Чөлөөтийн дөрвөн эрх нэмж авлаа

БНХАУ-ын Тайюнь хотноо болж өнгөрсөн чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд манай тамирчид дөрвөн эрх нэмж авлаа. Ийнхүү Монгол Улс одоогоор Лондонгийн олимпийн наадмыг зорих албан ёсны 18 эрх аваад байна. 74 кг-д хүч үзсэн ОУХМ П.Өнөрбат эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь эрхийг өвөртөлсөн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Узбекистаны Якшимуратова Даулетбекийг 6-0, 4-0-ээр, гуравдугаар тойрогт Румыны Добре Эстераг 6-0, 7-0-ээр, олимпийн эрхийн төлөөУкраины дэлхийн аварга Когут Олександраг 1-3, 2-1, 4-0 харьцаагаар ялж улмаар аваргын төлөөУкраины Ванеса Каладзинскаяаг ялж олимпийн эрхээ авлаа.

Харин 55 кг-д өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Чех, Румыны тамирчдыг буулган авсан бол олимпийн эрхийн төлөөх барилдаанд Беларусын Сидакова Залинаг хожсон юм. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд БНАСАУ-ын бөх Хан Кум Окт 3-1; 4-1-ээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 72 кг-д О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн Вишек Кордус Аниешкаг 0-1, 1-0, 1-0 ялж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Прит Каур Гуршараныг 1-0, 4-0 харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөөНорвегийн Маяа Эрландсенг 0-1, 3-1,4-4 харьцаагаар ялж, аваргын төлөөМолдавын Светланаг ялж Лондонг зорих эрхтэй болов.

Эмэгтэй 63 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа өмнөнь олимпийн эрхээ авсан бөгөөд манай эмэгтэй бөхчүүд олимпийн наадамд бүтэн багаараа оролцох боллоо. Эрэгтэй бөхчүүдээс өмнө120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат эрхээ өвөртөлсөн. Одоогийн байдлаар чөлөөт бөхийн баг тамирчид зургаан эрх аваад байна. Тэдний дараагийн эрх авах тэмцээн тавдугаар сарын 4-6-нд Финландын Хельсинк хотноо болох юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих