“Вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр өвдөж байгаагүй хүмүүс өндөр эрсдэлтэй”
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.21/ амьсгалын замын халдварт өвчний талаар ээлжит мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.СУВДМАА:
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 66 тохиолдол батлагдаад байна. Эдгээрээс зөөвөрлөгдсөн таван тохиолдол,и бусад нь дотоодын халдвар байна. Нийт тохиолдлоос 23 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Нууц үеийн хугацаа нь дуусаад бүрэн хяналтаас гарсан таван тохиолдлын хавьтлууд байгаа. Анхны зөөвөрлөгдөж, батлагдсан тохиолдлоос хойш авч үзвэл гуравдугаар сарын 14-нөөс хойш тархалт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Учир нь өвчлөлийн нууц үеийн хугацаа 14-21 хоног байдаг. Цагаан сарын өдрүүдийг тооцож үзвэл нууц үеийн хугацаа дууссаны дараа өвчлөлийн тархалт нэмэгдсэн байгаа юм.
Улаанбаатарт дийлэнх тохиолдол бүртгэгдсэн. Булган аймгаас хоёр сэжигтэй тохиолдлын сорьц ирснээс нэг нь батлагдсан. Мөн Дундговь, Өмнөговь аймагт өвчлөл батлагдсан үзүүлэлттэй байна. Батлагдсан тохиолдолтой хавьтал болсон, улаанбурханаар огт өвчлөөгүй, вакцин огт хийлгээгүй хүмүүс бүгд өвчлөх эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
URL: http://www.fact.mn/483014.html