Хар тамхины бүлэглэлүүд орон гэргүй иргэдийг онилж байна
Өмнөх жилүүдэд манай улсын 55 иргэн хар тамхины хэргээр гадаадад шалгуулж байсан гэх албан ёсны мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар манай улсын 20 гаруй иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр хоригдож байгаа юм. Харин Монголд он гарсаар хар тамхины холбогдолтой 33 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Сүүлийн үед хар тамхи борлуулагчид аргаа нарийсгасан гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ.
Тодруулбал, гэмт хэрэгтнүүд орон гэргүй, гудамжны архаг архичид, орон гэртэй боловч архинд донтон юу ч хийхээс буцахгүй болсон хэн нэгнийг “Юм үзэж, нүд тайл” хэмээн гадагш дагуулж явах болжээ. Ах, дүү хамаатнууд нь залхсан дээрх иргэдийг онилдог гэсэн үг. Улмаар хоол өгч, архи дарсаар дайлж итгэлийг нь олсны дараа Бээжин рүү дагуулж очдог байна. Тэнд иргэдийг томоохон дэлгүүрүүдээр дагуулан явж хувцас авч өгч, үнэтэй буудалд байрлуулах зэргээр 7-14 хоног зугаацуулдаг юм байна.
Эл маягаар өдөр хоногийг өнгөрүүлж энэ хугацаанд бичиг баримтыг нь хурааж авдаг. Харин буцах үед нь бусад орон уруу хар тамхи зөөвөрлөхийг санал болгодог аж. Татгалзсан нэгэнд нь өндөр цалин амладаг бөгөөд огт хийхгүй гэвэл “14 хоногийн хугацаанд наргиж цэнгэсэн зардлаа төл” хэмээдэг байна. Ингээд аргагүй байдалд орсон манай иргэд Малайз, Бангладеш зэрэг оронд хар тамхи зөөвөрлөдөг ажээ.
Ийм байдлаас манайхан сэрэмжилж архи уудаг ах, дүү хамаатан, хань ижлээ анхаарах хэрэгтэй гэдгийг цагдаагийнхан сануулж байгаа юм. Эл аргаар манай иргэдийг гадагш дагуулан явж хар тамхины сүлжээний гишүүн болгосон хэд хэдэн хэргийг УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Ер нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-64 насныхан байдаг. Монголд ч хар тамхи зөөж борлуулдаг бүлэг этгээд цөөнгүй байгааг хууль хяналтын байгууллагаас илрүүлэн шалгаж буй. Мансууруулах төрлийн бэлдмэлийг элсэн чихэр шиг нунтаглаж зардаг нэг хэсэг байхад баримлын шавар шиг ногоон өнгөтэй зүйлийг хэрэглэж мансуурдаг хүмүүс ч байна. Хэрэгтнүүд томоохон баар цэнгээний газруудад эдгээр мансууруулах бэлдмэлээ зардаг бололтой.
Харин хэрэглэгчид зочид буудалд орогнодог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ насанд хүрсэн хэмээн зөнгөөр нь орхидог. Гэтэл хар тамхины гол хэрэглэгчид нь их, дээд сургуулийн оюутнууд байдаг аж. Зарим иргэд болохгүй гэдгийг мэдсээр байж мансуурдаг бол нөгөө хэсэг нь мэдэхгүйгээр мансуурдаг. Гэхдээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн тухай хууль тогтоомж мэдэхгүй байх нь ялаас мултрах үндэслэл болдоггүй.
Хууль мэдэхгүйгээс болж залуу насаа торны цаана өнгөрөөнө гэдэг төсөөлөхөд бэрх асуудал. Угаас ганц хоёр удаагийн хэрэглээнээс болж амьдралынхаа 10, 20 жилийг шоронд өнгөрөөх нь утгагүй. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл ангид улсын хилээр гаргахыг хориглодог. Нэвтрүүлэхийг завдахад л 10-25 жилийн ял оноодог. Мөн хуулийн 192-196 дугаар зүйлд хар тамхийг тээвэрлэсэн, зуучилсан борлуулсан бол 10-15 жил хорино гэсэн заалтууд бий. Цаашлаад энэ хэргийг давтан үйлдсэн бол 20 жил хүртэлх ял онооно.
Манай иргэд гадаадад хар тамхи тээвэрлэж яваад баригдвал хүнд ялтай байдаг. БНХАУ-ын хуулийн заалтаар манай иргэд хамгийн хөнгөн ял авлаа гэхэд насаараа хоригдох ял авдаг. Өнгөрсөн жил гэхэд Малайзаас Солонгос, Солонгосоос Монгол, Монголоос Хятад уруу гэсэн маршрут хар тамхи зөөвөрлөсөн хэргийг илрүүлж байсан. Энэ хэргийн ард нэг гэр бүлийн гишүүд төдийгүй, өндөр настнууд байсан удаатай. Иргэд аялал жуулчлалаар явахдаа анхаарал болгоомжтой байх ёстой гэнэ.
Хэн нэгэн хялбар аргаар мөнгө олох санал тавибал зөвшөөрөх хэрэггүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн гадаадад байгаа иргэд ар гэрийнхэндээ илгээмж явуулах тохиолдол элбэг. Гэтэл үнэндээ ар гэртээ явуулж байгаа гэх багласан зүйл дотор хар тамхины төрлийн бодис байдаг аж. Интернэтэд ч хялбар аргаар мөнгө олох боломж байна, эсвэл гадаадад гарч ажиллахыг хүсч байна уу гэсэн зар тавьдаг.
Ийм зарын ард олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүд байдаг. Тэдгээр гэмт бүлэглэлүүд ийм зар өгч, зарын дагуу хандсан хүмүүсийг судалдаг аж. Улмаар зарын дагуу хандсан иргэдэд их мөнгө амладаг гэнэ. Зальт этгээдүүд ийм замаар манай улсын иргэдийг гэмт хэрэгт татан оруулсаар байгааг цагдаагийнхан анхааруулж байна.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Unen.mn”
URL: