10 жил гацсан “Тавантолгой ДЦС”-ын төсөл Б.Чойжилсүрэн дээр ирээд тендерийн маргаантайгаа замхрав
Засгийн газрын 2013 оны 71-р тогтоолоор 300 МВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станц төслийг ярьснаас хойш 12 жил өнгөрсөн байна.
Засгийн газар “Тавантолгойн цахилгаан станц” ХХК болон “MSC Power” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан боловч Оюу толгой, Тавантолгой цахилгаан станц компаниуд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнийг харилцан тохиролцож чадаагүйн улмаас төсөл удааширсан гэцгээдэг.
Монголын талаас гаргах 15 хувийн санхүүжилтийг “Оюу толгой”-н ирээдүйн орлогоос төлөх нөхцөлтэй
“Эрдэнэс Тавантолгой” ХК 30 хувь, Засгийн газрын баталгаа, гүйцэтгэл 70 хувь, I үе шатад 597 сая ам.доллар, II үе шатад 250.4 сая ам.доллар буюу нийт 847.5 сая ам.долларын санхүүжилттэй 2024-2027 он хүртэл хэрэгжиж, Эрчим хүчний яам болон Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК хариуцсан ийм төсөл уг нь.
Оюу толгой компанитай эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээ байгуулах асуудлыг Х.Нямбаатарын үед шийвэрлэж, үнийг нь тогтоон гэрээ байгуулж байсан бөгөөд уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтын банкуудад цахилгаан станц өлхөн барьчих мөнгө босгочихоор хэмээн ярьж байлаа. Уул шугамдаа бол “Рио Тинто” манай Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээндээ эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангана гээд цагаан дээр хараар биччихсэн атал энэ үүргээ биелүүлэлгүй, импортын эрчим хүч хэрэглэж явсаар ийн Тавантолгой цахилгаан станцын төсөлд оролцчих юм бол энэ үүргийг заавал биелүүлэхгүй гэдэг заалт бий тул оролцсон ч шиг, оролцоогүй ч шиг “судлаж байна” гэх тодорхойлолттой явсаар байсан.
Үүний өмнөхөн Тавантолгой цахилгаан станц төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байна GDF болон Posco Франц, Солонгосын хамтарсан консерциум уг төслөөс гарахаа албан ёсоор мэдэгдсэн юм. 2020 оны 10-р сард “Тавантолгой Дулааны Цахилгаан Станц” ТӨК байгуулж, 450 мВт хүчин чадалтай ДЦС, Тавантолгой болон Оюу толгой дэд станц руу чиглэсэн хоёр хэлхээ 220 кВт цахилгаан дамжуулах агаарын шугам, ус хангамжийн байгууламжийг барих юм болов.
2018 онд өмнөд бүсийн эрчим хүчний салбарт “Оюу толгой”-той хамтарч ажиллах гэрээг цуцласан бөгөөд ийн “Оюу толгой” дээрх эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах шаардлага үүссэн.
Харин 2022 онд “Оюу толгой” эрчим хүчээ дотоодоос хангах, цахилгаан худалдах, худалдан авах гэрээг Эрчим хүчний яамтай хийсэн бөгөөд Тавантолгой дулааны станц болон эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн актийг 20 жилийн хугацаатай байгуулсан юм. Барих шилжүүлэх нөхцөлтэй уг төслийн Монголын талаас гаргах 15 хувийг Оюу толгойн ирээдүйн орлогоос төлөхөөр болов. Уг нь дарааллаар гэрээг байгуулахаас өмнө тендер нь зарлагдах ёстой байсан ч хойшилсон.
Эрчим хүчний яам тендерт шалгарсан компанийн мэдээллийг нарийн нягтлаагүй асуудал үүсэв
Ингээд олон улсын нээлттэй тендер зарлав. 2021 оны 10-р сар, 2022 оны 5-р сард тендерийг зарлаж байсан бөгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэй байв. Эрчим хүчний яамнаас зарласан тендерт Монгол, Камбож, Хятадын нийт 4 компани шалгарсан. Хятадын энэ салбартаа туршлагатай China Western Power Industrial, Beijing Beizhong Steam Turbine Generator компани болон дотоодоос Моннис Интернэйшнл компанийн охин компани Майнс ап, Камбож улсын Mitime компани төслийг бие дааж хэрэгжүүлэх саналтайгаар оролцсон байна. Ингээд боломжит бага дүнгээр буюу 598 сая ам.долларын санал ирүүлсэн учир Засгаар хэлэлцүүлж, дэмжигдсэн.
Тендерт шалгарсан уг компани нь хэдийгээр Камбож улсад бүртгэлтэй боловч хятад эзэнтэй бөгөөд тендерийн шалгаруулахын өмнөхөн Монголд үйл ажиллагаагаа явуулахаар бүртгүүлчихсэн байсан нь хэвлэлүүдэд бичигдэжж байв. Хэд хэдэн улсад цахилгаан станц барьсан туршлагатай уг компанийн голлох төслүүд Хятадад хэрэгжиж байсан бөгөөд манай тендерт ялбал туслан гүйцэтгэгчээрээ Хятадын найман компанийг ажиллуулахаа илэрхийлсний дотор “Чайна энержи инженеринг группийн Хэйлонжиан энержи инженеринг компани ч байв.
Гэтэл тендерт шалгарсан Mitime компанитай холбоотой гомдлыг уг тендерт өрсөлдсөн дотоодын болон Хятадын компаниас гаргаж, Metime компанийн тендерт өрсөлдөхдөө нэрлэсэн төслүүд нь худлаа гэдэг асуудал хөндөгдсөн юм. Бүхэл бүтэн яам, Засгийн газраар тендерт шалгарсан компанийг нь хэлэлцэхдээ хөрөнгийн баталгаа, хэрэгжүүлсэн төслүүдийнх нь талаарх нарийн мэдээллүүдийг нягтлаагүй байсан болж таарав.
Эрчим хүчний яам Mitime-аас хангалттай материал, нотолгоотой баримт бичгүүд бүрдүүлж өгөөгүй байхад шалгаруулсан үндэслэлээ хэрхэн тайлбарлаж Засаг дээр барьж орж ирсэн нь сонирхолтой. Ингээд энэ асуудлаас үүдэж Сангийн яам дахин үнэлгээ хийхээр болж, үнэлгээ дуустал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй нөхцөл байдал үүссээр өнөөдрийг хүрэв.
Б.Чойжилсүрэн өөрөө энэ будлиантай асуудлаа чуулган дээр хэлээд сууж байсан бөгөөд тендерт оролцогч дээрх компанийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, асуудал шүүх рүү шилжсэнээс хойш ийн сураг алдарсан.
Өнөөдөр Тавантолгой дулааны цахилгаан станц нэртэй нэг цаасан дээрх компани Сакура тауэрийн 9 давхарт 15 хүн цалинжуулаад, юу юугүй 2024 онд ашиглалтад орох байсан төслийнхөө цаасыг ширтээд албан ёсны цахим хуудастаа сайдынхаа мэдээг шэйрлээд л сууж байна.
Т.БАТСҮРЭН
https://eguur.mn/580489/
URL: http://www.fact.mn/483204.html