсээр байгаа. Комиссоос түүнийг хэргээ хүлээгээгүй ч найраа хийсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон гэж үзэж байгаа аж. Өчигдөр орой болсон хурлаар сэжигтэн 14 бөхийн шийтгэл болон цалин шагналыг олгох эсэх талаар хэлэлцсэн байна. Мөн найраанд холбогдсон бөхчүүлийн ояката нарт шийтгэл онооно. Гэхдээ шинээр найраа бөх гарч ирсэн тул шийтгэл оноохоо хойшлуулж магадгүй байна.
“Никкан спортс”
Шоу юм уу, үндэсний спорт уу
“Никкан спортс” сонины газраас сүмогийн найрааны асуудлаар санал асуулга явууллаа. Нийт 2387 уншигч оролцсон бөгөөд ихэнх нь найрааны талаар хатуу шүүмжлэлтэй хандсан байна. “Тэмцээн бол яах вэ, намар болтол хойшилсон ч хамаа алга. Гол нь найрааны асуудлыг сайн шалгаж илрүүлэх нь чухал” гэсэн санал ч иржээ. Найрааны асуудлыг шийдэхийн тулд зодог тайлсан бөхчүүдийг ч шалгах хэрэгтэй гэж санал асуулгад оролцогчдын 60 хувь нь үзсэн байна. Токио хотын 40 настай эрэгтэй “Ханарэгома ояката урьд өмнө найраа ер байгаагүй гэж хэлсэн ч үнэндээ найраанд холбогдоод байгаа бөхчүүд ахмад бөхчүүдээсээ авч үлдсэн уламжлалаар явж байгаад хэлмэгдсэн улсууд. Дээр үеийн бөхчүүлээс эхлэн шалгах хэрэгтэй” гэж ярьсан бол 30 настай эрэгтэй “Гүрвэлийн сүүл тасалж байгаа юм шиг ажил хийж болохгүй. Дахиад л ургана шүү дээ” хэмээн найрааг уг үндсээр нь таслан зогсоохыг уриалсан байна.
Хурдхан сүмо башё үзмээр байна гэх уншигчид байсан ч “Энэ жилдээ тэмцээн явуулаад хэрэггүй”, “Нэг жил болих ёстой” гэсэн санал олон байгаа бөгөөд нийт санал асуулгад оролцогчдын 65 хувь нь 9 дүгээр сар хүртэл тэмцээн зохион байгуулах хэрэггүй гэж үзсэн байна. Сүмогийн холбоог татан буулгах гэсэн бодолтой хүн цөөн биш байсан ч ихэнх нь дахин сэргээсэй гэж үзэж байна. 30 настай эмэгтэй “Шоу маягаар явагдаж байвал найраа, бооцоо алга болох байх”, “Спорт уу, шоу юу алиныг нь сонгохоос сүмогийн хувь заяа шалтгаална” гэж хэлсэн бол 70 настай өвөө “Жүдо шиг олон улсын спорт болох гэж байгаа юм бол жингийн ялгаагаар аварга шалгаруулж байх хэрэгтэй” гэж ярьжээ.
“Никкан спортс”
Монголд ч гэсэн найрааны дуулиан болж байна
Мэргэжлийн сүмогийн найрааны асуудал Японтой адилхан Монголд ч нийгмийг хамарсан асуудал болоод байгаа гэнэ. Нэгдүгээр сарын тэмцээний макүүчи зиндаанд тус улсын 12 бөх барилдсан билээ. Тэдний хоёрых нь нэр найраанд гарч ирсэнээр монголчууд энэ асуудлыг сонирхож эхэлсэн гэхэд болно. Мөн сүмогийн холбооны найрааны асуудлыг шалгах комисс Монголдоо үндэсний баатарын хэмжээнд хүндлэгддэг ёкозүна Асашёорюүг шалгаж магадгүй байгаа мэдээ гарснаар Монголын хэвлэл мэдээлэл Асашёорюү өрсөлдөж магадгүй байгаа ирэх жилийн их хурлын сонгуульд ч найрааны асууудал нөлөөлж магадгүй хэмээн үзэж байна. Анхандаа хүн болгон анхаарч байснаа сонирхол нь буурсан найрааны асуудлыг Монголд дахин хөндөж эхэлсэн нь Сүмогийн холбооны 11-ны өдрийн мэдэгдлийн дараагаас юм.
Тус мэдэгдэлд зодог тайлсан бөхчүүлээс ч байцаалт авч магадгүй байгаа талаар мэдээлснээр монголчууд их аваргадаа санаа зовж эхэлсэн байна. Асашёорюү сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа тул одоо найрааны асуудал Монголын нийгмийн асуудал болон хувирчээ. Хэдийгээр сүмогийн холбооноос зодог тайлсан бөхөөс албан хүчээр байцаалт авах хууль байхгүй, дээр нь Асашёорюү байцаалт өгөх завгүй явж байгаа гэнэ. Энэ сарын 4-нд японд ирлээ хэмээн тостол тэр дороо хавай яваад өгсөн гэх Асашёорюүг найраа хийж байгаагүй гэдэгт ард түмэн итгэлтэй байгаа ч бага ч гэсэн сэжиг гарвал сонгууль яах бол гэсэн мэдээ ч гарч байгаа гэнэ. Одоо Монголын УИХ-ын гишүүн, комүсүби байсан Кёкүшюүзан “Монгол бөхчүүд найраа хийнэ гэдэгт би итгэхгүй байна” гэж ярьсан байна. Манай сонин Улаанбаатар хотын гудамжинд хэдэн хүнээс яриа авахад ихэнх нь монгол бөхчүүд найраа хийхгүй хэмээн итгэлтэй нь аргагүй хариулж байв. Харин 30 настай нэгэн эрэгтэй “Хэрэв тэд найраа хийсэн бол би дахиж хэзээ ч сүмо үзэхгүй” хэмээн хариуллаа. Ийнхүү Монголд найрааны асуудлыг хурдхан шийдээсэй хэмээн залбиран хүлээж байна.
“Sponichi annex”
Бөхчүүлийг дахин шалгана
Мэргэжлийн сүмогийн найрааны асуудлыг шалгах комисс энэ сарын 12-нд найраанд оролцосн нь батлагдсан 4 бөхөөс бусад 78 бөх, ояката нарыг шалгаж дууслаа. Хэдийгээр тэднээс найраанд холбогдсон хүн илрээгүй ч холбооноос дахин шалгаж магадгүй байгаагаа мэдэгдлээ. Шалгалтын дүнг нийтэд зарлаагүй байгаа ч сэтгүүлчид байцаалт болж байгаа зочид буудлын гадаа цуглан, хэн нь хэдэн цаг болсноор нь дүгнэн ярьцгааж байна. Санояма ояката буюу Чиёотайкай 1 цаг 50 минут шалгуулаад гарч ирэхдээ сэтгүүлчдийн асуултад хариулалгүй машиндаа суун зугтан одлоо. Тачигава ояката “Цаг хиртэй суусан. Байцаалтад орсноор нэрээ цэвэрлэж авч байгаа хэрэг. Цаашдаа зодог тайлсан бөхчүүлийг ч оролцуулах ёстой” гэж ярьсан байна. Найрааны асуудлыг шалгах комисс 2009 оны 11 дүгээр сарын тэмцээнд жюүрёогоос дээд цолтой байсан бөх, ояката нарыг шалгаад дууссан ч найраанд оролцогч дахин илэрсэнгүй. Гэхдээ сэжиг бүхий бөх нэг хоёр байгааг үгүйсгэсэнгүй. Тиймээс дахин шалгаж магадгүй болсон гэнэ.
“Sponichi annex”
Зуны тэмцээн болохгүй бол сүмо сөнөнө
Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта найрааны асуудалд ихээхэн санаа зовж байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Сүмогийн холбооноос найрааны талаар сонсоод ихэд санаа зовж байна. Одоохондоо бид юу болохыг харж суухаас өөр арга алга байна. Гуравдугаар сард манай хороо хуралдаж энэ талаар ярилцана. Хэдийгээр бид ёкозүнагийн талаар л хэлэлцдэг ч холбоонд зөвлөгөө өгөх болно” гэж ярьсан байна. Мөн “Найраа байгаа эсэхийг тогтооно гэдэг амаргүй. Дээр үед мөнгөөр биш сэтгэлээрээ ялагддаг тохиолдол байсан гэж боддог. Миний тооцоогоор ард түмний 30 хувь нь сүмод үнэхээр хайртай. Сүмог сөнөөхгүйн тулд тавдугаар сарын тэмцээнийг заавал явуулах ёстой” гэж хэлжээ.
“Сүпоцү хоочи”
Асагаас шалгалт авах уу
Найрааны мэссэж илэрсэн 2009 оны 11 дүгээр сарын тэмцээнд жюүрёогоос дээш цолтой байсан бөхчүүлээс сүмогийн холбоо асуулга авч байгаа билээ. Одоогоор тэр үед барилдаж байгаад зодог тайлсан бөхчүүлийг дуудаагүй байгаа ч цаашдаа асуулганд оруулах магадлал өндөр байна. Их аварга Асашёорюү, озэки Котомицүки тэргүүтэй бөхчүүлийг оруулж магадгүй байгаа талаар холбооноос мэдээлсэн. Хавайн аралд амраад японд ирсэн Асашёорюү энэ талаар сэтгүүлчдэд “Мэдэхгүй юм. Би зодог тайлаад удаж байна. Надад хамаагүй асуудал” гэж ярьсан байна. Харин түүний менежэр одоогоор ямар нэг яриа ирээгүй байна. Ирэхээр нь оролцох эсэхээ шийдэх болно гэж хэлжээ.
Коизүми сүмог сэргээнэ
Найрааны асуудлаар мөхлийн ирмэгт тулаад байгаа сүмогийн холбооноос хямралаас гарахын тулд Японы ерөнхий сайд байсан Коизүми Жюничирог зөвлөгчөөр урих гэж байгаа гэнэ. Коизүмигийн нэр хүнд сүмог аврана гэж үзэж байгаа аж. Холбооноос “үхэх сэхэхдээ тулаад байгаа сүмог аврахад ояката нар дангаар зүтгээд амжилт олохгүй. Шинэ хүнээр сэлбэж байж бид аврагдана. Шинэ хүн гээд жирийн нэгнийг оруулаад ашиггүй. Спорт ойлгодог, ард түмэнд хайрлагдсан хүн байх ёстой. Ийм хүн бол Коизүми юм” хэмээн мэдэгдсэн байна. Коизүми “Либерал ардчилсан намыг бут ниргэнэ” гэсэн уриатай сонгуульд оролцон, хуучинсаг үзэлтнүүдээс салж, 2001 онд ерөнхий сайд болж байсан түүхтэй. Тэрбээр засгийн эрхэнд 1980 хоног байсан нь дайны дараахь японы түүхэнд 3-т орох үзүүлэлт юм. Коизүми сүмо сайн ойлгодог, дуртай нэгэн бөгөөд 2001 оны зуны тэмцээнд гэмтэлтэй түрүүлсэн ёкозүна Таканоханад цом гардуулахдаа “Өвчин зовлонг тэсвэрлэн гарч түрүүлсэнд чинь сэтгэл ихэд хөдөлж байна” хэмээн хэлж байв. Одоогийн байдлаар Коизүмиг урих асуудал шийдэгдээгүй байгаа ч ойрын үед сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгомад санал тавихаар бэлтгэж байгаа гэнэ. Сүмогийн холбооны гадны зөвлөгч нь гурван хүний бүрэлдхүүнтэй байдаг бөгөөд одоо нэг хүний суудал эзэнгүй байгаа аж. Коизүми ч 2009 оноос хойш улс төрөөс хөндийрсөэ тул энэ албыг хаших магадлал өндөр байна.
“Дэйли спорт”
Хөлбөмбөгчид сүмог орхихгүй
Найраанаас болж, хүнд байдалд ороод байгаа сүмогийн ертөнцийг дэмжихээр хөлбөмбөгийн холбоо хүчээ хуримтлуулж байна. Японы хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч кавабүчи өсвөрийн тамирчдаа дагуулан Таканохана дэвжэнд ирж, хамт бэлтгэл хийсэн байна. Тэрбээр “залуус маань сүмо бөхчүүд хэчнээн хүнд хэцүү бэлтгэл хийдгийг ойлгож авсан байх. Ингэж бэлтгэл дасгал хийж байж л цолтой бөх болдог. Хаврын тэмцээн явагдахаа больсныг сонсоод зүрх өвдсөн. Бид сүмогийн холбоо сэргэн босоход бүх чадлаараа зүтгэх болэо” гэж ярьсан байна. Мөн сүмогийн дасгалууд хөлбөмбөгт ч хэрэгтэй эд байна. Хэрэв сүмогийн холбоо зөвшөөрвөл цаагдаа ч хамтдаа бэлтгэл хийх болно. Мэндлэх хүндлэх ёс нь ч үнэхээр гайхалтай юм гэж ярьсан бол таканохана ояката “адилхан тамирчид болохооор нэг нэгнээ дэмжих нь зүйн хэрэг. Үнэхээр баярлаж байна” гэж талархсан байна.
URL: