Ямар ч үнээр засгийн эрхэнд гарах санаархлаа нуусангүй
Н.Энхбаяр улстөрийн карьерт донтож, өвчин нь эмчилгээ авахааргүй эцсийн шатандаа очсон байна. Тэр хар тамхинд мансуурагчдаас долоон дор, архи хэмээх усан тахалд толгойгоо мэдүүлэгчдээс найгүй дор, “улстөрийн карьер хөөцөлдөхийн дон” гэгч сүүлийн үеийн шинэхэн вирусээр өвчилжээ. Энэхүү вирусээр өвчлөгсдийн ичих булчирхай ажилгүй болж, ёс суртахууны ялзралд идэгдэж, хүнлэг чанар нь тархины сааталд ордог юм байна. Жишээ нь, Намбарын Энхбаяр МАН-ын хүчээр, ард түмний ачаар 15 жил төрийн өндөрлөгт тансаглаж байв. Хэрвээ Энхбаярын ичих булчирхай ажиллаж, ёс суртахууны ялзралд ороогүй, хүнлэг чанарын тархины саатал болоогүй байсан аваас өөрийгөө ачилсан МАН түүний зуу зуун мянган гишүүд, дэмжигчдийн ачийг мартаж, авч өгсөн гутлаар нь тэднийгээ өшиглөнө гэж үү. Барын сүүл явснаас батганы толгой явсан нь дээр гэж бодож, албан тушаалд бэтгэртлээ санааширч яваа нь тэдний үйл ажиллагаанаас харагддаг.
Аливаа юманд эхлэл гэж бий. МАН-ыг хагалан бутаргах санаа хэнээс яаж анх гарав. Үүнд хариулахад онолын судалгаа шинжилгээ ч хэрэг болохгүй. Хар ухаанаар бодоод үзэхэд л алган дээрх шиг ил байна. Юу гэвэл МАН-ын нэрээр улстөрийн өндөрлөгт гарч чадахгүй боллоо. Энэ намд чадалтай боловсон хүчин олон. Ялангуяа залуучуудаар хахаж байдаг болохоор өдгөө бидэнд хувь хишиг олдохгүй нь. Тэгэхээр өөр замаар явахаас аргагүй гэсэн нь Энхбаяртангуудын албан тушаалын дон өвчний эхлэл болсон. Өтлөх нас уруугаа өнгийж яваа болохоор өрсөж л нэг албан тушаалын сэжүүрээс зүүгдэхгүй бол галт тэрэг хөдөлсөн хойно араас нь гүйгээд гүйцэхгүйгээ тэд тооцсон.
Тэд төр, засгийн эрх авах эцсийн санаархалдаа хүрэхийн тулд яахаас ч буцахгүй, өөртөө ашигтай бол чөтгөртэй ч нөхцөж чадна, өөрт нь ашиггүй бол андыгаа ч адалж золигт гаргах юу ч биш нь бас ажиглагдаж байна. МАХН-д хайртай, ард түмнээ боддог гэж өнгөлөн далдлалт хийчихээд тэрхүү багны цаана жинхэнэ албан тушаалын өндөрлөгт гарах гэж сэрүүн зүүдэлж яваа. Хэрвээ худлаа юм гэж байдаг бол Энхбаяр нарын эх орон, ард түмний төлөө гэсэн жижүүрийн хэдэн үг жинхэнэ худлаа. Тиймдээ л албан тушаалаас буугаад арав хонож чадахгүй амь нь тэмцэж, өнөөх хайртай ард түмнээ орхиод, өөртөө ээлтэй гэсэн болгоныг цуглуулж үйлээ үзэж явна.
Тухайлбал, тэдний баруун гар болж яваа улстөрийн намуудын хутган үймүүлэгч Нинж онц их хурал гэгч муухан жүжгийн индэр дээрээс “Одоо улстөрийн сонгуулийн замаар засгийн эрх авах боломжгүй боллоо” гэж илэрхий мэдэгдэв. Ганцхан энэ өгүүлбэрийг сонсоход л улстөрийн вирус тээгчид ямар ч үнээр хамаагүй, ямарч аргаар засгийн эрхийг авах гэсэн эцсийн зорилготой мэт санагдана. Нинжийн хэлсэн дээрх үгийг талархан алга ташиж байгаагаас харахад л тэдний зорилго энэ юм байна гэж ойлгогдоно. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхэнд гарахыг уриалсан Нинжтэний үгэнд улстөр судлаачид дүгнэлт хийх хэрэгтэй байна.
Монгол Улсын дээд шүүх үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхэнд гарахаар зэхэж байгаа Энхбаярын нам гэгчийн үйл ажиллагаа, үзэл бодолд хяналт тавиасай. Ард түмний эв нэгдэлд илэрхий саад болох нам гэгчийг бүртгэхээс татгалзах эрх ч Улсын дээд шүүхэд бий хэмээн санаж байна Н.Энхбаяр өнөөдөр инээсэн болгоныг нөхөр хэмээн хүлээн авч байна. “Чулуу нэг хөдөлбөл гурван жил байраа олдоггүй” гэж үг бий. Нинж бол улстөрийн орогнолоосоо хөдлөөд 20 жил болоход байраа байтугай хаалгаа ч олохгүй, оготны нүхэнд ч орж гарахад бэлэн байна. Ийм л эрээвэр хураавар хүмүүсийн цуглуулга Н.Энхбаярт олджээ. Тэнэг хүнтэй битгий муудалц. Яагаад гэвэл тэр муу юм хийдэг гэж үг бий. Н.Энхбаяр хар амиа бодож, хагалан бутаргаж байгаагаас нь харахад л хангалттай үнэлэлт өгч болно. Намбарын хүү “Эвтэй бол хүчтэй” гэж хашгирч байсныг санаж байна. Тэр үед ийм лоозон хэрэгтэй байж. Одоо бол эв нэгдэл юу ч биш, эрх тушаал чухал гэдэг нь булавч бултайж харагдах далд үнэн.
Н.Энхбаярыг ардчилсан хүчнийхэн хор найруулагч гэж олонтаа мэдэгдэж байсан даа. Үнэндээ Н.Энхбаяр улстөрийн хор найруулах талаараа Монголд “number one” гэдгээ дахин харууллаа. Түүний найруулсан улстөрийн хор ганцхан дусал нь азарган чоныг нам унагах хүчтэй бололтой. Хамгийн сүүлд өнөөх хагалан цуглуулсан хүмүүсийнхээ намын дарга болох гэж хор найруулаад хэдэн залуусын дургүйг хүргэж байгаа нь харагдсан.
Дахин хэлэхэд Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхэнд гарах гэсэн санаархлыг тоохгүй байж болохгүй. Албан тушаалын дон галзууралтай агаар нэгэн. Галзуурсан хүн яахаас буцдаггүй, яаж яваагаа ч мэддэггүй шүү дээ. Болгоомж сэрэмж хэрэгтэй боллоо. Ялангуяа улстөрийн намын үйл ажиллагаанд Монгол Улсын дээд шүүх илүү анхаарал тавихыг хүсэж байна. Борхойн ХУЛУУЗ
URL: