Цэргийн нууцыг хэлэлцдэг чатад сэтгүүлчийг санамсаргүйгээр оруулжээ

174287337667e203e6cbbafВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 25 /DW/. Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд АНУ-ын цэргийн төлөвлөгөөг хэлэлцдэг групп чатанд нэгэн сэтгүүлчийг санамсаргүйгээр нэмж оруулсан болохыг Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ.

Йеменд удахгүй агаарын цохилт өгөх талаар хэлэлцэж байсан “Signal” мессенжер аппликейшн дээрх групп чатад дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет зэрэг Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан байжээ.

“The Atlantic” сэтгүүлийн редактор Жеффри Голдберг даваа гарагт хэвлүүлсэн нийтлэлдээ “эхэндээ болж буй зүйлийг бодит биш хэмээн бодсон” гэж бичсэн байна. “Удахгүй болох байлдааны ажиллагааны төлөвлөгөөний талаар “Signal” дээр хэлэлцэнэ гэдэгт би итгэж чадахгүй байсан тул уг групп чатыг жинхэнэ гэдэгт маш их эргэлзсэн” гэж тэрбээр бичжээ. Ж.Голдберг Йемен дэх хуситуудад агаараас цохилт өгөх төлөвлөгөөний талаар ярилцаж байсан группт нэвтэрсэн байна. АНУ гуравдугаар сарын 15-нд Йемен дэх босогчдын түшиц газруудыг онилон цохилт өгсөн юм. Уг үйл явдлын талаар Ж.Голдберг групп чатаар дамжуулан хэдэн цагийн өмнө урьдчилан мэдсэн боловч чатыг хуурамч гэж бодсоор байжээ. Харин Йеменд цохилт өгсөн тухай хэвлэлүүд мэдээлэхэд энэ нь жинхэнэ байсныг ойлгосон байна.

Даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз “Франс Пресс” агентлагт мэдээлэхдээ, олон нийтэд цацагдсан мессеж нь жинхэнэ юм шиг байна, бид түүний дугаарыг группт хэрхэн нэмж оруулсныг шалгаж байна гэв.

Өндөр албан тушаалтнууд цэргийн төлөвлөгөөний талаар хэлэлцэхдээ “Signal” мессенжерийг ашигласан талаар Д.Трампаас асуухад “би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хариулжээ. Дараа нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц тэргүүтэй үндэсний аюулгүй байдлын багийнханд өндөр итгэл хүлээлгэсэн хэвээр байна гэжээ.

Харин Конгресс дахь Ардчилсан намынхан энэ асуудал дээр арга хэмжээ авахыг шаардаж байна. “Конгресс яг юу болсныг шалгаж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм төрлийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис мэдэгджээ.

“Хэрэв Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд энэ хэрэг явдал хэрхэн болсон талаар нэн даруй сонсгол хийхгүй бол би өөрөө үүнийг хийх болно” гэж Зэвсэгт хүчний хорооны гишүүн, Ардчилсан намын гишүүн Пэт Райан олон нийтийн сүлжээнд бичжээ. Сенатч Элизабет Уоррен уг явдлыг “хуулийг илт зөрчсөн бөгөөд аюултай үйлдэл” хэмээн тодорхойлсон байна.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: