УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: Намын бодлого ард түмний амьдралд ойр байгаасай гэж л хүсдэг мянга, мянган гишүүний нэг нь би

МАН-ын УИХ дахь бүлгийн дөрвөн гишүүн намын даргадаа хандан ил захидал бичсэн нь багагүй шуугиан дэгдээж байна. Энэ ил захидалд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед тантай уулзах хүсэлтэй сэтгүүлчид олон байлаа. Гэвч та хэд хоног харагдахгүй байсан. Гадагшаа яваа юу?
- Үгүй ээ,Завханд,  тойрогтоо 10-аад хоног ажиллаад ирлээ.

-Та чинь ямар гээч “өргөх бичиг” бичиж, улс төрийг бужигнуулчихаад өөрөө алга болчихов оо. Дөрвөн гишүүний ил захидлаас болоод Монголын улс төр бужигнаж байна шүү дээ?
-Би хаашаа ч бултаагүй, бултаж, зугатах хэрэг ч хийгээгүй. Нэгдүгээрт би нутагруугаа явахаар эрт төлөвлөсөн байсан. Ер нь жилдээ хэд хэдэн удаа тойрогтоо ажилладаг. Тэр тусмаа заавал найр наадам хийдэг зун намраар гэхээсээ илүүтэй өвөл, хүйтнээр очихыг хичээдэг юм. Цагаан сарын наана, цаана гээд өвөлдөө дор хаяж хоёр удаа Завхан явдаг. Манай аймагт чинь өвөлдөө хамгийн хүйтэн, зарим газраа хасах 50 хүрдэгийг мэднэ биз дээ. Энэ үед очиж, өвөлжилт ямар байна, малчид маань яажшуухан өвөлжиж байна, юу хэрэгтэй байна вэ гэдгийг газар дээр нь үзэж танилцах нь илүү үр дүнтэй гэж ойлгодог. Нийслэлээс 1000 гаруй км зайтай болохоор төвөөс дарга нар очоод байх нь ч элбэг биш. Аймгийн удирдлага ч заримдаа хүрч очиход хэцүү, газар нутаг томтой аймаг шүү дээ. Тиймээс сонгогдсоноосоо хойш өвөл болгон л тойрог руугаа явж байгаа. Энэ жил эрт, оны өмнө  явах санаатай байсан ч ажил амжаагүй, тэгээд л сая яваад ирлээ. Гэхдээ явна гэдгээ нэлээд эрт оны өмнө төлөвлөөд, хамт явах хүмүүстэйгээ ч тохирчихсон байсан. Монголын үндэсний телевизийнхэнийг дагуулж очиж, Отгонтэнгэр уулын тухай, хөдөөний жирийн иргэдийн тухай сайхан нэвтрүүлэг хийлгэсэн юм. Тэгэхээр ил захидал биччихээд бултсан хэрэг бол биш байгаа биз? Сая явахдаа өвөлжилтийн байдалтай танилцлаа. Хойд сумдаар цас нэлээд орсон байна.Бусад сумдаар ч ялгаагүй, ер нь л энэ өвөл манай аймаг нэлээд цастай байгаа. Гэхдээ би урдуур говийн сумд болон, зүүн талын сумдаар ороод эргэсэн. Сонгогчдынхоо санаа бодлыг сонсохын хажуугаар намын гишүүддээ шинэ бат илэрхийлэлийг нь гардуулах ажлыг бас давхар хийлээ. Манай аймгаас улсын сайн малчин төрсөн. Дөрвөлжин сумын Буурал багийн  малчин, алдарт уяач Цэвэгдорж гуайд сайн малчны шагналыг нь гардуулж,баяр хүргэлээ. Алтан төлийн эздэд бас шагналыг нь гардууллаа. Идэр есийн ид хүйтэн тачигнаж байхад 3000 гаруй мянган км зам туулаад  ирлээ дээ.

Сайн малчнаас эхлээд төр засгийн шагналыг  гардуулах гэж гишүүд их дурлах юм. Өөрөө өгч байгаа юм шиг ингэж хөл болох хэрэг байна уу?
-Тийм тал ч бий шүү. Гэхдээ малчид маань шагналаа Төрийн ордонд хүрч ирээд авч тэр бүр чадахгүй. Шагнал гэдэг чинь  авч байгаа хүндээ сэтгэлийн дэм өгдөг. Тийм болохоор гардуулах нь хүртэл хүндэтгэл дагуулдаг эд. Зүгээр нэг замын унаагаар дайгаад явуулчихаж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн ирж, өөрийн биеэр шагналыг нь гардуулна  гэдэг чинь Монголын төр засаг тэр хүнийг хүндэлж байгаагийн илрэл.Түүнээс биш ганц шагнал гардуулах гээд  хэдэн мянган км газар хөхөө өвлийн хүйтнээр давхиад байх нь надад бол ямар ч “ашиггүй зүйл”л дээ.

-Таныг эзгүйд Ардын намынхан бужигнаж, “Эсэргүү дөрөв”, “Элсний 13-ын эхлэл”, “Дөрвийн бүлэг” гэхчлэн янз бүрээр л нэрлэж байна. Шантаажны улс төрчдөөс салья гээд л залуус нь жагсаал цуглаан зохион байгууллаа?
-Би үнэндээ сайн мэдээлэл авч чадаагүй байна. Гэхдээ хэвлэлээс зарим нэг мэдээллийг харсан. Шантаажны улс төр гэдгийн тухайд миний нэр байхгүй байгаа биз дээ.Тийм болохоор би энд өлгөж аваад, өөртөө хамаатуулаад тайлбарлаад байх юм алга. Бас шантаажилж, албан тушаалд хүрч байгаагүй, хүрэх гэж оролдож байгаагүй болохоор надад хамаатай зүйл ч гэж бодохгүй байна. Улсын бага хурлыг оролцуулвал би хоёрдахь удаагаа парламентад сууж байна. 1992 онд Бага хурал буусны дараа бизнесийн салбарт хүч сорьж, ямар ч байсан амьдралаа аваад явчих хэмжээний болчихсон.Тэгээд л өнгөрсөн сонгуулиар УИХ-д нэр дэвшээд сонгогдсон нь энэ. Тэр хооронд төрийн албанд ажиллаагүй. Харин намд бол зүтгэсэн. 1996 онд МАХН ялагдаж, хүмүүс нүүр буруулж байхад үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг нь өөрийгөө гэж боддог. Тухайн үед намд хөрөнгө санхүүгийн дэмжлэг  хэрэгтэй байна гээд дарга нар ханддаг, надаас илүү хөрөнгө мөнгөтэй гишүүд нь хаяагаа манаж, дөлсхийдэг болчихсон тийм л үе байсан. Би харин өөрийнхөө хэрээс хэтэрсэн хэмжээгээр намынхаа үйл ажиллагааг дэмждэг байлаа. Мэдэх хүмүүс нь мэднэ. Б.Даш-Ёндон тэргүүтэй тухайн үеийн дарга нар сайн мэднэ. Бүр “ энэ залууг манай нам ямагт харж үнэлж явах ёстой” гэсэн агуулгатай бичиг шийтгэж, хадгалуулна гэсэн санаачилгыг  гаргаж байсан удаатай.  Энэ бүхний  хариуд би ийм тийм албан тушаалд очно гэж гүйж байсангүй. 2000 оноос хойш манай нам олон удаа эрх барьж, барилцаж байна. Магадгүй надаас  өөр “гүйдэг хүн” байсан бол сайд даргын албан тушаалд очих л байсан биз. УИХ-ын гишүүн гэдэг чинь үнэндээ Монголын хамгийн том албан тушаал юм шүү дээ.

-Намын даргад илгээсэн энэ ил захидалд Ц.Шинэбаяр гишүүнийг өмгөөлж хамгаалсан үг хавчуулсан байсан. Тэртэй тэргүй улс төрийн сонголтоо хийсэн хүнийг нэг нь өмгөөлж, нөгөө нь өөлөх хэрэг байгаа юм уу?
-Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Хүн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн сонголтоо хийх бүрэн эрхтэй. Тиймээс Ц.Шинэбаяр өөрийнхөө сонгосон замаар л яваг. Тэр хүн улс төрийн зөв сонголт хийсэн үү, буруу сонголт хийсэн үү гэдгийг цаг хугацаа харуулаад, ард түмэн өөрсдөө шүүж тунгаагаад өгчихнө. Нөгөө талаар  манай намаас хүмүүс явж л байдаг, зарим нь эргээд ирж л байдаг. Тиймээс энэ бүхэнд ач холбогдол өгөх шаардлагагүй шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Дорнодчууд сонгосон. Олон түмний энэ сонголтод жаахан ч гэсэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг л сануулсан.

-Энэ ил захидлын цаана хувийн ашиг сонирхол байгаа гэж үзэж байна. Сайд хийх хүсэлтэй, байнгын хорооны дарга болох сонирхолтой хүмүүс  танай анги дотор өчнөөн байдаг нь үнэн шүү дээ?
-Байгаа байх аа.Гэхдээ тэднийг тэглээ гээд буруутгаж болохгүй биз дээ.Хүн мэдлэг чадвараа үнэлье, илүү үүрэг хариуцлага хүлээе гээд санаачлага гаргах нь буруу зүйл бас биш. Гэхдээ энэ хүсэл, сонирхолоо яаж илэрхийлдгийг би мэдэхгүй. Миний хувьд дарга даамлын албан тушаал өдий хүртэл сонирхож явсангүй. Улсын Бага хурал тарсны дараа надад хэд хэдэн яамны дэд сайдын суудал санал болгож байсан. Би татгалзаж л байлаа.

-Уг нь дөрвөн гишүүн намын даргадаа ил захидал явуулсан. Гэтэл хоёрыг нь онилж аваад гөвөөд байх юм. Таныг У.Хүрэлсүхтэй найз гэж сонссон. Тийм болохоор залуучуудын эсэргүүцэл таныг тойроод байгаа юм уу?
-У.Хүрэлсүх бид хоёр жирийн сайхан харьцаатай нь үнэн. Олон жил энэ намын төлөө хамт зүтгэсэн хүмүүс. Тэглээ гээд  хувийн харьцаагаа ажил албатайгаа хольж, хутгаж  байсангүй. Хэрвээ холих байсан бол би намын даргадаа ил захидал өгч, ерөнхий нарийн бичгийн даргынхаа уурыг бараад л явах уу даа. Ил захидлын хувьд бүх асуудал ойлгомжтой байгаа. Намд байгаа болохгүй бүтэхгүй юмыг засья, анхаараач ээ гэсэн шаардлага л тавьсан. Бүх л амьдрал сайн сайхан байгаа юм алга л байна шүү дээ. Боловсон хүчний томилгоо,хамтарсан Засгийн газрын ажлын үр дүн, стратегийн ордууд тойрсон асуудлуудыг  намын жирийн гишүүдээс эхлээд олон хүн  шүүмжилж байгаа. Түүнийг намын удирдлага, намын нэрээр төрд сонгогдсон бид ч гэсэн сонсох л учиртай. УИХ-ын дөрвөн гишүүний ил захидал ч ийм л эрүүл шүүмжлэлүүдийн нэг. Аль эсвэл гишүүд бичсэн болохоор шүүмжлэл биш, өөр агуулгатай харагдаад байгаа юм уу.

-Уг нь энэ захидлыг Монгол Улсын Ерөнхий сайдад бичсэн. Гэвч танай намын удирдлагууд илүү эмзэглэж хүлээж аваад байх юм?
-Тийм ээ. Өнөөдөр Монголын чадалтай, боловсролтой хоёр зуу гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Эх үр, эцэг хүүхэд, эхнэр нөхөр хилийн наана цаана амьдарч, амьдын хагацал амсаж байна. Ажил хөдөлмөр эрхлэх насны 100 гаруй мянган иргэн гар аргаар алт боловсруулж, бид тэдэнд “Нинжа” гэдэг нэр зүүчихээд сууж байгаа. Агаарын бохирдол, утааны асуудлыг хорин жил ярьлаа. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Уул уурхайн асуудал яригдаж, том том ордуудын гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Гэхдээ ард түмний амьдралд бодитой хувь нэмэр үзүүлээгүй байна. Жил хагасын дараа УИХ-ын сонгууль боллоо. Энэ сонгууль дөхөөд байдаг, бидний амлалт ажил хэрэг болж чадаагүй байна. Үүнийг л намын даргадаа, Монгол Улсын Засгийн газрын тэргүүндээ сануулсан. Үнэн үг хэлснийхээ төлөө адлуулна гэж байхгүй шүү.

-МАН-д “Дөрвийн бүлэглэл” төрлөө, Н.Энхбаярын хүмүүс ил гарч ирлээ гээд л янз бүрийн л таамаг байгааг та сонссон байх?
-Намайг хэний хүн гэж байна цаагуур чинь? Бас Н.Энхбаярын хүн гэж байна уу? Хүмүүс янз бүрээр л нэрлэх юм.Тэрний хүн, энэний талын нөхөр гээд л.Надад бол тийм юм байхгүй ээ. Намын шугамаар бүгдтэй нь л уулзаж ярилцаж, тусалж дэмжиж, хамтарч ажиллаж байснаас биш төрийн албанд хамт зүтгээд, албан тушаалд томилогдож байсангүй. Хэрвээ албан тушаалд хүргэсэн гэдэг агуулгаар нь хамаатуулвал би Завханы хүн. Завханы ард түмэн надад хамгийн өндөр саналыг өгч, УИХ-ын гишүүний албанд илгээсэн. Нөгөөтэйгүүр намайг МАН сонгуульд нэр дэвшүүлсэн. Би МАН-ын хүн.Түүнээс биш хэн нэгэн улс төрийн лидерийн нөмөр нөөлгөнд багтаж, фракц бүлэглэлд хамаарч явсангүй.

-Гишүүд элдэв захидал шидээд, гарч гүйгээд, МАН-ын УИХ дахь бүлэг тарчих байх гэсэн болгоомжлол танай намынханд байх шиг байна?
-Ийм ил захидал бичиж байна гэдэг Ардын нам өөрөө эрүүл саруул байгаагийн нэг шинж. Гишүүд ярьдаг санаа зовдог зүйлээ л албан байдлаар захидал болгож бичсэн. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтладга бодлоготой больё, Ашигт малтмалынхаа хуулинд өөрчлөлт оруулья, төсөв мөнгөө төлөвлөж зөв зүйтэй зарцуулья гэж л бодож энэ ил захидлыг бичсэн. Саяхан 2011 оны төсвийг УИХ-аар хэлэлцлээ. Сангийн сайд нь 2011 онд Монгол Улс 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гээд төсөвд бариад орж ирсэн. Урьд нь 500-600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан. Яагаад 76 хан тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм бэ? гэж Сангийн сайдаас асуухаар “Олон улсын валютын сантай гэрээгээ дүгнэсний дараа наад тоог чинь засчих юм аа” гээд хэнэг ч үгүй сууж байна. Энэ УИХ тоглоом юм уу? Монгол улсын төсвийн тухай хууль, дүрэм гэж хэдэн  зуун хуудас материал байж байхад Сангийн сайд ийм л хариуцлагагүй байгаа. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт том том гэрээ байгуулна гэж яриад л яваад л байдаг. Тэгсэн хэрнээ Эрдэс баялагийн тухай төрөөс баримтлах бодлогоо өнөөдрийг хүртэл хийсэнгүй. Шаардаад шахаад байхад бас л таг чиг сууж байна. Ёстой нөгөө хариуцлаггүйн зуд нүүрлээд байгаа учраас л энэ захидлыг бичсэн юм.

-Гэхдээ таньтай хамт ил захидал бичсэн гурван гишүүн экс ерөнхийлөгчийг дэмждэг гишүүд гэдгийг хүмүүс мэднэ ш дээ?
-Түүнийг өөрсдөөс нь асуу. Н.Энхбаяр ийм ил захидал бич гээд байгаа юм аа, хэдүүлээ биччихье гэж надад хэн нь ч хэлээгүй. Нэг өдөр уураа хүрээд гэнэтхэн захидал бичмээр санагдаад  биччихсэн ч юм биш. Улс оронд, тэрчлэн нам дотор байгаа болохгүй бүтэхгүй юмны тухай УИХ-ын гишүүд өөр зуураа бишгүй л ярьж, санаа бодлоо хуваалцдаг.Т эгж ярьж байгаад л ийм ил захидал бичсэн. Ерөнхий сайдын хувьд ажил алба ихтэй.Намын асуудал руугаа анхаарал хандуулах боломж хомс,зарим нэг асуудлыг анзаарахгүй орхидог биз. Дороос гарч байгаа жирийн гишүүдийн үгийг сонсох тал дээрээ хүний өөрийн гэлтгүй энэ томчууд чинь муу шүү дээ. Ойр тойрныхоо хэдхэн хүн, хүрээллээсээ л мэдээлэл авдаг. Тэр хүрээнээсээ цаадах зүйлийг олж харж чадахгүй байх шиг байна. Тиймээс намд гараад байгаа, гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаад байгаа зарим асуудлыг намын дарга маань мэдэхгүй, анзаарахгүй яваад байж магадгүй. Энэ асуудлуудад анхаарлаа хандуулаач ээ гэж сануулах үүднээс энэ ил захидлыг бичсэн. Түүнээс биш намаа эсэргүүцээд, эсвэл хэвлэлд янз бүрээр цоллуулах гэж энэ захидлыг бичээгүй. Эсэргүүгээрээ дуудуулах гэж бүр ч хүсээгүй.

-Энэ ил захидал намыг хагалан бутаргаж байна гэж ярих хүмүүс ч байгаа шүү дээ?
-Би энэ намтай 1987 оноос хувь заяагаа холбосон. Дархан хотод 1990 оны сонгуульд ардчиллын онолыг боловсруулсан гэж магтагдаж, ардчилсан хувьсгалын загалмайлсан эцэг гэж нэг хэсэг нэрлэгдэж байсан Ж.Нэргүй доктортой өрсөлдөж ялалт байгуулж, Улсын Бага хуралд 27 настайдаа сонгогдож байлаа. Энэ намын нэрээр албан тушаалд хүрсэн, алдар нэр олсон хүмүүс намаа орхиод зугатааж байхад би намынхаа бүхий л үйл ажиллагаанд оролцож, чадах ядахаараа зүтгэж  явсан хүмүүсийн нэг. Надад намаа хагалж бутаргах, хаяж явах ямар ч санаа зорилго байхгүй. Харин энэ нам илүү дээшилж, дэвжээсэй, өргөжиж тэлээсэй. Намын бодлого ард түмний амьдралд ойр байгаасай гэж л хүсдэг мянга, мянган гишүүнийх нь нэг.

-Шүүмжилж, шантаажилж байгаад албан тушаалд хүрэх гэж оролдоод байгаа байгаа юм биш үү?
-Надад тийм хүмүүжил ч байхгүй,  тэгж байсан тохиолдол ч байхгүй гэдгийг дээр хэлсэн шүү дээ.

Магадгүй албан тушаал биш юм аа гэхэд ашигтай тендер ч салгадаг юм уу?
-/инээв/ Зарим нэг төрөөс төрсөн тэрбумтануудыг бодвол би арав гаруй жил бизнес хийж, амьдралаа босгосон хүн. Хүнээс гуйхгүйгээр хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэчих боломж бий.

-Та Монгол мал хөтөлбөр гээд л баахан гүйсээр батлуулсан. Энэ хөтөлбөр батлагдчихвал малчдын амьдрал сайжирчихна л гээд байсан санагдана.
-Энэ хөтөлбөрийг батлуулснаар Монгол төрийн бодлогод монгол мал, монгол малчин хүн багтаж чадсан. Өнөөдөр мал маллаж  амь амьдарлаа залгуулж байгаа 170 гаруй мянган өрх бий. Энэ хэдэн мал Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Махны үнэ нэмэгдэхэд монголчуудын амьдралд ямар хүнд тусдгийг бид мэднэ. Монгол хүнийг малаас нь салгаж болохгүйг ч ухаарцгааж байна. Тиймээс энэ хөтөлбөрийг батлуулсан. УИХ-ын гишүүд маань ч дэмжсэн. Хамгийн олон гишүүн санаачлагчаар нь гарын үсэг зурсан хөтөлбөр. Ийм тохиолдол манай парламентын түүхэнд байхгүй гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд байгаа биз /инээв/

-Энэ хөтөлбөр дээр их олон гишүүн гарын үсэг зурсан. Зохиогчийн эрхээ алдчихлаа гэж та санаа зовохгүй байна уу?
-Наана чинь харин бодох юм бий шүү. Худлаа, худлаа тоглосон юм. Яаж ч бодсон Монгол мал хөтөлбөрийг Балдан-Очирын санаачлаагүй гэж хэлэх хүн олдохгүй байлгүй дээ.

-Д.Балдан-Очир гэж  мал, малчин ярьсан нэг нөхөр байна гэж манай сэтгүүлчид битүүхэн шоолдог.Та нээрээ голдуу л энэ сэдвээр ярьдаг байх шүү?
-Сэтгүүлчид намайг шоолж байна уу? Яахав дээ. Шоолох нэг нь шоолж л байг. Гэхдээ энэ хөтөлбөрийн үр дүн гарсны дараа шоолох хүн гарахгүй гэдэгт би итгэдэг. Монгол Улс эрүүл малтай, малынхаа түүхий эдийг хаана ч экспортод нийлүүлж чаддаг, малчид нь элбэг хангалуун амьдараасай гэж хүсдэг учраас энэ хөтөлбөрийг санаачилсан юм.  Гэхдээ дандаа мал яриад байдаг цэвэр “хөдөөний” нөхөр би бас биш шүү. Миний мэргэжил чинь эдийн засагч. Ер нь УИХ-д яах гэж сонгогддог юм бэ? Та юу гэж боддог вэ жишээ нь?

-Хувийн бизнесээ улам томруулах  гэж, албан тушаалаа ашиглан төсвөөс юм хусах гэж, тендер авах гэж гишүүн болдог юм биш үү?
-Ганц нэг тийм хүн байдаг байж болно. Байдаг байх, хуралдаа суухгүй, хууль санаачилж бүр харагдахгүй нөхдүүд ч байдаг. Гэхдээ ихэнхи нь үгүй байх гэж найдаж байна.Ер нь бол ард иргэдийнхээ төлөө, улс орныхоо төлөө мэдлэг чадвараа зориулах боломжийг өөртөө гаргах гэж сонгогддог гэж би ойлгодог. Ийм л зорилгоор би УИХ-руу зүтгэсэн.Тэр зорилгын маань дотор хэдэн томоохон баримт бичиг, хууль батлуулчих юмсан гэсэн хүсэл бий. Тэрний нэг нь монгол мал үндэсний хөтөлбөр. Харин нөгөө нь татварын орчныг шинэчлэх. Хүн амын орлогын албан татварын талаар би нэг хуулийн төсөл санаачилсан. АТГ-т хүмүүс хөрөнгө орлогоо мэдүүлдэг шиг Монголын бүх иргэн, баян нь ч ядуу нь ч татварын албанд орлогоо тодорхойлж өгдөг байхаар хуульчлах юм.Энэ тогтолцоо хэрэгужээд эхлэвэл бүх хүний хөрөнгө орлого тодорхой болно.Хэрээ буруу замаар мөнгө олсон бол түүнийгээ шингээх аргагүй болох юм.Одоо АТГ-т өгч байгаа хөрөнгө орлогын мэдүүлгээр бол тухайн албан тушаалтан гэнэт том хэмжээний хөрөнгөтэй болчихсон байлаа гэхэд түүнийгээ нэг найзаасаа, хамаатнаасаа бэлгэнд авсан гээд л тайлбарлачихдаг.Хэрвээ тэр хүн нь төрийн албанд ажилладаггүй л бол АТГ түүнийг нь шалгаж тогтоох боломжгүй. Дуудаад асууна, тийм ээ би найздаа, ахдаа тийм юм бэлэглэсэн гээд хэлчихнэ. Ингээд л болоо.Харин бүх хүн орлогоо татварын албанд мэдүүлдэг болчихвол цаад бэлгийн эзэн үнэхээр хүнд их хэмжээний хөрөнгө мөнгө бэлэглээд байх нөхөр мөн үү, тухайн жил тийм орлого олж уу гэдэг нь давхар гараад ирэх учраас нөгөө цэцэглээд байгаа авилгыг арилгахад өндөр ач холбогдолтой. Дээр нь далд эдийн засаг байхгүй болно.Бас иргэдийн хөрөнгө орлого тодорхой болж, төрөөс үзүүлэх халамж дэмжлэг, санхүүгийн үйлчилгээнүүд ч эзэндээ хүрэхэд хялбар.  Сотогийн “Капиталын нууц” –ын ид шид ч энд байгаа шүү дээ. Гэхдээ үүнийг хийхийн тулд улс төрийн шийдэл, эр зориг хэрэгтэй. Цаг нь болоогүй гэсэн бодолтой хүмүүс бий. Манай намын дарга, ерөнхий сайд С.Батболд  энэ санаачилгыг маш их дэмжиж, цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч дэмжиж байгаа. Энэ мэтчилэн УИХ-д байхдаа хийхээр төлөвлөсөн том ажлууд хэд хэд бий.Банкны тухай, Төв банкны тухай хуулиас эхлээд гардаж хийсэн  эхлээд гардаж хийсэн томоохон ажлууд  бас хэд хэд байна. Ер нь шоуддаг биш хийдэг, бүтээдэг улс төрч байх юмсан гэж боддог.

-Та шоуддаггүй гэж үү? Цагаан сараар дуу дуулаад, клип хийлгээд байгаа чинь шоу биш үү? Телевизээр ажил ярихын оронд клипэнд тоглоод явах нь УИХ-ын гишүүн хүнд зохимжтой зүйл гэж та бодож байна уу?
-Тийм ээ, би ТВ-5 Телевизийн “Түмэндээ барих түшээдийн бэлэг” нэвтрүүлэгт хоёр жил дараалан оролцож, ард түмэндээ ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ жил ч бас оролцоно.Үүнийг буруу зүйл гэж би боддоггүй. УИХ-ын гишүүн, сайд дарга гэхээр л тэнгэрт гарчихсан, өөр заяаны хүмүүс гэж ойлгож болохгүй шүү дээ.Би жирийн малчны хүүхэд. УИХ-ын гишүүн бусдын л адил амьдралтай, дуулдаг уйлдаг, уярдаг хүн шүү дээ.Заавал телевизээр гэлтгүй хөдөө тойргийнхоо сонгогчидтой уулзаад явж байхдаа ч заримдаа дуулдаг. Сумын ард иргэд уулзаад, зарим нь нутгийн идээний дээж гээд  ганц шил юм хүртэл задлана. Түүнийг нь задлаад тойрч суугаад ярьж байхдаа хүмүүс бүгдээрээ л дуулдаг. Би ээлжээ ирэхээр  аяны дугараа барьж л орхидог. Монголчууд  дуунд дуртай ард түмэн. Тэр бүр уулзаж учраад байх боломжгүй ард түмэндээ сар шинийнх нь өдөр цэнхэр дэлгэцээр дамжуулаад золгож, бас ая дуугаараа мэндчилээд авч байна гэсэн үүднээс л би телевизээр дуулдаг нэвтрүүлэгт орох дуртай. Ямар хувийн компанийн сурталчилгаанд оролцоод,улс орно хохироогоод явсан биш дээ. Телевизээр, ард түмэнтэйгээ ая дуугаараа золгоход буруу юм байхгүй ээ гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад Монголын нийт ард түмэндээ айлчлан ирж буй туулай жилийн мэнд хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих