Иргэний үнэмлэх товлосон хугацаандаа хэвлэгдсэнгүй

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн сарын 29-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Энэ сарын 6-наас иргэний цахим үнэмлэхийг хэвлэж эхэлнэ” хэмээн мэдээлсэн. Харамсалтай нь, иргэний цахим үнэмлэхийг товлосон хугацаандаа хэвлэлгүй саатсан талаар УБЕГ-ын зарим эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тус газрын мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс лавлахад ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй, дарга нараасаа асууж байгаад хариу хэлье гэсэн юм.

Бидний авсан мэдээллээр Францаас эхний 60 мянган бэлдэц ирсэн ч, үнэмлэх хэвлэхээр тендерт шалгарсан компанийн хэвлэх төхөөрөмжид тохирохгүй байгаагаас ажил нь саатсан гэнэ. Иргэний ухаалаг, цахим үнэмлэхийг “Бодь интернэшнл” компанид хэвлэхээр болсон. Тус компанийн зүгээс УБЕГ-ынханд “Хэвлэх эх нь бэлдэцээсээ томдоод байна. Тиймээс аль аль талаас нь нарийсгаж, эхээ бэлтгэж өг” гэсэн аж. Үүнээс болж цахим үнэмлэх олгох ажил удаашрах нь тодорхой болсон тул тус газрын дарга Л.Амарсанаа үүнийг иргэд, хэвлэл мэдээллийнхнээс нууцлахыг ажилтнууддаа үүрэгдсэн сурагтай.

УБЕГ-аас төлөвлөснөөр иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж, хэвлэлтээс гарсан багц үнэмлэхийг нэн тэргүүнд Дорнод, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд зэрэг алслагдсан аймагт хүргэхээр товлоод байсан юм.

Г.ЦОЛМОН



URL:

Сэтгэгдэл бичих