Ким Чен Уныг агуу удирдагчаар зарлав
Пхеньян хотноо Солонгосын Хөдөлмөрийн намын ээлжит бус бага хурлын ажиллагаа албан ёсоор өнгөрсөн лхагва гаригт эхэллээ. Тус хурлаар Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун албан ёсоор намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдов.
Үүний өмнө тэрбээр зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч болсон юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нас барсан Ким Чен Ирийн бага хүүгийн байр суурь хурдан бэхжиж байгаа нь Хойд Солонгосын бодлогод өөрчлөлт гарахгүй, намын дээд удирдлага шинэ лидерт итгэл үзүүлж буйн илрэл хэмээн шинжээчид дүгнэж буй. Үүнийг эдүгээ олон улсад дуулиан тариад байгаа Хойд Солонгосын хиймэл дагуулын нислэг нь батлах ёстой. Гучин нас ч хүрээгүй залуухан Ким Чен Унд засаг захиргааны бүрэн эрхийг нэг мөр шилжүүлэх ажиллагааг энэ лхагва гаригт эхэлсэн эрх баригч, удирдан чиглүүлэгч намын бага хурал баталгаажуулах юм байна.
“Өнөөдөр эхэлж байгаа СХН-ын түүхэн бага хурлаас хүндэт нөхөр Ким Чен Унын удирдлага дор манай нам ялалтад хүрэх замдаа эргэлт буцалтгүйгээр, ард түмний чин хатуу хүсэл эрмэлзлэлийг бүхий л талаараа дэмжиж ажиллахаар боллоо” хэмээн Хойд Солонгосын “Родонг Синбун” (“Ажилчны сонин”) сонинд бичсэнээс Reuters агентлаг иш татжээ.
Өмнө нь Ким Чен Ун БНАСАУ-ын Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч болсон байв. Өмнөд Солонгосын хэвлэлүүд энэ удаад шинэ залуухан командлагчаа өмнөх удирдагч өвөө, эцэг нарын адил “мөнхийн удирдагч” хэмээн цоллуулах эсэх талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж, бараг “бооцоо” тавих нь холгүй байна. БНАСАУ-ыг удирдаж байгаа Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын “нэгдүгээр нарийн бичгийн дарга” болжээ. Өмнө нь уг намд ийм тушаал байгаагүй юм. Намыг ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж байлаа. Харин энэ удаагийн намын бага хурлаар нас барсан Ким Чен Ирийг “мөнхийн ерөнхий нарийн бичгийн дарга”-аар үлдээхээр шийдвэрлэжээ. Залуу Кимийн өвөө Ким Ир Сенд “мөнхийн ерөнхийлөгч” цолыг эцэг нь үлдээсэн байжээ. Мөн Ким Чен Уныг “агуу удирдагч” хэмээн өвөө болон эцгийнх нь адил хүндлэл үзүүлэхээр болжээ. СХН-ын Армийн дээд зөвлөлийн дарга гэсэн тушаал бас түүнд ирснээр тэр авах хүртэх ёстой бүх эрх мэдэлдээ ийнхүү хүрч чадсан байна.
Шинжээчид энэ бага хурлын явцаас залуу удирдагч эцэг, өвөө шигээ улсын бүх удирдлагыг гартаа атган байр сууриа бэхжүүлэх бөгөөд тэр нь Хойд Солонгосын бодлого хэвээр үлдсэнийг харуулж байна хэмээн дүгнэв. Тэдний үзэж байгаагаар гуравхан сарын дотор засгийн бүх эрхийг гартаа авсан Ким Чен Ун үндэсний цөмийн хөтөлбөрийн удирдагчид болон БНАСАУ-ын гадаад харилцааг хариуцагч албан тушаалтнуудын хүчинд тулгуурлаж байгаа ажээ.
Намын бага хурал нь Солонгосын социалист улсыг үндэслэгч Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойг ирэх ням гаригт тэмдэглэхийн өмнөхөн болж байна. БНАСАУ-ыг үндэслэгчийн ойг тэмдэглэх гол арга хэмжээний нэг нь намын бага хурлаас гадна дэлхийн хиймэл дагуул хөөргөх ажиллагаа болох юм. Лхагва гаригийн өглөөнөөс Пхеньян хиймэл дагуул хөөргөх байгууламжид пуужин зөөгчийг шатахуунаар цэнэглэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байв.
“Бид энэ ажлаа (пуужинг шатахуунаар цэнэглэх) тогтоосон хугацаанд нь гүйцэтгэнэ. Харин хэзээ хөөргөх тушаалыг дарга нар надад хэлнэ” хэмээн Хойд Солонгосын сансарын байгууламжийн хариуцлагатай ажилтан мэдэгджээ. Өмнө нь эрх баригчид дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хиймэл дагуулаа хөөргөнө хэмээн мэдэгдэж байсан юм. Хойд Солонгос гадаадын 19 орны 60 сэтгүүлчдийг пуужин хөөргөхдөө урьсан байв. Тэдэнд Тончан-Ни гэдэг пуужин хөөргөх талбайд байрлуулсан гурван шатны пуужинг харуулсан байлаа. Жин нь 91 тонн болох пуужин дээр Хойд Солонгосын төрийн далбааг зураад солонгосоор “Ынха-3” гэж бичсэн байжээ. Тэр нь “Тэнгэрийн заадас-3” гэсэн утгатай. Мөн тэдэнд пуужингийн нэгдүгээр шатны хөдөлгүүрийн хийн урсгалыг чиглүүлэгч дөрвөн “янданг” харуулсан байна. Хойд Солонгосын байгууламжийн ажилтнууд нарны зай болон антенн, зураг авах төхөөрөмжөөр тоноглогдсон хиймэл дагуулыг үзүүлсэн байв.
Хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг нь эсэргүүцэж буйгаа НҮБ, АНУ, ОХУ, Европын холбоо илэрхийлсэн бөгөөд тэд баллистик пуужинг хөөргөж болохгүй гэсэн НҮБ-ын тогтоолыг зөрчиж байгаа талаар шүүмжилсэн юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хиймэл дагуул хөөргөх нь баллистик пуужингийн туршилт хэмээн үзэж байгаа учраас энэ үйлдлээсээ татгалзахыг Пхеньянд зөвлөсөн байна.
Хиймэл дагуул нисгэх санаачлага нь цөмийн туршилтад хориг тавихаар хоёрдугаар сард тохиролцсон хэлцлийг зөрчин, Хойд Солонгост хүнсний тусламж хүргэх ажиллагааг сэргээхэд саад учруулна хэмээн АНУ Хойд Солонгост сануулга өгчээ. Москва, Токио, Сөүл Хойд Солонгосын төлөвлөгөөг эсэргүүцсэн бөгөөд хэрэв пуужин нь замаасаа хазайн тэдний нутаг дэвсгэрт занал учруулахаар болсон тохиолдолд Пхеньяны пуужинг угтан сөнөөнө гэдгээ ч мэдэгдсэн. Харин Пхеньян дээрх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэдгээ илэрхийлж, энэхүү сансарын хөтөлбөрөө зөвхөн шинжлэх ухааны зориулалтад ашиглаж байгаагаа мэдэгдсэн байна.
Ш.Мягмар
URL: