“18-25 насны царайлаг залуу эмэгтэйг ажилд авах”-ыг хуулиар хориглолоо
Манай улсад Жендэрийн тэгш бус абйдлын талаар сүүлийн жилүүдэд нэлээд нухацтай яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас энэ сарын 2-нд Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсантай билээ. Уг асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын парламентын төвшинд Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл үндсэндээ 16 жил боловсруулагдаж, сая батлагдсан учраас нэлээд чамбай хууль болсон гэж тэд үзэж байгаа гэнэ. Гэхдээ зарим нэг заалт хасагдсан төдийгүй, сонгуульд нэр дэвших квотыг хойшлуулан авч үлдсэн зэрэг зүйлүүд байгааг ч тодотгов. Тухайлбал, төрийн захиргааны удирдах албан тушаалтан нь эрэгтэй дарга бол орлогч дарга нь эмэгтэй байна гэх заалтыг хассан аж. Хэдийгээр энэ заалт хасагдсан ч түүнийг орлохуйц квотыг албан тушаал бүрээр ангилан оруулсан гэлээ. Харин тодорхой салбарууд дээр давамгайлах болсон хүйсийн харьцааг 40:60 хувийн харьцаагаар зохицуулахаар болсон аж.
Жишээ нь эрүүл мэнд, боловсролын салбарт өнөөдөр эмэгтэйчүүд хамгийн их ажиллаж буй. Энэ харьцааг аажмаар 40:60 болгохын төлөө Засгийн газар ажиллах аж. Түүнчлэн хуульд заасан бас нэг чухал заалт нь жендерийн тэгш байдалд хяналт тавьж ажиллах үүргийг Хүний эрхийн үндэсний комисс хүлээсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс нь жил бүр жендерийн тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа талаарх тайлан гаргаж Засгийн газар хоёр жил тутамд энэ талаарх тайланг УИХ-д танилцуулж чиглэл авч байхаар болсон байна. Мөн хуульд зар сурталчилгаа явуулах тохиолдолд аль нэг хүйсэд давуу эрх олгохгүй байхыг заажээ. Учир нь сүүлийн жилүүдэд манайд ажлын зар дээр энэ зөрчил нэлээд давамгайлах болсон билээ.
URL: