Н.Төгсцогт Пакистаны олимпийн найдварыг таслав
Өчигдөр орой манай боксчдын Лондонгийн олимпийн эрхийн төлөөх сүүлчийн оролдлогоо хийж буй Астанагийн тэмцээнээс нэг сайн, нэг муу мэдээ ирлээ. Сайн мэдээ гэвэл 20 настай, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт Пакистаны 54 кг-ийн боксчин Мухаммад Вазимыг ялжээ. Пакистаны боксын холбооны тэргүүн Али Акбар Шах “Вазим Монголын тамирчинг ялж олимпийн эрх авна гэдэгт итгэлтэй байна” гэж тоглолтын өмнө мэдэгдэж байсан юм. Тоглолтын эхнээс санаачилгыг авсан Монголын боксчин Пакистаны олимпийн найдварыг илт илүүрхэн гурван үед 5:2, 9:3, 8:4 оноогоор хожин, нийт дүнгээр 22:9 харьцаагаар ялалт авлаа. Энэ бол түүний олимпийн наадамд өрсөлдөх эрх юм.
Харин 60 кг-ийн жинд хүч үзсэн Ази тивийн аварга З.Энхзориг, Хятадын Чиан Лю нарын тоглолт хөгжөөн дэмжигчдийн хэлдгээр “гал бутарсан” тулаан байв. Гурван раундын турш хоёр тамирчин маш ширүүн тулалдсан ч тоглолтын эцэст онооны харьцаа 15:12 болсон байв. Үе бүрт З.Энхзориг өрсөлдөгчөөсөө ердөө ганцхан оноо дутуу авчээ (4:3, 5:4, 6:5). З.Энхзориг энэ боксчинтой 2010 онд “China Open” тэмцээний медалийн төлөө тулалдан 5:2-оор ялагдсан даагаа нэхэж чадаагүйгээр барахгүй Лондон явах эрхээ алдлаа. 2008 оны Бээжингийн олимпийн 57 кг-ын жинд хоёрдугаар тойрогтоо тэрээр 2008 оны Пан Америкийн аварга, Кубын боксчин Идел Торриентэд 10:9 оноогоор тун харамсалтай ялагдаж байсан түүх давтагдах шиг болов.
URL: