Татвар авна гээд л байх юм. Хотод төрсөн, хөөрхөн төрсөн нь миний буруу юу?

Татвар авалгүй яахав. Өгөлгүй яахав. Гэхдээ яасан гэж, ямар учир шалт­гаанаар гэд­гийг мар­­гахгүй байхаар тайл­бар хийж өгөөрэй. Саяхан манайд ярилц­лага өг­сөн О.Маш­­бат гэдэг хууль­чийн яриа­гаар бол “Нийслэл хот тат­вартай байх…” хууль аль 1994 онд гарсан гэж байна. Энэ хуулийг цааш нь бо­ловс­руулж, хэрхэн тат­вар авах талаар хотын мэр Г.Мөнхбаяр ноднин аж­лын хэсэг гарган үүрэг өгчээ.

Ажлын хэс­гийнхэн нь ажилдаа орж юун тү­рүүн хотод шилжин ирэгс­дээс хураамж авах, хотын байнгын оршин суугч­даас тогтмол татвар авч байх, бүр нарийн яривал цалингийн доод хэмжээ­ний 20 хувьтай тэнцэх мөнгө төлдөг байх, хотын төвд амьдрагс­дыг өндөр төлбөртэй болгоод зах алсдуугаас нь бараг тат­вар авахгүй харж үзэх чиглэлийн бодлого бо­ловс­руулсан гэнэ. Утга нь гэвэл татвараар дам­жуулж төвлөрлийг саа­руулах, татвараар дор хаяж арван мянган тэрбу­мыг жилдээ босгоод тул­гамд­сан асуудлаа ший­дээд явчих боломжтой болох нь гэж тооцоолжээ.

Татвар гэнгүүт зөвхөн мөнгө бодож, хэнээс нэх­вэл амархан олдох, угс­руу­лаад олсон татва­раа­раа ингэж тэгж “идэж уух”-аа л яриад унасан байна. Ийм ялгавар­тай татвар аваад эхлэхээр хотын­хон төвөөсөө зугтан дайжиж бөг­лөрлийн түгжээ ари­лах ба, агаа­рын бохирд­лыг арилгах зөндөө мөн­гөтэй болно гэчихжээ. Татвар төлөгчдийн мөн­гийг тонож амьд­раад гарш­чихсан гаруудаас энэ­нээс өөр олигтой сэт­гэлгээ яавч гарахгүй. Яахлаараа хотын захад амьд­рагсад татвар төл­дөггүй юм. Тэнд хэн ирсэн билээ. Агаарын бохир­дол хотын төвөөс гараад байна уу, захаас гараад байна уу. Нийгмийн тул­гамдсан асуудал Дөчин мянгатад уу, Толгойтын баруун салаанд илүү байдаг уу.

Хоёр идэхгүй ч хоосон хоно­доггүй хотын төвийнхнийг өөрөөр хэлбэл унаган хотынхныг татва­раар дарамталж мөнгө босгоод хамаг малаа бараад модоо түлээд орж ирсэн цагаачдыг тэжээнэ гэсэн үг юм байна. Нэг иймэрхүү хачин хандлага байсгээд л яригддаг. Ялангуяа тэр нэг хоёрдугаар бүс гээчид оршин суугчдыг ер амар суулгахгүй, газарт оруулах, элд­вээр шахах, төрийн нэрээр дарамт­лах явдал бүх л үед давтагдсаар ирсэн байдаг. Хотынхонд ч гэсэн унасан газар угаасан ус гэж бас байдаг юм шүү. “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг байсан бол одоо “Хөдөөнөөс ирээд хот минийх, хотод ирээд газар нь минийх” гэх боллоо. Арай даварч байгаа юм биш үү?

Хэрэв бодлого, шударга хоёроо баримталъя гэвэл нийслэлийн иргэ­дээс дээрхийн эсрэг байдлаар татвар авах нь зүйтэй. Хотын захад амьдрагсдаас илүү өндөр төлбөр авах ёстой. Тэр төлбөрөөр нь тэнд нь хар зам, сургууль эмнэлэг барих учраас тэр. Тэр төлбөр нь Толгой­тын арын, Гачууртын өврийн мо­дыг хяргаж түлсний төлөөс  болог. Тэр нь хотод нүүж ирсний татвар нь хамт шийдэгдэж байгаа хэрэг. Хотын хаяанд буугаад төлбөрөө төлж барахгүй бол нутгаадаа буцна биз. Хотын бидэн шиг ямар явъя  гэсэн ч очих нутаггүй улс биш. Хэрэв төвлөрлийг үнэхээр сааруулах гээд байгаа юм бол ийм л арга бий. Хэдэн үеэрээ дөрвөн уулаа түшээд амьдарсан улаанбаатарчууд ба Төв аймгийнхныг төрсөн тооно­тоосоо холдсонгүй гэж торгох нь л дээ. Хотын төвийнхнийг төвлө­рлийг сааруул гээд хаашаа нүү гэх гээв.

Улаанбаатар хотод хэрэггүй, хотын амьдралд ямар ч хамаагүй зөндөө олон салбар, нэгж байгуул­лага, хувь хүн, айл өрх байна. Тэндээс татвар авах ёстой.  Тухайл­бал чаа гэх ямаагүй энэ хотод байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг арьс ширний үйлдвэрүү­дийг татвараар дарамталж хотоос хөөж гаргах хэрэгтэй байна. Хотын баруун талыг нэлд нь өмхийртэл шир идээлж Туулыг бохирдуулж дууслаа. Тариан талбай байдаггүй энэ орчинд гурилын үйлдвэр биш гурил нь байх ёстой. Хотод мал биш мах байвал уг нь зохимжтой юм шиг санагддаг. Сүүний үйлдвэрүүд үнээнийхээ дэргэд хөдөө байж яагаад болдоггүй юм. Энэ бүгдээс л татвар авах ёстой байхгүй юу. Мөн хотод үйл ажиллагаа явуулдаг тэр аймгийн тэр сумын нутгийн зөвлөлүүдээс хураамж авах нь шударга ёсонд нийцнэ. Цоллуулах магтуулах болохоороо тэр аймаг, сум, баг болчихдог энэ олон бөх­чүүдээс бүр их татвар нэх. Тэд өөрсдийгөө хотынх гэхээс их ичдэг гэсэн. Иргэний бүртгэлд хамрагд­даггүй, хороо хорин тодорхой бус айл өрхүүд, одоо болтол хурууны хээгээ өгөхгүй хотынх болж жүжиг­лээд байгаа хөдөөний хармааны хулгайч нараас наад татвараа нэхээч. Энэ бүгд мөнгө олохдоо гол биш, төрийн бодлого, хотын бодлого ухаалгаар сууж байгаа эсэхэд оршино.

Улаанхуарангаас I хороолол хүртэлх “А” бүсэд амьдрагсдын амьдралын өртөг тэртэй тэргүй өндөр байдаг. Гэрэл цахилгаан, дулаан, ус, бохирын төлбөрийн дарамтаас бултах ямар ч гарц байхгүй. Цаашид ч өсөн нэмэгдэнэ. Тэрэн дээр нь тэнэг юм шиг нэмж татвар нэхэж яах нь вэ. Төв хэсэгтээ  татваргүй юм байна гээд одоо­гийнх дээр нэмээд ороод ирье гэж бодоход ганц айлын ч гэрийн сул буурь хаана байна.

Татвар төлөлгүй яахав. Гэхдээ “Чи яасан их хотын хүүхэд юм” гэж хэлүүлэн төлөөс өгөх нь гомдолтой байна. Манайхан сүүлийн 370 жил Төв аймгаасаа гарч нүүж үзээгүй. Одоо хаачих вэ? Нэг л буруу үйлдэл хийж торгуулаад байгаа юм шиг энэ татвар чинь ойлгогдоод байх юм. Мөнгийг нь өгч чадахгүйдээ биш. Дор хаяж 400000 хүн, түүний үр хүүхдийг өссөн төрсөн  орчиндоо байгааг буруутгасанд зэвүү хүрээд байна.

Нийтлэлч: Гангаа
Эх сурвалж: http://gangaa.niitlelch.mn/content/2865.shtml


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих