Өмнөд Солонгос Монголд шатахуун нийлүүлж эхэллээ
Монгол Улс шатахуун нийлүүлэх эх үүсвэрийнхээ тоог нэгээр нэмлээ. Өнгөрсөн оны хавар шатахууны хомсдолд орж дээр дооргүй багагүй бужигнасан бөгөөд үүнээс Монголын төр бага гэсэн сургамж авсан бололтой, Өмнөд Солонгосоос шатахуун худалдан авах гэрээ байгуулжээ.
Тус улсаас нийлүүлж буй шатахуун чанартай, сайн ггэж Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан онцолж байна лээ.
Өнгөрсөн хугацаанд дотоодынхоо шатахууны хэрэгцээг нэг улсын нэг компаниас хангаж явсан монголчууд энэ буруу байжээ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Ямар сайндаа л ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч хүртэл нүүрээ ширлүүлж байхав дээ. Ерөнхийлөгчөөрөө хүртэл гуйлга гуйлгасандаа бантсан уу, эсвэл алдаагаа олж харсан уу УИХ-аас өнгөрсөн жил газрын тосны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. “Хоол болтол шийр зугаа” гэгчээр үйлдвэр барих хүртлээ шатахуун худалдан авдаг эх үүсвэрийнхээ тоог нэмэх бодлого Монгол Улс баримталж байгаа бололтой. ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвартаа өөрчлөлт оруулах бүрд Монголын эдийн засаг хүндхэн цохилтод орсоор ирсэн. Одоо ч тус улсын нефтийн салбарт баримталж буй бодлогоос Монголын эдийн засаг дам хамааралтай байсаар л байна. Монголын суурь эдийн засагт гадаад нийлүүлэлтээс хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол шатахуун. Шатахууны үнийн хэлбэлзэл инфляци үүсгэж, эдийн засагт дарамт болсоор ирсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд валютын ханшийн хэлбэлзлээр шалтаглан импортлогчид шатахууны үнийг нэмсэн нь өнөөдөр бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсгөх шалтаг болчихоод байгаа.
Эрдэс баялаг эрчим хүчний яам Өмнөд Солонгос улсын “SK energi” компанитай шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан байна. Өмнөд Солонгосоо оруулж ирж буй шатахуун нь евростандартынх гэнэ лээ. Тус улсаас шатахуун импортлохын тулд Монгол Улс хятадуудыг “найрах” хэрэгтэй болсон юм байх. Учир нь Өмнөд Солонгосоос оруулж ирж буй шатахууныг Хятадын нутаг дэвсгэрээр дайруулж авчирч байгаа гэсэн.
Эхний ээлжинд солонгосчууд 1000 тонн евростандартын шатахуун нийлүүлэх бөгөөд үнийн хувьд манай улсын дотоодын зах зээлд зардгаас арай өндөр байх гэнэ лээ. Хамгийн гол нь тус нефтийн бүтээгдэхүүний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хүхрийн исэл бага, агаарын бохирдолд үзүүлэх нөлөөлөл багатай гэсэн. Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ, Казакстан, Хятад, Өмнөд Солонгосоос шатахуун оруулж ирж байгаа. Түүнчлэн өмнө нь ОХУ-ын “Роснефть”-ээс Монгол Улс дотоодынхоо хэрэглээний 90 хувийг хангадаг байсан бол өнөөдөр дээрх улсуудаас гадна ОХУ-ын “ТНК” болон “Газпром“, “Уралнефть”-ээс шатахуун худалдан авах болсон байна.
Өнгөрсөн 2011 онд нүүрлэсэн шатахууны хомсдолын үеэр Монгол Улс Хятадаас сард 10 мянган тонн шатахуун импортлох гэрээ байгуулсан билээ. Манай улсын шатахууны сарын хэрэглээ 34 мянган тонн. Гэхдээ барилга, уул уурхай, тариалалтын ажил ид өрнөх цагаар шатахууны хэрэглээ нэлээд өсдөг. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газраас шаардлагатай тохиолдолд хэрэглэх шатахууны нөөцийг бүрдүүлэх үүднээс “Эрсдэлийн сан”-гаас таван тэрбум төгрөгийг гаргахаар болсон юм.
Ж.Эрхэс
Ардын эрх сонин
URL: